А.Нинжин: Архиар шахуулж байгаа нь биш, шахаж байгаа нь ичдэг болох ёстой
2022/04/12
Олон улсын эдийн засгийн харилцааны судлаач А.Нинжинтэй ярилцлаа.
Сүүлийн үед Монгол улс архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр орох болсон талаар олонтаа ярьж, бичиж байна. Та энэ талаар хийсэн судалгааныхаа үр дүнгээс хуваалцахгүй юу?
Юуны өмнө дэлхийн түвшин ямар байгаа талаар ярих нь зүйтэй. ДЭМБ-ын тайланд тусгаснаар жил бүр 3 сая хүн архинаас хамааралтайгаар нас бардаг гэсэн үзүүлэлт байдаг. Үүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэйчүүд. Гэхдээ сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж байгаа харамсалтай үзүүлэлт бий. Монгол Улсын хувьд жилд 4,500 орчим хүн архинаас шууд болон шууд бус хамааралтайгаар нас бардаг. Донтох эмгэгийн түвшин нь 6,2 хувь буюу дэлхийд өндөрт орно. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс энэ хувь удахгүй 9,1 болох магадлалтай байна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Энэ нь Монгол Улсад согтууруулах ундааны хэрэглээ цаашид ч өсөх нь гэдгийг харуулж байгаа юм. Мөн манай улсын согтууруулах ундаанд гүн донтсон эмгэгийн түвшин 4,4 хувь байдаг. Энэ нь дэлхийн дунджаас 3 дахин илүү байгаа юм. Согтууруулах ундааг уух давтамжаараа ч Монгол улс дээгүүрт орж байна. 100,000 хүн тутамд ноогдох архины хамааралтай нас баралтаараа дэлхийд хоёрт орж байна. Манай улсын согтууруулах ундааны хэрэглээ Европын холбооны улсуудын үзүүлэлтүүдтэй төстэй байдаг. Гэтэл биеийн онцлог нь Зүүн өмнөд Азийн орнуудтай адилхан.
Согтууруулах ундааг задалдаг фермент нь 1,2 хувь, гүн донтсон хүмүүсийн хувьд 0,2 байна гэж судалгаагаар гарсан байдаг. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр Монголчууд биенд нь орсон согтууруулах ундааг задалдаг бодисын архаг дутагдалтай гэсэн үг. Нэгэнт задалж чадахгүй учраас согтууруулах ундааны хор нь эд эрхтнүүд рүү нь орж хордуулдаг.
Үүнээс улбаалан ферментийн дутагдлаас шалтгаалсан элэгний хорт хавдар тусаж байгаа магадлал нь өндөр болж байна л даа. Тийм учраас Монгол хүний онцлог, архи, согтууруулах ундааг даах чадвар нь ямар түвшинд байгаа юм гэдэгт таарсан арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй. 2021 оны байдлаар нас баралтын шалтгаан нь архи, согтууруулах ундаа болсон тохиолдол өндөр байна. Ялангуяа шүүх эмнэлгийн тоо баримтаас харахад нас баралтын шалтгааны нэгдүгээрт өвчин, хоёрдугаарт архи,согтууруулах ундаа байгаа. Архины хордлого мөн өндөр. Өөрөөр хэлбэл Монгол улсад архи, согтууруулах ундааны зохисгүй буюу хэтрүүлсэн хэрэглээ өндөр байна. Тийм учраас архидалттай тэмцэхийн тулд хэтрүүлсэн хэрэглээг буулгахад гол зорилго нь чиглэж байх ёстой. Зохист хэрэглээг дэмжсэн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Мөн архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт, эрүүлжүүлэгдэж байгаа болон Наркологийн төвөөр эмчлүүлж байгаа иргэдийн тоо өсөж байна. Түүнчлэн хэдийгээр өнөөдөр хамааралтай болоогүй ч ирээдүйд архинд донтох магадлалтай байгаа иргэд рүүгээ, масс руугаа хандаж ярихгүй бол архинд донтох эмгэгтэй хүний тоо жил бүр өсч байгаа. Хэдхэн жилийн өмнө энэ тоо 4 хувь байсан бол өнөөдөр 6,5 хувьд хүрч, 2025 он гэхэд 9,1 болно гэсэн судалгаа байна. Улс орны 10 хүн тутмын 1 нь архинд донтох эмгэгтэй болчихвол үүнийг дагаад тогтмол хэрэглэдэг хүний тоо ч өснө гэсэн үг юм. Ийм аюул ажиглагдаж байна.
Та яриандаа зохистой хэрэглээний талаар дурьдлаа. Ер нь согтууруулах ундааг зохистой хэрэглэх буюу стандарт уулт гэж бий юу?
Стандарт уулт гэж байдаг л даа. ДЭМБ-аас гаргадаг тоо бий. Гэхдээ Монгол Улсын хувьд стандарт уултаасаа үргэлж давдаг. Сүүлийн 30 хоногт 60 грамм, түүнээс дээш цэвэр спирт хэрэглэсэн бол хамааралтай гэж хардаг. Олон улсад архийг 3 хувааж авч үзэж, судалгаануудаа хийдэг. Нэгдүгээрт цэвэр спирт, хоёрдугаарт шар айраг, гуравдугаарт дарс. 1800-1900 оны үед нийт согтууруулах ундааны хэрэглээний 80 орчим хувь нь дарс байж. Шар айраг маш бага хувь эзэлж, спиртийн хэмжээ нь нэг хэвийн жигд явж иржээ. Гэтэл 2000 оноос хойш энэ харьцаа өөрчлөгдөж, дарсны эзлэх хувь багассан. Спирт хэвээрээ, харин шар айрагны хэмжээ тэлээд эхэлсэн байна. Спиртны хэмжээ яагаад нэмэгдэхгүй, хэвэндээ байна вэ? гэхээр олон улсад хатуулагт суурилсан татварын бодлого баримталдаг. Сая таны асуусан стандарт уулт гэдэг дээр Монгол Улс яагаад өндөр хэмжээтэй гардаг вэ? гэхээр манай улсын архины хэрэглээний төрөл зүйл дээр архи өндөр хувийг эзэлж байна. Тайланд тусгагдсанаар 54 хувь нь спирт, 40 гаруй хувь нь шар айраг, 2 хувь нь дарс гэх мэтчилэн. Хатуулаг өндөртэй согтууруулах ундааны хэрэглээ их байгаа учраас спиртны хэрэглээгээрээ ч, стандарт уултын хэтрэлтээрээ ч дэлхийд дээгүүр ордог.
Монгол Улс яагаад дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүртлээ архинд донтох эмгэгтэй болчихов оо? Үүний шалтгаан нь юу байна вэ?
Үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлж байна. Орчны хүчин зүйлс, нийгмийн соёл, хувь хүний хүчин зүйл гээд. Зарим хүмүүс хэт нэг талыг барьж тайлбарлах гээд байдаг л даа. Зөвхөн ажилгүйдэл, татвар, эсвэл хувь хүний ухамсрын асуудал шүү дээ гэдэг ч юм уу. Үнэндээ маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээрээс алийг нь ч нэн тэргүүнд гэж авч үзэхэд хэцүү. Монгол Улсын хувьд энэ бүх хүчин зүйлд нөлөөлөх цогц арга хэмжээг өмнө нь авч байгаагүй. Орчны хүчин зүйл гэхэд л ядуурал, архидан согтууруулахтай хамааралтай авч хэрэгжүүлж буй бодлогууд нөлөөлдөг. Нийгэм, соёлын хүчин зүйл дотор соёлын хэм хэмжээ, ёсзүй, нийгмийн боловсролын түвшин, мэдээллийн хүртээмжтэй байдал гээд олон зүйл хамаарна. Хувь хүний хүчин зүйлд мэдээж тухайн хүний хандлага, удамшил, боловсрол гэх мэт зүйлс хамаардаг. Ядуурал архидалт хоёр шууд хамааралтай. Амжиргааны түвшин доошлох тусам архины хэрэглээ нэмэгддэг.
Нөгөө талдаа архинаас хамааралтай болох тусам амжиргаа нь доошилдог. Гэтэл сүүлийн жилүүдэд Европт хийсэн судалгаагаар амжиргааны түвшин өндөр болох тусам архины хэрэглээ дагаад өссөн сонирхолтой тохиолдол байна. Тийм учраас архидалттай тэмцэхийн тулд маш олон өнцгөөс харж, үүндээ тохирсон бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Ядуурлын түвшинг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаануудыг ч хийх ёстой. Боловсролын түвшинг нэмэгдүүлж, эрүүл мэндийн боловсролын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрэглээний зөв соёлыг төлөвшүүлэх гэх мэт цогц арга хэмжээ авахгүйгээр, судалгаанд суурилахгүйгээр нааштай үр дүнд хүрч чадахгүй гэдэг зүйл ажиглагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, согтууруулах ундаатай холбоотой зарлиг гаргасан. Та ямар байр суурьтай байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд маш том шийдвэр гаргалаа. Төрийн бодлого гаргах түвшний хүмүүсийн хэн нь ч өмнө нь ийм шийдвэр гаргаж байгаагүй. Архи, согтууруулах ундааны хатуулаг буулгах гэдэг дээр иргэдийн зарим нь эерэг, нөгөө хэсэг нь сөрөг байр суурьтай байна. Соён гэгээрүүлэх тал дээр биш, зөвхөн хязгаарлах арга хэмжээ авах гээд байна гэх хүмүүс ч бий. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт 9 чиглэлийг онцолсон байсан. Үүн дотор ядуурлын түвшинг буруулах, хатуулагтай холбоотой асуудал, татварт суурилсан бодлогуудыг хэрэглэнэ гэж байгаа. Мөн нийгмийн хандлага буюу соён гэгээрүүлэх ажлуудыг цогцоор нь хийнэ гэсэн. Зарим хүмүүс магадгүй мэдээллээ бүрэн аваагүй, зөвхөн нэг талаас нь яриад байгаа юм болов уу? Тийм учраас зөвхөн нэг талаа буруутгалгүйгээр, залуучууд бид ч энэ асуудалд оролцох хэрэгтэй. Согтууруулах ундаатай тэмцэх тухай хууль хэлэлцэгдэж байгаа энэ үед хууль батлагдсаны дараа шүүмжлэх бус, одоо өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Олон улсад соён гэгээрүүлэх бодлого, үндэсний хөтөлбөр нь хамт байдаг. Тэгж байж согтууруулах ундааны хэрэглээ зохист түвшинд орж, үр дүнгээ өгдөг.
Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт маш олон зүйлийг оруулсан байгааг олон улсын үр дүнд хүрсэн аргуудыг хэрэгжүүлэх гэж байна гэж харж байгаа. Үүн дотор хатуулагт суурилсан гэдэг аргыг олон улсад өргөн хэрэглэдэг. Япон, Солонгост энэ арга маш үр дүнтэй болсон. Учир нь өмнө хэлсэнчлэн Зүүн өмнөд азийн орнуудын хүмүүсийн биеийн онцлог нь хоргүйжүүлэх түвшин бага байдаг учир хатуулаг багатай согтууруулах ундаа хэрэглэвэл архинд донтох эмгэг буурах ач холбогдолтой. Энэ бол олон улсад, тэр дундаа Зүүн өмнөд азид туршигдаад, үр дүнгээ өгчихсөн арга. Монгол Улсын хувьд дэлхийн чиг хандлагаас өөр буюу спиртийн хэрэглээ нь давамгайлаад байдаг. Үүн дээр хатуулгыг бууруулах нь үр дүнгээ өгнө. Мөн хязгаарлалтын аргуудыг хэрэглэх нь бусад улстай харьцуулахад сул санагддаг.
Япон улсад согтуугаар жолоо барих юм бол 5 жил хорих, эсвэл нэг сая иен буюу Монгол төгрөгт шилжүүлбэл 20 гаруй сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг. Гэтэл Монгол Улсад 400 орчим мянган төгрөгөөр торгож, зөвхөн жолоо барих эрхийг тодорхой хугацаагаар хасдаг. Энэ зөрчлөө давтан гаргасан тохиолдолд 7-30 хоногийн баривчилгаа гэх заалт бий. Олон улсын арга хэмжээнүүдийг шууд хуулбарлах нь зохимжгүй хэдий ч хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр төр засаг хатуу байр суурь барих ёстой. Мөн гаргасан хууль, шийдвэрийг дунд, доод шатны албан хаагчид хэрхэн хэрэгжүүлж байгаа дээр хяналт тавих хэрэгтэй.Улс орны нөхцөл байдал, дунд доод шатны албан хаагчид хэрэгжүүлэхэд тохиромжтой аргуудыг авч хэрэгжүүлэх нь хамгийн зөв юм.
Ерөнхийлөгчийн хувьд зарлиг гаргаж, чиглүүлээд өгчихлөө. Одоо бид яах ёстой вэ? Монгол Улсын хувьд олон улсын жишээгээр амжилттай хэрэгжсэн аргуудаас аль улсынхыг хэрэглэвэл илүү үр дүнд хүрэх бол? Ер нь бид ямар хугацааны дараа архидалт, түүнээс шалтгаалсан сөрөг үр дагавруудыг багасгаж чадах бол?
