Г.Уранчимэг: Монгол хүний дайнд хүртэл ажилладаг хүнтэй одоо болтол таараагүй л байна...
2022/02/17
Одоогоос хорь гаруй жилийн өмнө, 1999 оны 2-р сард Ц. Балдорж эрхлэгчтэй “Өнөөдөр” сонины амралтын дугаарт намайг ажиллаж байх үед Г. Уранчимэг гээд, ажлын бидэндээ уриалган ханддаг, хамт олонтойгоо нийтэч, цэвэрхэн цагаан бүсгүй ажилладаг байлаа.
Дараа нь би багшилж байх үедээ Урнаа маань Англи улсад ажиллаж, амьдарч байгааг сонины хамт олноосоо сонссон юм. Тэгээд “тэр сайхан улсад яаж очдог бол, тэндээ ахуй амьдрал нь ямархуу яваа бол, нутаг орноо санаж, ганцаарддаг болов уу” гэх мэтээр би хааяа боддог байлаа. Сүүлд азаар Урнаагийн мейл хаягийг олж, овоо олон жил мейл солилцож, холбоо тасраагүй явна. Одоо Фейсбүкээр холбоо барихад бүр амар болсон учир, алс Европ тивд хориод жил ажиллаж, амьдарч, миний үзэж хараагүй олон зүйлийг үзсэн Урнаагийнхаа яриаг сонирхмоор санагдаад, нэлээн олон асуулт тавьж “шалгаасан” юм. Харин Урнаа маань миний олон асуулт, чат, постыг маань төвөгшөөлгүй, ний нуугүй ярьсан учир уншигч танд сонирхуулахаар бэлдлээ.
-Английн визэнд орох бодол анх яаж төрсөн бол? Одоо чи Лондонд очоод хориод жил болж байна. “Яагаад ингэж удаж байна? Наана чинь чамайг юу бариад байна?” гэж хүртэл асуумаар санагдаж байна. Гэхдээ миний энэ асуулт цаанаа бол “Урнаа бол Монгол хүн, Монголдоо л амьдрах ёстой” гэж байгаа юм шиг, явцуу асуулт болж байгааг ухаарч байна л даа. Ер нь бол Монголдоо амьдрахсан гэж хааяа боддог уу? “Нутагтаа очмоор байсан ч УБ маань утаа, тоостой, амьдрал тарчиг, хүнс баталгаагүй” гэж санагддаг уу?
- Монголдоо ирэхгүй удаж байгаа шалтгаан гэдэг чинь зөв асуулт шүү. Яагаад гэвэл би бараг 40 нас дөхсөн хойноо Лондонд ирсэн. Одоо би тавь нэлээн гарчихлаа. Гэтэл Монголд одоо хүмүүсийг ажилд авахдаа насаар нь их ялгаварлаж байна гэж сонссон. Тэгээд би одоо очлоо гэхэд намайг хаана ажилд авах вэ, тийм ээ? Би бол тэгэхээр тэтгэврээ л хүлээх нөхцөл үүсэх байх. Гэхдээ би Монголдоо нийгмийн даатгалаа сайн дураараа төлж байгаа. Ямар ч байсан эх орондоо очилгүй яах вэ. Очиж л таарна. Нутаг шиг сайхан юм хаа байх вэ. “Хамгийн сайхан зам бол гэртээ харих зам” гэдгийг дандаа бодож яваа.
Энд удаж байгаа бас нэг шалтгаан бол би охиноо Лондонд авчирсан болохоор сургууль, соёлтой болгох гэж хичээсэн. Тэгж байтал охин маань арван жилийнхээ нэг ангийн, үерхэж байсан найз хөвгүүнээ бас Лондонд авчирсан. Тэгээд энэ хоёр маань гэрлээд, хүүхдүүдтэй боллоо. Одоо би гурван хүүхдийн эмээ болчихоод байна. Хүүхдүүдийнхээ ажил төрөл, сургууль соёлд тус нэмэр болохыг хичээж байна. Тэгж байгаад Монгол руугаа явах гэхээр ямар нэг шалтгаан гарч ирээд л байх юм аа. Нөгөө “муу хүнд шалтаг мундахгүй” гэдэг шиг л удаж байна даа.
Энд саатаад байгаа өөр бас нэг шалтгааныг чи ойлгох байх. Яагаад гэвэл бидний одоо хийж байгаа ажлын хөлс энд хамаагүй өндөр. Монголд авах цалингаас хавьгүй өндөр л дөө. Би энд ирээд хоёр жил ажилласны дараа л өөртөө байр авч чадсан. Тэгэхээр эндхийн цалин ямар байгаа нь ойлгогдох байх. Энд байрны үнэ өндөр ч гэсэн хүмүүс хэдэн ч ажил хийж болдог.
Лондонд ажиллаж байгаад Монгол руугаа буцсан, 40 орчим настай, сайхан залуу, бүсгүйчүүд надтай холбоотой байдаг. Гэтэл тэд нар маань “Монголдоо ирсэн ч ажил олдохгүй, хэцүү байна” гээд сэтгэл гонсгор, надад бичиж байна.
Ажлын зарлалууд голдуу “35-с доош настай байх” гэж заадаг нь үнэхээр буруу шүү! Энэ бол миний хувьд Монгол руугаа буцахгүй байгаа бас нэг шалтгаан юм даа. Уг нь дөчөөс дээш насныхан бол харин ч ажил хийж, хүний үг дааж сурсан, хүүхдүүд нь голдуу том болж, амьдрал нь цэгцэрсэн тул ажил цалгардуулна гэж байхгүйг ажил олгогч нар тунгаамаар байгаа юм.
-Тийм ээ, энэ бэрхшээл ч ёстой олон хүнийг төвөгтэй байдалд оруулж байгаа. Өөрт тохиолдсон ганц жишээг иш татмаар байна. Би хорь гаруй жил багшилж, овоо туршлага сууж, бас магистр хамгаалсан ч гэсэн Монголдоо Боловсролын их сургуульд багшаар ажиллах хүсэл минь өчүүхэн шалтгаанаар нурсан. Яагаад гэвэл ажлын шалгууртаа “35-с доош настай байх” гээд заачихсан байсан.
Манай зарим телевиз “эфирийн зөв төрхтэй хүн ажилд авна” гэж царай зүсээр нь ялгаварлаж, зарим зоогийн газрууд “өндөр, царайлаг эмэгтэйг зөөгчөөр авна” гэж бүр улаан цайм ялгаварлаж ирсэн ш дээ. Гэтэл ард түмэндээ боловсрол олгох багш нарыг бэлтгэж байгаа Боловсролын их сургууль маань хүртэл ашгийн компаниудыг дуурайж байна уу гэлтэй, бүр “35-с доош настай байх” гэж сайтдаа ялгаварлаж шаардсан байсан шүү. Одоо тэр шаардлагаа арилгасан уу би мэдэхгүй байна. Арилгасан байсан ч, нас заахгүй гэж байсан ч, хүнийг насаар нь голж шилэх явдал арилахгүй л шинжтэй. Товчдоо бол “35-с дээш настай хүн багш хийх эрхгүй” гэх нь ээ. Гэтэл би хорь, гучтай залуу байсан үеэ бодвол одоо сурагч, оюутан нартайгаа илүү хүнлэг, дулаан харьцдаг болж, тэд нарынхаа зовлон бэрхшээлийг илүү сайн ухаардаг болсноо өөрөө анзаардаг. За жаахан хадуурах нь, дээр асуусан визний тухай яриандаа орох уу?
