Хоёрдугаар сарын 14-нөөс сургууль, цэцэрлэгийн хичээлийг 100 хувь танхимаар эхлүүлэхээр боллоо
2022/02/09
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээлэл хийж байна.
Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 14-нөөс ЕБС, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр болжээ.
Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Олимпын наадам бол хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг учир аливаа хэлбэрээр улстөржүүлж болохгүй учир Бээжингийн олимпын наадамд оролцохоо мэдэгдсэн дэлхийн удирдагчдын нэг болсон. Богино хугацаанд үргэлжилсэн айлчлал болсон хэдий ч маш шахуу програмтай, үр дүнтэй, өгөөж ихтэй айлчлал болсон гэдгийг хоёр тал аль аль нь цохон тэмдэглэсэн" гэлээ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Си Жинпин болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах, хоёр улсын хооронд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримтуудыг уялдуулах зэргээр өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж харилцан ойлголцолд хүрсэн гэлээ.
Тухайлбал хилийн боомтуудыг бэхжүүлэх, зэсийн баяжмал нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бараа, бүтээгдэхүүнээ хэвийн горимд шилжүүлэх, цаашид нэмэгдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийг дэмжих, мод тарих, экологийн чиглэлд цөлжилттэй тэмцэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, эдийн засгийн гурвалсан коридорын асуудлыг хэлэлцэх, Хятадад сурч буй оюутнуудын асуудлыг шат дараатай шийдвэрлэх, дараагийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах, мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлуудаар тохиролцоонд хүрсэн гэдгийг Гадаад харилцааны сайд хэллээ.
Сангийн сайд Б.Жавхлан - Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын багт багтан ажиллаад ирлээ. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороотой хийсэн уулзалтын талаар та бүхэнд мэдээлэл өгье. Хоёр улсын Ерөнхий сайд эдийн засгийн өндөр ач холбогдолтой таван төслөө дэлгэрэнгүй ярилцав. Уулзалт хоёр цаг үргэлжилсэн. Эдгээрийн нэг нь Гашуун Сухайт-Ганц мод, Бичигт, Шивээхүрэн боомтуудыг өргөжүүлэх төсөл. Энэ төслийн нийт санхүүжилт 250 ая ам.доллар байна.
Эдгээрт ачиж буулгах терминалыг хилийн аль талд барих, ТЭЗҮ зэргийг хэлэлцэв. Энэ сарын 15-нд дараагийн уулзалтаа хийнэ. Ерөнхий сайд боомтын шинэчлэлийг энэ онд багтаан хийх үүрэг өгсөн. Энэ төсөл хоёр талын аль алинийх нь эдийн засагт шууд нөлөөтэй.
Ханги боомт одоогоор төлөвлөгөөнд багтаагүй байна. Манай улстай хиллэдэг, БНХАУ-ын боомтууд авто зам, төмөр зам, цахилгаантай бүрэн холбогдсон. Харин манай улс дэд бүтцийн ажлуудаа өнөөг хүртэл хийгээгүй байгаад БНХАУ шүүмжлэлтэй хандсан.
“Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хоёр улсыг холбох авто зам болон төмөр замтай, хос замын талаар ярилцав. БНХАУ энэ төслийг нааштай хүлээн авсан. Бид өөрсдийн хийсэн ТЭЗҮ-г хүлээлгэн өглөө.
Гурав дахь нь нийслэлд баганат тээврийн хэрэгсэл байгуулах төсөл. Үүнээс гадна нийслэлийн захад 71 км ур, хурдны зам тавих төслөө танилцуулав. БНХАУ эдгээр төсөлд оролцох сонирхлоо илэрхийлэв. Зам барих ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Өвлийн олимп үргэлжилж буй өдрүүдэд нүүрсний экспорт өсөхгүй. Одоо өдөрт 100-150 машиныг урд хилээр нэвтрүүлж байна. БНХАУ-ын талаас жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ улам сайн баримтлахыг биднээс хүссэн гэв.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим мэдээлэл сонсож, Ерөнхий сайд чиглэл өгсөн. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар Хөгжлийн банк нийт санхүүжүүлэх дүнгийн дор хаяж 60 хувь нь Монгол Улсын экспортыг дэмжсэн зээлийг олгох ёстой. Улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцтай бөгөөд үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд багтаж буй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.
Хөгжлийн банкны төлөөлөл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга өгөхдөө шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаж, асуудлыг шийдвэрлэхдээ маш их хугацаа алдаж байгаа талаар хэлсэн. Тухайлбал хамгийн ихдээ 69 сар шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа аж. Мөн чанаргүй зээлтэй холбоотойгоор шат дараатай авсан арга хэмжээнүүд үр дүнд хүрч байна. Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн гэх мэдээллийг өгсөн" гэлээ.
Мөн асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа бөгөөд үүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ Хөгжлийн банкнаас илэрхийлсэн байна.
Хөгжлийн банк Монгол Улсын хөгжилд шаардлагатай экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн институц. Иймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид дэмжинэ. Харин чанаргүй зээлдэгчидтэй хариуцлага тооцно. Мөн зээлийн эргэн төлөлтийн асуудалд анхаарал хандуулна. Хөгжлийн банкнаас зээл авсан, хариуцлагагүй байгаа, албан тушаал эрх мэдлээ ашиглан зээл авсан, эсвэл авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан зээлдэгч нарт хариуцлага тооцох асуудлыг Засгийн газраас холбогдох хуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан хуулийн байгууллагад бүхий л дэмжлэг үзүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн гэлээ.