Монголын залуучуудын холбооноос "Монголоо өөрчлөх 40 залуу"-г тодруулах гэж буйгаа дуулгасан. Тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат "Өнөөдөр Монголд мөнгө олж буй хүнийг нийгмийн үнэтэй хэсэг гэж харахгүй байна. Төрд тухалсан дарга нарыг л №1 гэж хараад байна. Ингэж болохгүй. Нийгэмд баялаг бүтээж байгаа хүмүүсийг бид дээдлэх ёстой. Монголын интерпренерүүдийг Монголын бахархал болгоё гэж ийм жагсаалт гаргах гэсэн юм. Монголын нөхцөлийг харгалзаж үзээд 40 нас дотрох шилдэг залуусыг шалгаруулахаар болсон. Залуус бидэнд мөнгө төлж, би нэгдүгээрт жагсана гэж байр эзлэх юм биш, гаргасан амжилт, нийгэмд бий болгосон баялаг, олсон босгосон хөрөнгөөрөө жагсах юм. Нэр дэвших анкет дээр хэд хэдэн ерөнхий асуултууд байгаа. Тэр асуултууд дээр хамгийн гол нь амжилт гэсэн зүйл байж байгаа. Залуус гаргасан амжилтаа нотлох зүйлээ дэлгэрэнгүй бичихээс гадна, хавсаргаж ирүүлж болно. 40 болон түүнээс доош насны амжилттай явж байгаа залуучууд бүгд нэр дэвших боломжтой. Тэдгээр залуусыг хэн ч нэр дэвшүүлж болно гэсэн үг. Жишээ нь компани амжилттай явж байгаа залуучуудаа нэр дэвшүүлж оруулж ирнэ. Бид 40 гаруй төрлийн салбарыг ангилж гаргасан. Нэр дэвшүүлэх апплейкшн гаргасан бөгөөд түүнийг бөглөөд 5-р сарын 20-ны дотор манай зохион байгуулах хороонд материалаа ирүүлэх юм" гэсэн юм.

Тэгвэл Монголоо өөрчлөх залуучууд аль хэдийнээ нэрээ дэвшүүлээд эхэлжээ. Урлагийн салбартаа амжилттай яваа залуус болох Төрийн соёрхолт Д.Болд, кино найруулагч Д.Ангараг нар энэ төрөлд нэр дэвшжээ.

Д.Ана