Визэнд орох санааг анх сэтгүүлч, зохиолч Б. Тогтохбаяр найз маань надад өгсөн юм. Дүү нар нь Англид амьдардаг тухай Тогтохбаяр надад ярьж байсан. Тэр үед бас манай ангийн нэг охин Англид амьдардаг байлаа. Тэр найз маань ч бас Англид очих санааг надад өгсөн л дөө.
-Англи, Америкийн виз авах амаргүй, олон бичиг баримт бүрдүүлдэг, бас санхүүгийн баталгаа энэ тэрээ нотлох ёстой гэдэг. Яаж зохицуулсан бол? Ямар зардал гарсан бол?
-Тэгээд Тогтохбаяр маань Англи руу дүү нартайгаа холбоо бариад, “Mayfair” гэдэг сургуультай холбогдож, тэр сургуулиас урилга аваад Англид очиж болох юм байна гэж зөвлөлөө. Би тэгэхээр нь Англид байгаа ангийнхаа хүүхэдтэй холбоо барьж, тэр сургуулийн талаар асуусан юм. Гэсэн ч тэр сургуулийн төлбөр нэлээн өндөр үнэтэй байгааг арван жилийн найз маань хэлсэн л дээ. Тэгээд найз маань “чи жуулчнаар хүрээд ир, хүмүүс тэгж ирээд харлачихдаг юм” гэж зөвлөсөн. Гэхдээ би харлах сонирхолгүй байсан л даа. Тэгээд Монголдоо нэлээн хэсэг ажлаа хийж явж байгаад, Англи руу зуучилдаг “Монрико” гэдэг компанийг оллоо. Гэсэн ч тэдний төлбөр бас л нэлээн үнэтэй байсан. Тэр үед би сониныхоо ажлаар нэг хүнтэй ярилцлага хийж таарсан юм. Надтай ярилцсан тэр эмэгтэйн ах нь их сургуулийн Бат-Ирээдүй багш байсан юм билээ.
Тэр Бат-ирээдүй багш маань “Stanton” гэдэг сургуультай холбоо барьж надад туслаад, бас миний аппликешнийг англиар бөглөж өгч тусалсан юм. Англи хэлний, гурван сарын сургалтын төлбөрт 400 доллар төлсөн. Тэгээд илүү дутуу хахууль энэ тэр бусад хүмүүст төлөх шаардлага гараагүй.
Намайг виз авахад бас “Монгол газар”, “Цагаан шонхор” компани тусалсан. Тэр үед би энэ хоёр компанийн ивээн тэтгэдэг, Монголын дизайнеруудын Холбооны “Ардын элч” гэдэг сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан юм. Тэгээд энэ хоёр компани “Санхүүгийн зардлыг бид хариуцаж байгаа” гэсэн бичиг хийж өгсөн. Бас Чөлөөт сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Дашдондов гуай маш сайхан тодорхойлолт хийж өгч байлаа.
Харин визны ярилцлагад намайг орж байхад Английн консул эмэгтэйн яриаг орчуулж байсан монгол орчуулагч “Та ийш тийшээ, гадагшаа ер нь явж үзсэн үү?” гэж асууж байсан. Би явж байгаагүй болохоор “яваагүй” гэдгээ л хэллээ. Гэтэл тэр орчуулагч нэг сонин, доогтой ч юм уу гэмээр “Алтан Москвад очиж үзээгүй юу?” гэж надаас асууж байсан. Би “Надад тийм шаардлага гарч байгаагүй” гэж хариулсан. Дотроо бол “шаардлага гараагүй байхад би яагаад заавал Москва руу явах ёстой билээ?” гэж бодож байлаа. Тэгээд консул эмэгтэйн яриаг өнөө орчуулагч цааш нь орчуулж байхдаа “Та буцаж ирэх онгоцны билетээ авсан уу, хэзээ ирэх төлөвлөгөөтэй байна?” гэж асуусан. Би тэр үед чинь Англид очих визээ ч аваагүй байсан болохоор юун буцахаа бодох билээ. Тэр үед би англи хэл сайн мэдэхгүй байсан болохоор зөв ойлгосон эсэхдээ жаахан эргэлздэг. Гэхдээ л надад “Буцаж ирэх өдрөө хэлэхгүй бол таны визийг татгалзахад бэлэн байгаа” гэж хэлж байсан. Одоо бодоход тэд нар хүний эрхийг зөрчиж л байсан гэж санагддаг.
Тэгж миний виз гарч байлаа. Зургаан сарын виз өгдөг юм байна лээ. Ирээд сургуульдаа ороод, визийнхээ хугацааг сунгуулж явсаар байгаад, байнгын оршин суух зөвшөөрөлтэй болсон доо.
-Визээ аваад, хэд хоногийн дараа аль хотоос аль хот руу нисэж байв?
-2002 онд “Аэрофлот”-ын онгоцоор Улаанбаатараас Москва, Москвагаас Лондон хүртэл ниссэн. Нийтдээ арван хэдэн цаг ниссэн байх. Улаанбаатар хотоосоо явах гээд, амьдралдаа анх удаа онгоцонд сууж байлаа. Тэгэхэд онгоц их сайхан санагдаж байсан. Гэсэн ч Москвад очоод “Аэробус” гэдэг бүр гоё онгоцонд суулаа. Тэр сайхан онгоц бол бүр ч илүү байсан шүү. Тэр үед, 2002 онд Москвагаас УБ руу орон нутгийн онгоцоо нисгэдэг байсан юм билээ. Харин Барууны орнууд руу Оросууд гоё онгоцоо нисгэдэг байж л дээ. Тэгээд л байгалийн цагийг “ухрааж” явсаар байгаад, анх 6 сарын 22-нд гэрээсээ гарсан мөртлөө яг л тэр өдөртөө, 6 сарын 22-нд Лондонд буусан даа.
-Лондонд ямар нөхцөл байдал угтаж байсан бол? Амьдрах байрны үнэ, сурах орчин гэх мэт.
Лондонгийн цаг агаар их дулаан санагдаж байсан. Онгоцноос буухад жаахан сонин, гадаа гарсан юм шиг санагдахгүй. Бүлээн ууран дунд байгаа юм шиг. Монголчууд бид чинь их сайхан цэвэр агаартай ш дээ. Тэгээд Лондонд агаар дутагдаж байх шиг, чөлөөтэй амьсгалж чадахгүй байгаа юм шиг санагдаж байлаа.
