Өнөөдөр АН-ын даргад нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын сурталчилгааны нээлт Хэнтий аймгийн Чингис хотод болж, тэд Хэнтий аймгийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.

Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга: "Ардчилсан намын гишүүд болон ардчиллыг дэмжигч иргэдтэй хийх уулзалт өнөөдөр Хэнтий аймгаас эхэллээ.

Би Ардчилсан намын даргын сонгуульд: "Эв Нэгдэл, Ялалт, Хөгжил" гэсэн уриатай оролцож байна.

Өнөөгийн Ардчилсан намын нөхцөл байдлыг Та бүхэн мэдэж байгаа. Би нухацтай дүгнэлт хийж, МоАХ болон Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн хүсэлтийг үндэслэн намын даргад өөрийн нэрийг дэвшүүлж буй.

 

Хэрэв Ардчилсан нам олонх эсвэл хүчтэй цөөнх байсан бол миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд нэрээ дэвшүүлэхгүй байсан бөгөөд өнөөдрийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж байгаа тул энэхүү шийдвэрийг гаргасан юм.

 

Мэдээж, Ардчилсан намын дарга болоод юу хийх вэ, гэж хамгийн түрүүнд надаас асуух байх.

Ардчилсан намд энэ тэргүүнд эв нэгдэл хэрэгтэй билээ.

Ардчилсан нам ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэгч хүн бүрийг нэгтгэж, ардчилсан үзэл санааны үндэсний нэгдэл болох учиртай. Үүний төлөө  ардчиллын төлөө зүрх нь цохилдог хэн бүртэй эвсэж, 2024 оны сонгуульд ялалт байгуулахыг зорьж байна.

 

сонин mn

 

Бидэнд бүрэн боломж бий. Яагаад ийм итгэл найдвартай байна гэхээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч цаана нь иргэдийн олонх буюу 54 хувийн санал гээгдсэн. Иймд, бид эвийг эрхэмлэж, ардчилсан үзэл санааны төлөө нэгдэж чадвал улс эх орныхоо шинэ хөгжлийг бүтээж чадах билээ." гэв.