Ерөнхий сайд “даллаад” л байна, тэд ирэх үү?
2022/02/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “жиргэсэн” байна. Тэрбээр “... “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдад үр ашигтай, ойлгомжтой, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг сэргээн байгуулна.
Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна” гэжээ. Ингэж “жиргэсэн” өдөр нь Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭЗХЯ-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, тус яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Энэ агентлаг нь Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт тодорхой болж, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбаруудтай холбох зэрэг ажлыг гүйцэтгэнэ гэжээ. Мөн хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх юм байна.
Үүнээс хоёр хоногийн өмнө, 2022 оны хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс цар тахлын “улбар шар” түвшнээ “шар” болгож бууруулсан тухай Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэр үеэрээ “...Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг нөхөж, эдийн засгаа сэргээж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар баримталсаар ирсэн байр суурин дээрээ цаашид хатуу зогсох болно”, “...Зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой юм аа. Эрхэм хөрөнгө оруулагчид, жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд Та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд илэрхийлж байна” гэсэн мэдэгдлийг хийгээд байсан юм.
Ингэж Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагчид, жуулчдыг “даллаад” л байна. Харин тэд ирэх үү. Уг нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй орон. Засгийн газраас 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 24 улстай “Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг байгуулсан. Харин таатай байж чадаагүй гэхэд болно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулах орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад эрх зүйн баталгаа олгох, дэмжих, хөрөнгө оруулалтын үр ашгийг илүү шинэ түвшинд гаргах нь чухал. Хөрөнгө оруулсан хэмжээ 2016 онд 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 3.1 тэрбум буюу сүүлийн найман жилийн дээд түвшиндээ хүрч, харин 2021 оны байдлаар бараг гурав дахин буурч, 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд цар тахлаас гадна Монголын төрийн тогтворгүй байдал ихээхэн нөлөөтэй. Ер нь бол, Монголыг зорих мөнгөтэй хүмүүсийн мөнхийн эрх ашиг нь тогтвортой байдал гэдэг юм билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бээжинхүү Ой Юү День · 2022/02/22
Авлигачдаар дүүрсэн удирдлагатай Монголд хэн ирж хөрөнгө мөнгөө алдахыг хүсэх вэ?
Зочин · 2022/02/21
Шийдсэн урвагчийг буудчих юмсан
Зочин · 2022/02/21
Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол хүний шунал хэцүү эдийн засгаа сэргээхгүй тамын тогооны үлгэр үргэлжилсээр
уншигч · 2022/02/21
монголчууд наймаа хийж чадахгүй ээ. тийм соёл зан суртахуун төлөвшөөгүй зэрлэг хүмүүс шүү дээ. ямар сайндаа хоорондоо наймаа худалдаа хийгээд нэгнийхээ мөнгийг өгөхгүй балиартаж заваарсаар цаад газраа маш хүнд байдалд оруулдаг жишээ битүү байна. худлаа ярьж хулхидах энүүхэнд. маш муухай амиа зантэй арчаагүй хүмүүс их байна даа. тэгчихээд худлаа пээдгэр нэг л их зантай малнууд. үхсэн хойшоо. бусадтай шударга наймаа хийж чадахгүй юм бол зайлсан нь дээр шүүдээ. ядаж авсан юмныхаа мөнгийг өгөөд сурчихаач та нар