Онгоцны буудлаас ангийнхаа хүүхдийнд ирсэн. Ангийн маань охин урьд нь Монголд ирэхдээ “бид нарын амьдарч байгаа гурван өрөө байр гэдэг чинь гурван өрөө биш, хоёр өрөө байр байхгүй юу” гээд их сайхан юм ярьж байсан л даа. “Унтлагын өрөөг л өрөө гэж тооцдог, том өрөөг өрөөнд тооцдоггүй” гэж ярьж байсан болохоор би мэдээж их л сайхнаар төсөөлж ирсэн. Тэгтэл Лондонд ирээд найзындаа очсон чинь амьдардаг байрных нь коридор аягүй жижигхэн, бүр хоёр алхам ч хүрэхгүй жижигхэн коридортой байсан. Тэгээд л шууд том өрөө рүүгээ орчихдог. Том өрөө рүү нь орсон чинь хүмүүс жижигхэн ширээ тойроод, шалан дээр суусан байхыг хараад би ёстой гайхсан шүү. Тэгээд нэг жижигхээн унтлагын өрөөтэй. Ганц хүний ортой, ганц ширээтэй. Юу вэ, манай УБ-аас ёстой өдөр шөнө шиг өөр санагдаж билээ. Монголд тийм жижигхэн байр үзээгүй байсан болохоор. Тэгж нэг шоконд орж байлаа. Тэгээд тэр байранд бид нар чинь олуулаа амьдардаг, долоо хоногт 50, сард 200 паунд төлдөг байсан. Гэхдээ, Англид мэдээж байр болгон нь тийм жижиг байгаагүй л дээ. Боломжийн хямд байрыг л тухайн үедээ манайхан хөлсөлж байсан юм билээ. Иймэрхүү байрны эзэд нь голдуу Энэтхэг, Пакистан хүмүүс байдаг. Одоо ч гэсэн.
-Ажиллахыг зөвшөөрдөг байв уу? Ажлын хөлс нь ямар байдаг бол?
-Буудлын цэвэрлэгчээс анх ажлын гараагаа эхэлсээн найз нь. Англи хэл сайн мэдэхгүй юм чинь. Ирэнгүүтээ 3 одтой жижгэвтэр буудалд ажиллаж байсан. Амьдралдаа анх удаа паунд гэдэг юмыг гар дээрээ барьж үзлээ. Анхны цалин маань таван зуун хэдэн паунд байсан. Маш их мөнгө шиг санагдаж, их л баярлаж байсан. Эх орондоо би их сургууль төгсөөд ажиллаж байхдаа ч тийм цалин авч үзээгүй. Төсөөлөхийн аргагүй санагдаж байсан шүү. Хэдхэн хоног л ажиллаж, ганц сар ч хүрэхгүй хугацаанд цэвэрлэгч хийсэн ш дээ. Хориод хоногийн ажлын хөлс. Тэгэхэд л таван зуун хэдэн паунд гэдэг чинь үнэхээр их мөнгө санагдаж байлаа. Тэр үед нэг паунд 1600 төгрөгтэй тэнцэж байсан. (Харин одоо, 2022 оны 2-р сард Английн нэг паунд 3939 төгрөгтэй тэнцэж байна.) Юмны үнэлэмж, үнэ цэнэ нь тэнгэр газар шиг, ёстой өдөр шөнө шиг ялгаатай байсан. Тэгсгээд л сургууль хичээлд явах гэхээсээ илүү ажил хийж, мөнгө олох хэрэгтэйг ойлгосон доо.
-Лондонд ажиллаж байгаа монгол хүмүүс дунджаар сард ямар орлого олж, хэдээр нь амьдралаа болгож, хэдийг нь ар гэртээ явуулдаг бол? Хүн хүн өөр л байх. Дундаж тоо хэлж болох уу. Яагаад гэвэл сонин, хэвлэл уншиж байхад эх орондоо байгаа Монголчууд маань гадаадад ажиллаж байгаа та нартаа талархалтай байх шиг санагддаг. “Эх орондоо гадаад валют оруулж байна, олон монгол айл өрхийг тэжээж байна” гэх зэргээр бичсэн байдаг л даа.
-Мэдээж эхний удаа, очоод удаагүй байгаа болохоор би сургуульдаа явах ёстой. Визээ сунгуулахын тулд би ирц цуглуулах ёстой, ирц бүрдэхгүй бол виз сунгахгүй. Тэгээд эхний гурван сар яалт ч үгүй хичээлдээ явсан. Аз болоход миний хичээл гурван цагаас эхэлдэг. Тэр зочид буудлын ажил өглөө 7 цагаас эхлээд өдөр 3 цагт тардаг байсан. Гурван цагт тарангуутаа сургууль руугаа яаран гүйдэг, 20-30 минут хоцроод сургуульдаа очдог байлаа. Аз болоход миний сургууль, ажил хоёр ойрхон байсан. Тэгээд л үүрэглэх нь холгүй хичээлдээ сууна. Тэгж байгаад яваандаа хоёр дахь ажлаа олсон. Хичээл маань өдрийн 3 цагаас 5 цаг хүртэл орно. Миний оройны ажил 6 цагаас эхлээд 10 цаг хүртэл үргэлжилдэг байлаа. Сүүлд, гурван жилийн дараа “Гросвенор Хаус” гэдэг, 5 одтой буудалд зөөгч хийдэг болсон. Тэр үед нэг зэрэг хоёр ажил хийгээд, амьдардаг байрандаа бол дөнгөж ирж, унтаж амраад л өглөө гардаг, тийм нөхцөлд орж байлаа.
- Манай ажлын хамт олон. 40-80 настай хүмүүс ажиллаж байгаа.
-Анхны ажил, бас хоёр дахь ажлаа яаж олж байсан бол? Сонины зарлал үзэх үү, эсвэл монголчууд маань бие биедээ ажил олж тусалдаг уу?
-Ажлыг бол мэдээж таньдаг, хамт ажилладаг, сурдаг хүмүүсээр дамжуулж олдог. Оюутан бол долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй тул өглөө, орой хоёуланд нь 20 цаг, нийтдээ сард 40 цагаар, хоёр өөр байгууллагад ажиллаад, цалингаа татваргүй авдаг байсан.
Бас би нэг хэсэг, “Харродс” их дэлгүүрийн эзэн, тэрбумтан Мухаммед Аль-Файедын гэрийн үйлчлэгч хийж байлаа. Тэр айл бүүр олон жилийн турш манай Монгол хүмүүсийг гэртээ ажиллуулах дуртай байсан нь сайхан санагддаг. Хаус нь 4-5 унтлагын өрөөтэй, бас багавтар биеийн тамирын заалтай. Тэр тэрбумтны хүү Доди нь Английн Диана гүнжтэй суух гэж байх үедээ, хоёулаа авто машины осолд орж нас бараад, дэлхий даяар бөөн шуугиан болж байсан. Хүүгийнхээ байрыг одоо хүртэл яг байсан хэвээр нь байлгадаг. Хөргөгчинд нь байсан юмнууд ч яг хэвээрээ хадгалаатай байдаг. Бид нар 7 хоногт 1-2 удаа цэвэрлэдэг байсан. Хувцас энэ тэр нь ч яг хэвээрээ, орных нь хажууд тавьсан ус нь хүртэл байрандаа байдаг. Харин олон жил өнгөрсөн болохоор лонх нь л хонхойсон байна лээ.
Тэднийх өгөөмөр сайхан айл юм билээ. Ажиллуулж байгаа бид нарт цалин сайн өгнө, дээр нь цайны мөнгө өгнө, бас шагнана. Харин бид нарыг ажиллуулж байсан хурган дарга л дарамттай хүн байсан. Тэр үед миний таньдаг нэг хүн надад өөр ажил санал болгосон болохоор би тэднийхээс гарчихсан юм. Бид нарыг тэр айлын ажлаас гарсны дараа монгол хүмүүсийг олж хүүхдээ харуулах гээд гудамжаар хүн явуулж, монгол хүмүүсийг хайсан гэсэн. Тэгээд нэг монгол эмэгтэйг олсон чинь тэр эмэгтэй нь ажиллах эрхгүй, “харласан” хүн таарч л дээ. Тэгсэн мөртөө тэр сайн тэрбумтан өвгөнийд ажиллахгүй, цалинг нь голж, тэд нарыг гонсойлгосон гэж дуулдаж байсан.
Сүүлд, Английн Парламентын Ордонд намайг ажиллахад нэг их өндөр шалгуур тавиагүй. Би санаандгүй шахам явж байгаад Ажилд зуучлах товчоонд бүртгүүлсэн юм. Тэр товчоо нь Парламентын ордонд ажилд зуучилдаг байсан юм билээ. “Хүсэж байвал та энийг бөглөчих” гээд анкет бөглүүлсэн. Тэгээд гурван сар хүлээсний дараа ажилд орж байсан.
Тэрнээс өмнө нэлээн хөгтэй юм болсоон. Нөгөө танил хүнийхээ надад санал болгосон ажлыг би зөвшөөрөөд, тэр ажлын ярилцлаганд очиж ороод, тэгээд “та тэнцэж байгаа, ажилд авахаар болсон. Одоо хийж байгаа ажлаасаа гарах өргөдлөө өгчих” гэхээр нь би тэр үед хийж байсан ажлаасаа гарах мэдэгдлээ өгчихсөн юм. Гэтэл яг тэр үед миний визийн хугацаа дуусаж таараад. Тэгээд визээ сунгуулах баримт бичгээ явуулаад хүлээж байх хооронд маань нөгөө ажил намайг авахаа больчихлоо. Ингээд би визгүй, паспортгүй хүн яаж ажилд орох билээ. Бүтэн зургаан сар ажилгүй болж, хохирч байсан шүү.
Тэр зургаан сарын турш би ажилгүй байх үедээ Лондонгийн байр, хүнсний мөнгө, бусад зардлаа төлөх гээд Монголд байгаа ар гэрээсээ 2500 паунд авахаас аргагүй болсон. Тэгээд зургаан сарын дараа аз болж, виз маань зөвшөөрөгдөж, визтэй паспорт маань ирлээ. Тэгээд нөгөө ажилд зуучлах товчоонд бүртгүүлсэн байсан болохоор Парламентад ажилд орсон нь тэр юм. “Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга онгойдог” гэдэг үг үнэн санагдаж байлаа. Тэгээд Парламентад ажиллаад удаагүй байж байтал надад “Та манай байнгын ажилтан болох уу?” гэдэг саналыг ажлын газраас маань тавьсан. Байнгын ажилд ороход ёстой манайхны дээр үед ярьдаг байсан шигээр “гурван үеийн түүх намтар”, хамаг юмыг бичүүлж авч байсан. Тэгээд тэр бүх бичсэн зүйлсийг маань шалгаж, нягталсаар байгаад гурван сар болдог юм билээ. Тэгж байж эндхийн ажилтан болсон доо.
-Сонирхолтой, бас сургамжтай явдал байна шүү. За одоо дараагийн асуултаа асууя. Лондонгийн зарим бараа, юмны үнийг сонирхуулах уу? Хүнс, талх, мах, гурил, автобусны үнэ гэх мэтээр сонирхмоор байна л даа.
-Юмны үнэ ханшийг би Монголынхоо үнэтэй харьцуулж боддог байлаа. Бидний ээж, аав Монголдоо сард 400-700 төгрөгийн цалинтай байсан даа. Намайг хүүхэд байх үед манай УБ-т талх 1 төгрөг 40 мөнгө, литр сүү 1 төг 50 мөнгө байсан. Харин Лондонд бид нар сард нэг мянга орчим паундын цалин авч байсан. Одоогийн ханшаар бол 4 сая шахам төгрөг юм даа. Лондонд талх нэг паунд хүрэхгүй, 2 литр гаруй буюу эндхийн хэмжих нэгжээр дөрвөн пайнт сүү гэхэд 79 мөнгө буюу пенс байсан. Сүү бол 1, 2, 4, 6 пайнт гэсэн савлагаатай байдаг. 1 пайнт гэдэг нь 568 мл, шар айргийг бас бааранд ингэж хэмждэг. Зарим талх одоо ч 49 пенс хэвээрээ байгаа. Хамгийн үнэтэй талх 3 паунд байдаг. Үнэтэйг нь голдуу чинээлэг хүмүүс сонгодог байх. 1 кг үхрийн мах 5.99 паундаас эхлээд 25 паунд хооронд үнэтэй. Эндхийн цалинтай харьцуулж бодвол юмны үнэ нь гайгүй гэж болмоор санагддаг. Гэхдээ одоо сүү 1 паунд 30 пенс болж өссөн. Сүүлийн үед ковид нөлөөлсөн байх, бүх юмны үнэ нэмэгдэж байна. Сая би эмчид шүдээ үзүүлэхэд энд тэнд хэд гурав тогшиж, хусаад л, “шүдээ өдөрт хоёр удаа угааж бай, жижиг нарийн сойзоор, шүд бүрийн завсраар” гэж зөвлөөд л 24 паунд авч байна. Одоо нэг паунд 4 мянга орчим төгрөг гэхээр 96 мянган төгрөг юм даа.
Харин Англид юмны үнэ нэмэгдэхийн өмнө хүмүүсийнхээ цалинг нэмдэг нь аятайхан.
Автобус, унааны билетийг бид нар 7 хоногоор авдаг. Намайг анх энд ирж байхад, хориод жилийн өмнө бол 7 хоногийн автобусны билет 8 паунд 50 пенс байсан. Бид нар оюутан учраас оюутны хөнгөлөлт эдлээд 6 паунд 70 пенсээр 7 хоногийн автобусны билет авч байлаа. Одоо бол автобусаар 7 хоног явах билетийн үнэ 22 паунд байгаа. Монгол мөнгөөр бол 86 мянга орчим төгрөг. Энд цэвэрлэгч хийхэд хангалттай цалин авч байна гэдэг чинь эндхийн сэхээтэн хүмүүс ямар өндөр цалин авах вэ гэдэг нь багцаа ойлгогдох байх. Гол нь энд байрны үнэ өндөр л дөө. Тэрэндээ л гол ялгаа нь байгаа байх.
