Арилжааны банкууд гадаад гүйлгээндээ лимит тогтоосон асуудал улам хүндэрсээр байна. Бүхий л бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хувьд энэ бол аюулын харанга гэсэн үг.

Нэг сарын өмнө 50 сая төгрөгтэй тэнцэх валют буюу ам.долларын гүйлгээг хийнэ гэсэн лимит тогтоож байсан бол энэ дүн 30 сая, 10 сая, таван сая гэж буурсаар өнөөдөр нэг сая төгрөгт хүрлээ. Өчигдрийн байдлаар Хаан банкны гадаад гүйлгээний лимит гэхэд 300.000 төгрөгтэй тэнцэх буюу 99 ам.долларын гүйлгээг л нэг өдөрт хийх боломжтой байв.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн сүүлд хийсэн мэдээллээр арилжааны банкууд гадаад гүйлгээндээ лимит тогтоох асуудал байхгүй. Ам.долларын хомсдол нүүрлээгүй гэж мэдэгдэж байв. Гэвч өнөөдөр нөхцөл байдал улам хүндэрч, бизнес эрхлэгчид хэлэх үггүй болж, эцсийн дүндээ тэмцлийн хэлбэрт шилжиж эхэллээ.

Гадаад гүйлгээндээ лимит тогтоож байгаа гол банкууд бол Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк гэгдэж байна. Өдөрт 300.000, нэг сая төгрөгтэй тэнцэх гадаад валют шилжүүлэх боломжтой гэх энэ лимитээс үүдэж бизнес эрхлэгчдийн гадаад шилжүүлэг хэдэн өдрөөр үргэлжлэх, өндөр шимтгэл төлөх, цаашлаад гадаад харилцаагаа алдах, бизнес нь нурах зэрэг төсөөлж барахгүй эрсдэлтэй нүүр тулчихаад байна.


Бодит нөхцөл байдлыг бизнес эрхлэгчид ийнхүү ярьж байна.


Бизнес эрхлэгч С.Солонго: Үнэхээр энэ нөхцөл байдалд сөхөрч байна


-Гадаад валютын лимит тогтоосон явдал ямар үр дагавартай байна вэ?

-Манай компанийн хувьд сүүлийн найман жилийн хугацаанд АНУ-аас чанартай гоо сайхны бараа бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалж байна. Анх ам.доллар 1700 төгрөг байхад бизнесээ эхлүүлж байлаа. Гэтэл өнөөдөр валютын ханш 3000 давчихлаа. Дээр нь арилжааны банкууд гадаад гүйлгээндээ лимит тогтоочихлоо. Бид АНУ дахь харилцагч компанидаа сард багадаа 15.000 ам.долларын худалдааг хийх хатуу гэрээтэй. Харамсалтай нь гэрээгээ биелүүлэх боломжгүй болчихлоо. Маш бухимдалтай байна.

-Банкууд ямар лимит тавьж байх юм?

-Би Голомт банкны харилцагч. Анх бол нэг өдрийн лимит 500 ам.доллар гэж байсан бол одоо 300 ам.доллар гэж байна. Энэ лимитээр би худалдан авалтаа яаж хийх вэ. Нэг сард 15.000 ам.доллараас бууруулж болохгүй гэж байгаа. Энэ төлбөрийг хийе гэвэл өдрийн 300 ам.доллараар бодвол 50 өдөрт хувааж шилжүүлэх нь.

-Шимтгэл ч өндөр бололтой?

-Маш өндөр. Бод л доо. Нэг удаагийн гүйлгээнд дамжуулагч банкаар гүйлгээ хийсний шимтгэлд 60 ам.доллар өгдөг. Дээр нь Голомт банк гүйлгээний дүнгээс хамаарч 20-50 мянган төгрөгийн нэмэгдэл татвар авдаг. 50 өдөрт 300 ам.долларыг шилжүүлье гэвэл ямар их шимтгэл төлөхөөр байна, харагдаж байгаа биз дээ.

-Лимит тогтоож байгаа шалтгааныг банкнаасаа асууж үзэв үү?

-Үзэлгүй яах вэ. Голомт банкны лавлах албан ёсоор энэ тухай тайлбар өгсөн. Ингэхдээ Монголбанкаас арилжааны банкуудад гадаад гүйлгээндээ лимит тогтоо гэсний дагуу авч байгаа арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Ийм нөхцөл байдлыг удаан тэвчлээ. Удахгүй хэвийн байдалдаа орох байх гэж хүлээсээр байна. Гэвч нөхцөл байдал дээрдэхгүй байна шүү дээ. Энэ бизнес маань жижиг ч гэсэн 10 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Бизнес эрхлэгчид Монгол Улсад татвараа төлж, ажлын байр бий болгодог гол салбар. Манай улс үйлдвэрлэгч орон биш. Бүхий л бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Доллараар худалдаагаа хийдэг. Гэтэл хамгийн гол эргэлт дээр ийм тэнэг, ойлгомжгүй лимит тогтооно гэдэг юу гэсэн үг вэ.

-Монголбанкнаас энэ тухайд үгүйсгэж байгаа шүү дээ?

-Гайхаж байна. Нэг бол Монгол Улс үнэхээр эдийн засаг нь сөхөрчихсөн, долларгүй болчихсон юм байна. Эсвэл хэдэн арилжааны банкны эзэд, улстөрчид доллараар лимит тогтоож бизнесийг сөхрүүлж байна. Өөр ямар ч сонголтгүй.

Энэ бол зөвхөн бизнес эрхлэгчдийн асуудал биш. Үүний хор уршиг иргэдийн нуруун дээр, Монгол Улсын улсын төсвийг бүрдүүлэх татвар дээр л хүнд тусна. Үнэхээр энэ нөхцөл байдалд сөхөрч байна. Лимит тавьсан, тавиагүй бизнес эрхлэгчид хүнд байгаа. Тээврийн үнэ нь тэнгэрт хадчихсан. Өнгөрсөн жилийн долдугаар сард АНУ-аас нэг кг ачааг агаарын тээврээр найман ам.доллараар авч байсан. Дараа нь 10, 13 ам.доллар болсон. Одоо 15 ам.доллар болчихоод байна. Жил хүрэхгүйн хугацаанд хоёр дахин нэмэгдчихлээ.

Түрээслэгчид инфляцийн өсөлт гээд түрээсийн тарифаа 50 хувиар нэмчихлээ. Ийм байдлаар удаан тэсэхгүй, өөр зүйл хийх талаар л боддог болж байна. Ийм арчаагүй улс оронд амьдрах сонирхол ч алга. Гадагшаа явж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй юм байна.


Бизнес эрхлэгч Д.Дашдулам: Арилжааны банкууд үзэмжээрээ лимит тогтоож байна


-Гадаад валютын гүйлгээгээ гүйцэхийн тулд бизнес эрхлэгчид аргаа барж байна. Танай компани гүйлгээгээ яаж хийж байна вэ?

-Манайх Солонгосоос бараа оруулж ирж худалдаалдаг компани. Бид Солонгос дахь түнштэйгээ 15 болон 30 хоногийн дотор төлбөрөө төлөх нөхцөлтэй ажилладаг. Гадаад гүйлгээнд хязгаарлалт тогтоосон нь бизнес эрхлэгчдэд маш хор уршигтай зүйл болж байна. Эргэн төлөлтийн хугацаандаа гүйлгээгээ хийж чадахгүй, найдваргүй харилцагч болж хар дансанд орох эрсдэлтэй.

Өдөрт 99 долларын гүйлгээ хийгээд сууна гэдэг хэцүү. Аргаа барахдаа ажилчдынхаа нэр дээр олон улсын данс нээж, гүйлгээгээ хийдэг болж байна.

-99 ам.доллар гэдэг нь 300.000 мянган төгрөгийн лимит гэсэн үг үү?

-Тийм ээ. Хаан банк өчигдрийн байдлаар нэг өдрийн лимит нь 300.000 болчихсон байсан. Уг нь өчигдөр /уржигдар/ нэг сая төгрөгтэй тэнцэх ам.долларыг шилжүүлж болж байсан юм.

-Банкууд өөрсдийн үзэмжээр өдөр өдрийнхөө лимитийг тогтоогоод байна уу?

-Тийм л бололтой. Өчигдөр /уржигдар/ өдөр нэг сая төгрөг байсан, гэтэл орой нь 300.000 болчихсон байна лээ. Өнөөдөр ч 300.000 хэвээрээ байсан.

Долларын ханш чангарч байгаа энэ үед хязгаарлалт тогтоох нь бизнес эрхлэгчдэд маш хүнд. Дээр нь тээврийн хөлс нэмэгдэнэ. Арга барахдаа жагсаал хийж байна шүү дээ. Мэдээж үүн дээр Монголбанк хориг тавиагүй. Арилжааны банкууд л ийм зүйл хийж байна. Тэд Монгол Улсыг, бизнесүүдийг ингэж хохироох эрхтэй юү. Үүнд анхаардаг төр засаг, улстөрчид гэж алга бололтой.

Хязгаар тавих шаардлагатай бол ядаж иргэд, аж ахуйн нэгжээ салгах хэрэгтэй. Иргэд байнга өндөр дүнтэй гадаад шилжүүлэг хийхгүй байж болно. Компаниудын хувьд бол өөр. Маш хохиролтой зүйл болж байна гэв.