УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Б.Гарамгайбаатар, Хөгжлийн банкны зээлийн асуудлаар тайлбар, мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ Б.Гарамгайбаатар: "Та бүхэнд товчхон хэдэн мэдээлэл өгье. Сүүлийн үед Хөгжлийн банктай холбоотой асуудал юунаас болж гарч ирсэн гэдгийг иргэд мэдэх ёстой. Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор энэ асуудал гарч ирсэн. Тэтгэвэр нэмэх асуудал УИХ-д гэнэт орж ирсэн нь Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр гэж үзэж байгаа. Засгийн газраас Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх хуулийг өргөн бариагүй байхад УИХ ээлжит бус чуулган зарласан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл байсан. Засгийн газар тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ эх үүсвэрийг нь хаанаас олох вэ? гэдэг асуудлыг хөндөж эхэлсэн. Энэ эх үүсвэрийг хөндөхдөө Хөгжлийн банкны асуудлыг улстөр рүү оруулж ирж байгаа юм байна гэж ойлгогдсон.

 

Хөгжлийн банкны асуудлыг улстөржүүлэх нь, хурцаар олон түмний дунд гаргаж ирэх нь хэнд ашигтай юм бэ? 26 аж ахуйн нэгжийг нэр зааж зарлалаа. Эдгээр аж ахуйн нэгж дотор 2012-2016 оны үед Н.Алтанхуягийн Засгийн газрын үед олгосон нэг зээл байна лээ. Бусад бүх зээлүүд нь 2017 оноос хойш байсан.

 

АН-ын нэр бүхий, АН-аас Хөгжлийн банк болоод бусад улстөрийн нөлөө орсон гэж яригдаж байгаа асуудлууд дээр АН ажлын хэсэг байгуулж, анхааралтай ажиглаж байгаа. Ажлын хэсгийн зорилго нь нэр холбогдоод байгаа асуудал нь үнэхээр нотлогдож байгаа бол хариуцлагаа хүлээх ёстой. Хэрэв улстөрийн өнцгөөр, АН-ын нэр бүхий хүмүүсийг татан оролцуулж, ард олны сэтгэл санааг үймүүлж, улстөрийн зорилгоор ашиглаж байгаа бол тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө, тэдэнд хуульзүйн туслалцаа үзүүлэхийн төлөө АН ажиллана. АН-ын гишүүдтэй холбоотой эх сурвалж, мэдээлэл байгаа бол ажлын хэсэгт авчирч өгч, хамтарч ажиллаасай гэж хүсч байна.

 

Хөгжлийн банк бол арилжааны банк биш. Гадна, дотны эх үүсвэрээс өөрийн дүрмийн санг бүрдүүлдэг. Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр яваад байгаа асуудлыг ажиглахад улстөртэй хольж, зээл, төсөл болон Засгийн газрын захиалгааар хийсэн санхүүжилттэй ажлуудыг бүгдийг нь хольж хутгаад, ганцхан зээл гэдэг утгаар цацаад эхэлсэн. Энэ нь Монгол улс хар, саарал жагсаалтанд орох эрсдлийг бий болгочихлоо. МАН-ын эдийн засаг, санхүүгийн чиглэлийн зарим хүмүүс ч үүнийг анхааруулж ярьсан байна лээ. Зарлагдсан 26 төслийг харсан.

 

АН засаг барьж байх үе буюу 2012-2016 оны үед Хөгжлийн банкны санхүүжилтээр асар их мөнгө гаргаад, энэ нь эргэн төлөгдөөгүй, өнөөдрийг хүрсэн байна гэсэн улстөр явж байна. Гэтэл тэр зарлагдсан зээлдэгч нар дунд АН-ын төлөөлөл байхгүй байна.

 

Ганцхан Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын авсан төсөл байна. 2013 оны үед олгосон харагдаж байсан. Бусад нь 2017 оноос хойш олгогдсон зээлүүд. Тэр үед олгогдож байсан зээлүүд яагаад байхгүй байна вэ? гэхээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж, графикийн дагуу, ном журмаараа байгаа гэж харагдаж байна. Үүнийг ялгаж, салгаж ойлгоосой. АН энэ асуудал дээр маш анхааралтай ажиглаж, дэм тус байвал оролцоход бэлэн байгаа гэдгийг хэлье." гэв.