Нийтийн тээвэр бол маш сайн хөгжсөн. Эндхийн иргэд хувийн машин унах нь бага. Хүмүүс нийтийн тээврээр явахдаа сар, жилээр төлбөрөө хийж болдог. Метрогоор явахад илүү үнэтэй. Лондон хотын дарга, эсвэл Их Британийн парламентын гишүүн хүн ч нийтийн метрогоор явж байгаа харагддаг. Харин манай Монголд зарим хүмүүс Улсын их хурлын гишүүн, сайд болохоороо төрөл арилжсан юм шиг өөрчлөгдөөд, ард олноосоо хөндийрээд байгаа дуулддаг. Лондонд бол тийм биш, дарга нар нь ч энгийн, жирийн явж байгаа нь аятайхан харагддаг. Манай зоогийн газарт гэхэд Британийн парламентын олон гишүүн ирдэг. Тэд нар цай, кофегоо ширээн дээр санаандгүй жаахан асгачихвал өөрсдөө салфеткаар арчиж харагддаг. “Заавал зөөгч арчих ёстой” гэсэн шиг суугаад байхгүй, энгийн, соёлтой байх юм билээ.
Их Британийн Парламентын энэ гишүүн ингээд хүүхдээ тэргэнд түрээд, өдөр болгон шахуу нийтийн тээврээр явж байдаг нь их энгийн, аятайхан санагддаг.
-Надад бол энэ хүн эгэл жирийн гэмээр, аятайхан харагдаж байнаа. Манай УБ-т Улсын их хурлын гишүүн хүн хүүхдээ ингэж нийтийн тээврээр аваад явж байвал “хөөе, нөгөө их хурлын тэр гишүүн чинь машингүй юм байна, нийтийн унаагаар явдаг юм байна” гэж их л гайхах байх, магадгүй сошиал сүлжээнд бичээд эхлэх байх. Эсвэл жижиг машин унаж байвал машиныг нь шоолж ч мэднэ. Гэхдээ нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн сэтгэлгээ шинэчлэгдэж, албан тушаалтнууд ч энгийн, жирийн болох биз дээ.
Би чиний тухай хааяа бодохдоо “Урнаа маань тэр сайхан Лондонд сайхан яваа байх даа” гэж боддог байлаа. Манай УБ-т цастай, утаатай, хүйтэн байсан нэг өдөр чи мейл бичихдээ Лондонд бороо орж байгаа тухай бичсэн байсан. Тэгээд би Лондонг ёстой л диваажин шиг сайхан байх даа, бага байхдаа уншиж байсан “Хан харангуй” туульд билүү бичсэн байдаг шиг “Сэр сэр салхитай, бур бур хуртай бумбын орон” гэж үлгэр домгийн орны тухай бичсэн шигээр л төсөөлдөг байлаа. Гэхдээ сүүлд англи хэлнээс ном орчуулж сураад, Википедия нэвтэрхий толь уншиж байхдаа “List of cities by sunshine duration” (“Хотуудын нар тусах цаг”) гэсэн хүснэгт олж үзлээ. Гэтэл Лондонд нар тусах нь манай УБ-с хавьгүй бага, “нэг жилд 1600 цагийн хугацаанд Лондонд нар тусдаг байхад УБ-т нэг жилд нийтдээ 2791 цаг нар тусдаг” гэж бичсэн байсан. Тэгээд дулаан, бүлээхэн Испанийн Мадрид хотод 2769 цаг нар тусдагтай манай УБ хот маань ойролцоо байгааг уншаад, утаатай, хүйтэн ч гэсэн УБ хот маань хавьгүй сайхан санагдаж билээ. За жаахан хадуурах нь, яриандаа оръё.
Одоо хэвлэл, мэдээлэл уншиж байхад Лондонд очих, тэнд ажиллаж, амьдрахыг мөрөөддөг хүмүүс манай УБ-т олон л байх шиг. Ер нь Лондонд амьдрахад жаахан таагүй гэмээр санагддаг зүйлүүд байх уу? Том хотын дуу чимээ, найман сая гаруй хүний хөл хөдөлгөөн, өндөр үнэ, эсвэл цаг агаар ч юм уу, жижиг сажиг гэмээр таагүй зүйлүүд байх уу?
- Лондонгийн цаг агаар нь бол тийм ч таатай биш. Лондон төдийгүй, ер нь Английн цаг агаарыг зарим хүмүүс “англи авгайн ааш шиг” гэж нэлээн хэлж байдаг. Чийглэг болохоор үе мөч хааяа зовиурлах тал бий. Гээд одоо яах вэ, энд хориод жил амьдарсан болохоор “усыг нь уувал ёсыг нь дага” гэгчээр дасаж л байна даа. Цаг агаар сайнгүй үед хоол хүнс, амралт ажлаа л зохицуулахыг хичээдэг дээ.
Ер нь тэгээд өө хайвал аль ч газар, хотоос өө олдоно доо. Би бол “Болж байнаа” гээд л, байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байхыг хичээдэг. Монгол хүмүүсийн дасан зохицох чадвар хамгийн өндөр юм гэсэн. Тийм болохоор дасаад л, амьдарч байгаа. Энд нэг сургамжтай, сайхан үгийг хэлмээр санагдлаа. Дaниел Дефогийн хэлсэн “Бидэнд дутагдаж буй зүйлсийн талаархи бүх гомдол маань байгаа зүйлсдээ бид талархахгүй буйгаас үүдэлтэй” гэсэн үг үнэхээр таалагддаг!
-Эх орон, ойр дотно хүмүүсээ санах уу? Тийм үед яаж сэтгэлээ засдаг бол?
-Энд ирээд надад шантрах, буцах гэсэн бодол ч төрөөгүй, тийм эрх ч байхгүй гэж би өөртөө хатуу захидаг байлаа. Яагаад гэвэл би нөхрөөсөө салчихсан, миний ард ээж, аав маань байна. Тэр хоёртоо охиноо үлдээгээд ирсэн. Тийм болохоор би тэд нарынхаа төлөө эрүүл байж, ажлаа сайн хийж, мөнгө сайн олох ёстой, тэгээд байрны мөнгөтэй болоод Монгол руугаа буцна гэж зорилго тавьж байсан. Тэгээд л зав зайгүй ажил хийсэн дээ. Монголд амьдрал улам хэцүү болоод, юмны үнэ өсөөд л байгаа тухай дуулддаг байсан.
