Учир мэдэх хүмүүсийн учирлаад байгааг улиглах нь илүүц биз. Гэхдээ Орос, Украины дайны улбаа нь дэлхийн эдийн засаг, геополитикт томоохон давалгаа үүсгэнэ гэдгийг бид арай өөрөөр хүлээж авах ёстой аж.

Нэг үгээр, бид нэг их далай давсан ашиг сонирхол гаргаж, үзэл бодол хашгираад байх шаардлагагүй улс. Харин хоёр хөршийнхөө хэрхэн хөдлөхийг хараад, гэрээс гарч гэдэс алдчихгүй шиг сууж байсан нь дээр.

Учир нь цаашид дэлхий нийт яг яах нь тодорхойгүй байна. Гэхдээ Оросын хаяа түшиж “төрсөн” Монгол маань энэ давалгаанд хамгийн чангаар цохиулах нь тодорхой юм.

 

Ер нь тэгээд бид том хөрштэйнхөө сайн, муу нөлөөг томоор л хүртдэг. Ядаж байхад ойрын жилүүдэд энэ хоёр хөрш маань ээлж дараалаад дэлхийг хөдөлгөж байна. Хоёр жилийн өмнө Хятадаас тарсан гэх COVID-19 гарлаа. Хориод хоногийн өмнө Орос улс Украинтай дайн эхлүүллээ.

 

COVID-19-ийн хямралд нэрвэгдэж ядаж байтал, дайны хөлд үрэгдчих вий гэмээр түгшээх аж. Чухамдаа ийм хүнд үед оймсноосоо илүүг үйлдвэрлэж сураагүйдээ л машид харамсмаар юм байна. Гэвч 30 жилийн өмнө нийгмийн өөрчлөлтийн суурийг тавьчихаад дээр нь юу ч босгоогүй өнөөдрийг хүрсэн үе үеийн эрх баригчдыг зүхэхэд ч нэгэнт оройтжээ. Харин Монгол Улс энэ дараалсан хямрал, хүндрэлийг яаж давах вэ. Одоо цагт ингэж бодох нь ононо. Өнгөрсөн баасан гараг /2022.3.11/-т Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо. Монголчууд маань энэ үйл явдлыг яаж хүлээж авсан бол?! Уг нь энэ чинь цахим сүлжээнд Орос, Украины дайн, АН-ын хэрүүл хоёроор өдөр шөнөгүй мэтгэлцэхээс хамаагүй амьдралтай, ач холбогдолтой сэдэв байгаа юм.  Зүүнбаян-Ханги чиглэлийн энэ 226 километр үргэлжлэх төмөр зам энэ оны аравдугаар сарын дундуур ашиглалтад орох юм байна. Ердөө долоон сарын дараа гэсэн үг.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчин оролцоно. Бас байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болох аж.

 

Хамгийн гол нь Хангийн боомт газар зүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд байдаг. Энэ утгаараа тус боомтыг төмөр замаар холбосноор экспортын шинэ гарцтай болчихно. Цаашлаад импорт, экспортын бараа бүтээгдэхүүн20 сая тонноор, төмөр замын тээвэр 65 хувиар нэмэгдэх юм байна. Мөн манай уул уурхайн экспортын гол зах зээл болох Хятадын Бугат хүртэлх тээвэр 242 километроор богиносно. Дамжаад тээврийн өртөг, хугацаа хэмнэнэ. Түүнчлэн ингэж Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улс хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвартай болно.

Хэд хоногийн дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр зам ашиглалтад орох юм байна. Ингээд ирэх намар энэ Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орчихоор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс, бас бусад бүтээгдэхүүний экспортын эргэлт хурдасна гэсэн үг.

 

Одоогийн нөхцөл маань их ядруу шүү дээ. Ядахад яр гэдэг шиг Хятад чөлөөтэй нээсэн ч манай экспортын гарц маш жижигхэн. Зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувь Гашуунсухайт боомтоор л гардаг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор нэвтэрдэг. Ингэхээр Зүүнбаян-Хангийн төмөр зам яах аргагүй экспортын хоёр дахь гарцыг холбоно гэсэн үг. Ийм чихэнд чимэгтэй мэдээллүүд өнгөрсөн баасан гарагт дуулдав.

 

Энэ төмөр замын бүтээн байгуулалтад гол рольтой оролцож буй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “...Монгол Улсын хувьд Төрөөс төмөр замд баримтлах бодлогоо тодорхойлж, эхний ээлжид гурван төмөр зам буюу Хөөт-Бичигт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги, Арц суурь-Шивээхүрэнг хувийн хэвшлээр бариулах шийдвэр гаргалаа. Энэ олон төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулахгүй бол эдийн засаг хүнд байна. Концесс бол зураг төслөө өөрөө хийнэ, барина, ашиглана, тодорхой хугацааны дараа  төрд үнэгүй шилжүүлнэ гэсэн үг. Түүнээс биш бариад төрд өгчихөж байгаа хэрэг биш. Ийм том төслүүдийг төр хувийн хэвшилтэйгээ хамтарч хэрэгжүүлж байж улс орны эдийн засаг урагштай хөгжинө. Мөн богино хугацаанд барих боломжтой” гэсэн байна лээ. Бүтээн байгуулалт хийнэ гэвэл бидэнд байгаа хамгийн зөв гарц нь энэ.

 

Ер нь тэгээд зэс, нүүрсээ л гаргаж амь зуудаг манай улсад экспортоо чөлөөтэй болгохоос өөр нэн тулгамдсан асуудал байхгүй. Гэвч төмөр замаар экспортлогч хөрштэй холбохгүй байлгах гэж мөн ч олон жил биднийгээ айлгасан. Төмөр замын нарийн цариг сонгоод Хятадтай холбогдвол танк орж ирнэ, яана яана ч гэлээ дээ. Тэгж айлгаж байгаад олон жил хил орчмоор далд эдийн засгийг далай болтол хөгжүүлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн боомтоор “танкны зам” тавиад эхэллээ. Хэдхэн хоногийн дараагаас ашиглалтад аваад эхэлнэ. Тэгээд энэ намар, дараалаад холболтууд хийгдчихнэ.

 

Тэрбээр цагаан сарын үеэр Хятадад айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг айлын талтай эцэслэн тохиролцсон. Түүгээр царигийн маргаан дууссан. Удахгүй холбогдоно.

Ер нь бол COVID-19, дайн хоёрын үед засаг барьж буй “азгүй” Ерөнхий сайдын хожим “аз дагуулах” ажил нь энэ болно доо. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн энэ “танкны зам”-ууд л та биднийг COVID-19, дайн хоёрын хямралаас гарахад аминд орж мэднэ шүү.

 

Б.Гарьд

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин