Автомашины тоо нэмэгдэн, замын хөдөлгөөн нягтаршиж буйтай зэрэгцэн осол зөрчил ихэсч, иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр  "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр" тохиосон. Эл өдрийг тохиолдуулан өнгөрсөн 2013 онд авто замын ослоор амь насаа алдсан 37 хүүхдийн хоосон сурагчийн ширээг Эрх чөлөөний талбайд засч, гүн эмгэнэл илэрхийлсэн талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Налайхын замд ноцтой авто осол гарсан талаар мэдээг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэсэн.  Уг ослоор амиа алдсан дөрвөн хүний гурав нь бага насны хүүхэд байсан юм.

Бидний үргэлжлэл болсон үр хүүхдүүдээ жолооны ард суусан алуурчдын гарт алдсаар байх уу!

Баримт хоёр: 2012 онд Баянгол дүүрэг зургадугаар бичил хорооллын зам дээр долоохон настай охин сургуулийнхаа гадаа машинд дайруулж амь насаа алдсан хэрэг гарсан. Нийслэлийн 13 дугаар сургуулийн сургуулийн хашаанаас 2,3 хан алхмын зайд зам байдаг. Энэ сургуулийн дэргэдэх зам дээр  хурд сааруулагч, явган хүний гарц, сургууль, цэцэрлэгийн орчим байрлуулдаг “Анхаар хүүхэд” гэсэн тэмдэг аль нь ч байдаггүй байсан 2,3 осол гарч хүүхдийн амь авч одсоны дараа хурд сааруулагч, явган хүний гарцаа хийж тэмдэглэсэн.

Баримт гурав: Өнгөрөгч 2011 онд улсын хэмжээнд зам тээврийн ослоор 40 хүүхэд амиа алдаж, 0-17 насны 202 хүүхэд бэртэж гэмтжээ. Өөрөөр хэлбэл, 200 гаруй хүүхэд хөгжлийн бэрхшээлийн зовлонг амсч, үеийнхээ хүүхдүүдийн гүйж, харайхыг нулимстай нүдээр хараад сууж байгаа гэсэн үг.

Дээрхээс дүгнэхэд, осолд өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 7-14 насныхан байгаа бөгөөд тэд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад осолд өртдөг байна.

Мөн хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж  хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явдагаас үүдэн автын ослоор хүүхэд амь насаа алдсаар...

Уншигч та одоо зам дээр хөдөлгөөнт оролцож байгаа жолоочдыг ажиглаад нэг үзээрэй тэдний ихэнх нь нялх хүүхдээ тэвэрчихээд жолоо барих, хүүхдээ хажуугийнхаа сандал дээр зогсоож явах. лүкээ онгойлгосон үед нь хүүхэд толгойгоо цухуйлган явдаг. Энэ нь их эрсдэл өндөртэй гэдгийг эцэг эхчүүд мэддэг л баймаар.

Хүүхдээ авто ослоос сэргийлж, зам хөндлөн гарахдаа үргэлж сонор сэрэмжтэй байж, өөрөө автомашиндаа хүүхдээ тээвэрлэхдээ бүсийг нь бүслүүлж, бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглүүлж занших хэрэгтэй.

              

Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгсэлээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрөгч оны тайландаа тусгасан байдаг.

Түүнчлэн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг гэдгийг жолооч та санаж явах хэрэгтэй.

Бид л ирээдүй хойч болсон хүүхдийнхээ амиа нас болоод өөрийн амиа хамгаалахгүй бол өөр хэн ч таны амийг хамгаалахгүй.

 

Х.Даваа