-Зорилгоо зөв тавиад, зав зайгүй ажиллаж байж дээ. Мэдээж ядарч л байсан байх. Чи өөрийгөө хүндэлдэг, бусдаар өрөвдүүлэх дургүй ч байж мэднэ, гэхдээ л надад бол хайрламаар сэтгэл төрж байна. Хэрэв миний төрсөн дүү, эсвэл хүүхэд маань алс хол Лондонд очоод, тэгж ажиллаж байсан бол би өрөвдөнө, хайрлана, бас тэд нартаа нэмэр болохын тулд Монголд байгаа би ч зардлаа багасгаж, тэд нараасаа “татвар” авахаа болино гэж бодогдож байна шүү.
-Ажиллаж мөнгө олоод, ар гэртээ явуулалгүй яахав. Бас мөнгөнөөс гадна, тэр үед миний тавьж байсан зорилго бол охиноо Лондонд авчрая гэж шийдээд, чармайсаар байгаад авчирч чадсан.
Охин маань надад нэг зүйлд их баярладаг юм. Би Лондонд ирээд хоёр жил болсны дараа охиндоо “Ээж нь дахиад хоёр жил болоод Монголдоо очиё. Тэр болтол миний охин тэсээд, эмээ өвөөдөө сайн туслаад байж байгаарай, хичээлдээ маш сайн байгаарай” гэж сайн захисан юм. “Хэрвээ хоёр жил болчихоод охиноо авчирч чадахгүй бол ээж нь Монгол руугаа буцнаа” гэж амласан л даа.
Тэгээд би Англид ирээд хоёр жил болсны дараа, 2004 онд анх Монголдоо очсон. 2006 онд охины маань виз гараад, охиноо авчирч бөөн баяр болсон. “Ээж ээ, та яг хэлсэн амандаа хүрлээ шүү” гээд охин маань ч их баярласан. Охины минь виз ч ашгүй амархан гарсан. Би өөрөө оюутны визтэй байсан. Хоёрт гэвэл, охин маань олимпиадын аварга, бас сургуульдаа их нэр хүндтэй байлаа. Би тодорхойлолтон дээрээ “Охиноо зуны амралтаар нь баярлуулах гэж байгаа.” гэж бичсэн юм. Тэгээд охиныг маань миний эгч Лондонд авчирч өгөөд, би охиноо аваад үлдэж байлаа.
-Сайхан байна шүү, хүн зорилгодоо хүрнэ гэдэг их сайхан. Ялангуяа удаан хөдөлмөрлөж, чармайж байж хүрсэн зорилго бүр ч сайхан. За одоо дараагийн асуултаа тавья. Чиний ажигласнаар, англи хүмүүсийн нийтлэг төрх нь манай УБ хотын монгол хүний нийтлэг гэмээр төрх байдлаас ялгаатай байдаг уу? Зүгээр ерөнхийд нь төсөөлж хэлбэл, тэд хоорондоо арай илүү эелдэг харьцаатай мөртлөө монгол хүний тусархуу зантай харьцуулахад дутмаг юм шиг санагдах уу?
- Англи хүмүүс өөрсдийгөө британичууд гэж ярьдаг. За нийтлэг гэмээр шинж гэвэл, олон британи хүмүүсийг ерөнхийлж хэлбэл их тэвчээртэй улсууд даа. Сэтгэлийн хөдөлгөөнөө бараг ил гаргахгүй. Хичнээн дургүй нь хүрч байсан ч нүүрэн дээрээ бол инээмсэглээд л байж байна. Харин манай монголчууд бол сайхан шүү дээ, шулуухан. Нүүрэн дээрээ түс тас хийгээд л, дургүй байгаа бол голдуу шууд илэрхийлдэг. Тэр нь ч амар гэмээр. Гэхдээ хүний араас манай Монголчууд элдвээр хэлээд байхыг би үзээгүй санагдаж байна. Харин англичууд жишээ нь хүнтэй сайхан ярьж, инээмсэглэж байсан мөртлөө тэр хүнийхээ араас “за чи яршиг л байна” гэх маягийн үг хэлж байхыг би нэг биш удаа анзаарч байсан.
Гэхдээ, ерөнхийдөө хүн л юм болохоор англи, монгол хүмүүсийн хооронд нэг их ялгаа байхгүй дээ. Хүнд байдаг сайн, муу бүх л зан чанар төстэй л байдаг. Ер нь бол англичууд ажилсаг юмандаа ажилсаг. Одоо тэгээд Лондонд гадаад хүмүүс маш олон амьдарч байна даа. Ялангуяа Африк иргэд, арабууд. Хар арьстнууд бол Английн колони байсан болохоор, дээрэлхүүлж байсан гэдгээр ч юм уу, англичууддаа ер нь дургүй байдаг ч юм уу, эд нар биднийг боолчилж байсан гэдэг ч юмуу, дандаа сөргөлдөж, англичуудыг дийлэх гэсэн байдлаар, сонин харьцаж харагддаг. Тийм хандлагыг нь ч англичууд мэддэг болохоор сөргөлдөхөөс зайлсхийгээд, голдуу тэдний зөнгөөр харьцдаг.
Харин манай Монгол хүмүүсийн нийтлэг гэмээр зарим шинж бол сонирхолтой, сайхан ш дээ. Юмыг маш хурдан сурдаг, үнэхээр чадвартай, энийг бол аль ч улсад, хаа ч очсон Монголчууд хэлдэг юм билээ. Хэл мэдэхгүй байхдаа ч юмыг маш хурдан сурна. Монголчууд цэвэрлэгч хийгээд, эсвэл эрчүүд гал тогоонд сав суулга угаадаг ажлаас эхэлж ажиллаад л хэдхэн сарын дараа тогооч болчихсон гүйж явдаг. Юмыг хараад л сурдаг, ажлыг хурдан хийдэг, ажлаа амжуулахдаа үнэхээр гайхалтай. Монгол хүний дайнд хүртэл ажилладаг хүнтэй би одоо болтол таараагүй л байна.
-Огт танихгүй, олон цагаан, бор хүмүүс дунд ороод ямар байв даа? Манай УБ-т ажиллаж байсан Жефф гээд америк багш маань “УБ-т ирээд эхэндээ би “калче шок”-той байсан” гэж надад ярьж байсан. “Калче шок” гэж яг юуг хэлж байна гээд Вебстерийн англи толь үзэхэд “сайн бэлтгэгдээгүй байгаа үедээ танихгүй, дасаагүй өөр орчин, зан заншил, хүмүүс дунд ороход үүсэж болдог тодорхойгүй байдал, эргэлзэх тээнэгэлзэх байдал” гэж бичсэн байна. Тийм байдал хааяа чамд үүсэж байв уу? Зарим уншигчид Гүүглээс уншихыг хүсвэл, энд дурдсан мэдээллийг олоход дөхөм байг гээд, хоёр гурван үгийг англиар бичлээ л дээ.
- “Соёлын шок” гээд чи англиар асуусан байна. Би бол нэг их тийм шоконд орж байгаагүй ээ. Эндээс нэг юм санаанд орлоо. Монголдоо олон жилийн дараа намайг очиход манайхан англи, гадаад үгийг яриандаа хавчуулж ярьдаг моодтой ч болсон гэмээр юм уу, санагдаж байсан шүү. Би нэлээн үндэсний үзэлтэй хүн л дээ. Аав маань ч тийм үзэлтэй болохоор нөлөөлдөг байх. Болж өгвөл гадны үг хэрэглэмээргүй байдаг юм. Ажлын газрынхаа зарим англи найз нарт “Сайн уу?” гээд монгол мэндчилгээ заагаад өгчихсөн. Одоо намайг ажил руугаа ороход тэд нар маань “Сайн уу?” гэж монгол хэлээр маань мэндэлж угтахад сайхан шүү. Зарим нь бүр “Сайн уу, Чингис ээ” гээд, хөөрхөн инээгээд мэндэлдэг юм. Би бас англи хүмүүстэй англиар ярих үедээ заримдаа төрөлх монгол үгээ оруулж, хэлэх гээд байдаг. Сонин шүү.
Харин миний амьдарч байсан орчинд араб, африк хүмүүс их байсан. Эмэгтэйчүүд нь хар нөмрөгтэй, зөвхөн нүд, хөмсөг нь ил гарсан байдаг. Тэгээд би гайхаж байсан шүү. “Би ямар гээч улсад ирээд байнаа? Тэр цагаан арьстнууд нь хаанаа байнаа?” гэж. Одоо Лондонд бол гадныхан л их байдаг. Нэг англи өвгөнтэй автобусны буудал дээр таараад, хэдэн үг сольж байхад “Та хаанаас ирсэн бэ?” гэж надаас асууж байсан. Би Монголоос ирсэн гэдгээ хэлэхэд "Өө, сайхан газраас ирсэн юм байна. Та Английг үзье гэвэл хөдөө л яв. Лондон бол Англи биш шүү дээ” гэж хэлж байсан. Үнэхээр тийм юм байна лээ. Лондонгоос гадагш гараад л, англичууд нь байдаг. Лондонд бол гадныхан л байдаг гэмээр юм билээ.
Би Английн хөдөөгүүр нэлээн явсан. Шотланд, Уэльс, Ирландаар явж үзлээ. Ер нь яг манай хөдөөнийхөн шиг, сайхан, зочломтгой хүмүүс. Хүн орж ирвэл байгаагаараа дайлна. Цай бэлдээд, цайгаараа дайлна. Ер нь бол цайны ёс заншилтай. Жигнэмэг ч юм уу, жимсний чанамал, бяслаг гаргаж тавиад, яриад суудаг. Гадны хүн гэхээр янз бүрийн юм сонсох гээд, уриалган хандана. Хөдөө бол, хамгийн наад зах нь хоолны газарт ороход хоол нь ч гэсэн Лондонгийн хоолноос хавьгүй амттай, орц хэмжээ нь ч элбэгжүү байх жишээтэй. Лондон бол олон хөлийн газар болохоор ашгийн төлөө илүү ханддаг юм уу гэмээр санагддаг.
-Лондонд арьсны үзэл хааяа цухалзах уу?
- Энд арьсны үзэл хамгийн их гаргадаг хүмүүс бол сонирхолтой нь хар арьстнууд байдаг. Яагаад гэвэл арьсны үзлээр далимдуулж, бусадтай сөргөлдөх, цагаан хүмүүстэй тэмцэлдэх гол шалтгаа болгодог. Ихэнх нь хачин залхуу хүмүүс л дээ. Өөрт нь жаахан шаардлага тавигдангуут л “намайг хар болохоор ингэж байна” гэж мушгиж, далимдуулж харагддаг. Бүх юман дээр тэр үзлээ ашиглаад сурчихсан. Тийм болохоор цагаан хүмүүс харуудтай нэг их сөргөлдөхгүй, тэгсгээд орхиж байгаа харагддаг. Бас Ази хүмүүст харууд тун дургүй хандаж харагддаг. Ази хүмүүсийг байнга доош нь хийж байх санаатай. Нэг жишээ татахад, том биетэй, африк эрэгтэй хүн гадаа явж байхдаа хажуугаар нь өнгөрч явсан, жар орчим насны, гэмгүй жижигхэн, ази эмээгийн хэвлий рүү шууд л хүчтэй өшиглөж байгаа бичлэг энд сошиал, хэвлэлд нэлээн тарж байсныг би санаж байна. Хөөрхий тэр эмээ дорхиноо л газар ойчиж байгаа нь өрөвдмөөр харагдаж байсан шүү.
Гэхдээ энэ асуудлыг бас өөр нэг өнцгөөс харах юм бол, цагаачдын хүчээр л Их Британи гэдэг улс хөгжилд хүрсэн юм байна гэдгийг би мэдэж авсан. Үнэхээр цагаачид бол энэ улсад маш их юм хийж өгсөн юм билээ. Нэг талаар цагаачид өрөвдмөөр л дөө. Цагаан арьстнууд нь арабууд, харуудыг дээрэлхэж, газар, нутаг, хэрэгтэй бүгдийг нь цөлмөсөн мөртлөө, арьс өнгөний үзэл одоо ч гэсэн цухалзаж байдаг. Арьс өнгөний үзэл гэдэг чинь ер нь хаа ч байдаг, хүмүүст байдаг төрөлхийн араншин ч юм уу гэмээр санагдах үе бий. Монголд ч гэсэн хүмүүс нутаг орны, жалга довны үзэл яриад л байдаг, энэ чинь томрохоороо л арьсны үзэл шиг болдог ч юм билүү.
-Тийм байж магадгүй байх аа. За дараагийн асуултаа асууя. Лондонд амьдарч байхад хэцүү зүйлс амьдралд тулгарч байв уу, яаж давж байсан бол?
Энэ асуултын хариуг би бичлэгт ярих гэхээр их хэцүү байхаар нь бичиж явууллаа. Намайг Лондонд ирээд удаагүй байтал ар гэрт маань эмгэнэл учирч, том ах маань хүний гарт амиа алдсан байсан. Гэрийнхэн маань надад тухайн үед хэлж зүрхлэхгүй байсаар байгаад бүтэн нэг сар өнгөрсний дараа л цахим шуудангаар (е-мейл) бичсэн байсан. Тэр үед би номын санд очиж, мейлээ шалгадаг байсан. Тэгээд тэр айхтар хүнд, хэцүү мэдээг уншингуутаа би тэсэж чадалгүй, шууд цурхиран уйлж байснаа санадаг. Дараа нь яаж тэр олон машин, хүнтэй замаар гарч, амьдардаг байрандаа ирснээ сайн санадаггүй юм шүү. Хүний газар ирээд тийм хэцүү мэдээ сонсоно гэдэг үнэхээр айхтар (Одоо бичихэд ч нулимс урсах нь ээ!) юм билээ.
Тэгээд ахыгаа бие барснаас хойш хоёр жилийн дараа Монголдоо очиход аав минь намайг тэвэрч аваад "Амьд юм болохоор ингээд л хүрээд ирж байгаа юм” гээд нулимсаа залгиж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Ээж маань бол шууд л асгаруулаад, уйлаад эхэлсэн. Тэгж өөрийгөө түр ч гэсэн онгойлгосон байх. За энэ талаар ингээд орхиё доо. Түүнээс хойш аав маань, бас намайг хүн болгож өсгөсөн нагац эгч маань тэнгэртээ дэвшсэн дээ. Энэ бүхнээс үүдээд, аливаа юмыг эрэгцүүлж бодох талд миний ухаан тэлсэн байх. Өмнө нь надад хэцүү зүйл тохиолдож, залилагч, хулгайч хүмүүст өчнөөн их мөнгөө алдаж, хохирч, бас ажилгүй хэдэн сар болж, бас бие минь өвдөж байсан зэрэг маань юу ч биш юм шиг санагддаг. Хорвоо мөнх биш хойно. Насны эцэст хичнээн эд хөрөнгө, мөнгө байгаад аваад явах биш, жаахан ч гэсэн бусдад тус болж, буян хийх юмсан л гэж боддог. Аав, ээж маань бид нарт "Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ" гэж багаас минь сургаж, захидаг байсан болохоор би хэр чадлаараа бусдад туслахыг хичээдэг.
“Ам нээвэл уушги нээ” гэгчээр нагац эгчийнхээ талаар жаахан нэмж хэлье. Нагац эгчийгээ (ээжийн маань ганц эгч) бид нар “ажаа” гэдэг байлаа. Харааны бэрхшээлтэй ч гэсэн бид нарыг өсгөж хүн болгосон их буянтай хүн. Их ч ухаантай хүн байлаа. Бид нар гэрийн даалгавраа хийсний дараа нагац эгчдээ уншиж, ярьж шалгуулдаг байсан. Бид нарын даалгаврыг тэгж нямбай хийлгэж, өөрөө тусалж, шалгаж өгдөг байлаа. Ажаа маань өөрөө ч бүх хүрдийг торохгүй хэлдэг, зөв бичихийн дүрэм тун сайн мэддэг, бас ар гэрийг маань авч явдаг хүн байсан.
Ажаа маань кирилл бичиг сайн мэддэг, зүүн гараараа зай, хэмжээ авч байгаад, ямар ч алдаагүй бичдэг байсан нь харааны бэрхшээлтэй хүн гэхэд гайхмаар чадвар шүү. Ажаагийн нэрийг “Бадамхорлоо” гэдэг байсан ч хүн бүр, хүүхэд хөгшидгүй “Ажаа” гэж л дууддаг байлаа.
-Нээрээ л тийм сайхан буурлуудын ачаар олон монгол хүүхдүүд өсөж бойжсон доо. За би чиний цаг завыг нэлээн үрсэн байх аа. Ингэсгээд яриагаа дуусгая даа. Нэмж хэлмээр зүйл бодогдож байвал хэлээрэй хөө.
- Лондонд ажиллаж байхад тохиолдож байсан сонирхолтой, сайхан дурсамжаас яримаар санагдлаа. Эндхийн таван одтой, өндөр зэрэглэлийн “Роял Ланкастер” гэдэг тансаг, сайхан зочид буудалд, хүлээн авалтанд ажиллаж үзлээ. Тэр үед “Гросвенор Хаус” гээд буудалд ажиллаж байхдаа жил бүр зохиогддог “BAFTA” буюу Британийн кино, телевизийн Академийн шагнал гардуулах хүндэтгэлийн ажиллагаанд оролцож, тэнд нөгөө алдартай кино одуудаас Леонардо ди Каприо, Киану Ривз зэрэг дэлхийд алдартай жүжигчдэд үйлчилж байхад сонирхолтой, сайхан байсан. Бас дэлхийд алдартай загвар өмсөгч Клаудиа Шифферт үйлчилж үзсэн. Тэр “Гросвенор Хаус” буудал бол Британийн кино Академийн хүндэтгэлийн ёслолыг зохион байгуулах эрхтэй цорын ганц буудал юм билээ. Манай олон монголчууд тэр буудалд үнэхээр сайн ажиллаж байсан шүү. Буудлын үйлчилгээ, өнгө төрхийг манай монголчууд, бас тэнд ажиллаж байсан солонгосчууд үнэхээр өргөж, авч явдаг байсан. Клаус гэдэг, Герман менежер нь монголчууд бид нарыг их үнэлж, гол буюу хүндтэй зочдын ширээнд үйлчлүүлдэг байсан юм.
Парламентын зоогийн танхимд олон жил ажиллахдаа Английн хатан хааны хүү Чарльз хунтайжийн ойр дотно хүмүүсийн хүлээн авалтанд оролцож үйлчилсэн. Хунтайжийн хүлээн авалт болохын өмнө бие хамгаалагч нар нь орж ирж, үйлчлэх хүмүүсийг нь ажигладаг юм байна лээ. Тэгээд бид нарыг харж байснаа намайг сонгоод “За, та Чарльзад үйлчлээрэй” гээд, Чарльз хунтайжийн уудаг архийг, устай нь цуг миний өмнө ширээн дээр авчирч тавиад гарсан. Тэгээд хунтайжийг орж ирэхэд над руу хамгаалагч нь дохио өгөөд, би уух зүйлийг нь хунтайжид аваачиж өгсөн. Хунтайж над руу хараад “Та хаанаас ирсэн бэ?” гэж асууж байсан. Би “Монголоос ирсэн” гэдгээ хэлэхэд “Өө, тийм үү” гэж байсан, энгийн, аятайхан харьцаатай хүн санагдсан. Чарльз хунтайж, бид хоёрыг ярилцаж байхад зурагчин нь бид нарын зургийг аваад л байсан. “Тан руу мейлээр явуулна” гэж, надаас хаяг авсан мөртөө мейл ирүүлээгүй. Мартсан байх даа л гэж би бодсон.
Чамтай ингээд онлайнаар ярилцаж байсан чинь Монголдоо, сонины редакцид сэтгүүлчээр ажиллаж байсан үе маань санагдаад сайхан байна шүү.
-За хоёулаа яриад байвал удаан л ярилцмаар байна. Гэхдээ уншигчдынхаа цагийг бодолцоод энэ удаа өндөрлөе дээ. Ний нуугүй сайхан ярилцсан Урнаадаа талархаж байнаа.
Ярилцсан Х. Энхбат
Зочин · 2022/02/17
Монголчууд бидний нэг том алдаа бол эх орноо гэх сэтгэлгүй энэ нь өмнөх нийгэмээс улбаатай юм даа бид л эх орноо хөгжүүлэх ёстой хүн бүр энгэж бодвол гадаадад ажиллаж байгаа тэр ноу хаугаа тээгээд ирвэлч хөгжнөө амархан шүү дээ
Зочин · 2022/02/17
сайхан нийтлэл байна баярлалаа монгол эмэгтэй хүн ч нэг л өөр дөө гэр бүлийнхээ төлөө тэмцэгч нар