Олон улсад хязгаарлах, соён гэгээрүүлэх тал дээр анхаардаг бол Монгол Улсын хувьд соён гэгээрүүлэх тал дээр харьцангуй муу байсан. Архитай холбоотой ямар нэгэн аян зохиогдохоороо нэг сар яваад л алга болчихдог. Энэ нь хэзээ ч үр дүнд хүрэхгүй. Энэ бугшсан асуудлыг нааштай үр дүнд хүргэхийн тулд нийгмийг соён гэгээрүүлэх, мэргэшсэн хүмүүстэй хамтрах, маш цэгцтэй, тууштай, урт хугацааны үйл ажиллагаа явуулах ёстой. Үүний тулд асуудлуудаа зөв тодорхойлох хэрэгтэй. Бидний тархинд архинаас үүдэлтэй хэвшмэл, буруу ойлголтууд маш хүчтэй нөлөөлдөг. Үүнд архигүйгээр ажил бүтдэггүй гэдэг ч юм уу, архи бол сайн нойрсуулагч, заавал гурав тат, Монголын ёс гурав, сөн түш гэдэг ч юм уу, уудаггүй хүн байдаггүй гэх буруу ойлголтууд нь донтох үйл явцад нөлөөлдөг. Тийм учраас хязгаарлалтын бодлогуудтайгаа хамт нийгмийн зөв соёл руу хөтлөсөн арга хэмжээнүүдийг явуулж байх ёстой. Зөв ойлголтуудыг өгөх хэрэгтэй.
Архины буруу соёлыг уламжлуулан авч явдгаа болих ёстой. Албан байгууллагуудын тэмдэглэлт баяр маш олон байдаг шүү дээ. Тэр баяр бүр дээр архи хэрэглэхээ болих ёстой. Бусдыгаа архиар шахдаггүй байх хэрэгтэй. Тийм учраас хамгийн гол асуудал нь бид нийгмийн сэтгэлзүйг бэлдэх ёстой. Мөн хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх ёстой. Гаргаж ирж байгаа бодлогууд нь хөрсөн дээрээ буух ёстой. Ингээд урт хугацаандаа зохистой хэрэглээтэй залуусыг бий болгочих юм бол согтууруулах ундааны хор, хөнөөлийг бууруулахад маш том үр нөлөө үзүүлнэ. Тийм учраас эдгээр ажлуудыг дэс дараатай удаан хугацаанд тууштай хэрэгжүүлэх ёстой. Олон улсад худалдах цагийн хязгаар, өдрийн хязгаарлалт, үнийн бодлого, татварын бодлого, олдоц, түгээлттэй холбоотой, хяналтын, урьдчилан сэргийлэх, олон нийтийн арга хэмжээ гэх мэт маш олон арга бий. Архины хөнөөлийг бууруулах олон улсын стратеги дээр энэ мэтчилэн 10 ерөнхий чиглэл зааж өгсөн байдаг. Эдгээр чиглэлийг дэс дараатай, маш мэдрэмжтэй хийх ёстой. Тэгэхгүй бол хүмүүстээ ч хүрэхгүй, үр дүнгүй, харин ч тухайн асуудлаа бүр өдөөх аюултай. Учир нь авлигын эсрэг, архины эсрэг, хүчирхийллийн эсрэг гэдэг үгнүүд эсрэг утгатай хэдий ч хүний тархинд тухайн зүйлийг өдөөж байдаг. Өнөөдөр Монгол Улсад архиар шахуулсан хүн нь ичиж, шахаж байгаа хүн нь бардам, бадрангуй байна. Ийм байж болохгүй. Хоорондоо харилцаж байгаа соёлоосоо эхэлж өөрчлөх хэрэгтэй.
Шахуулж байгаа нь биш, шахаж байгаа нь ичдэг соёлыг түгээж чадвал тухайн хүний уух давтамж нь багасдаг. Ер нь хэн нэгэн хүн хүчээр шахаж уулгахгүй бол хөл дээрээ тогтохгүй болтлоо, хордлогонд ортлоо, ухаанаа алдталаа уух нь ховор шүү дээ. Энэ бол ерөөсөө хандлагын асуудал. Тийм учраас хандлага, бодлого, үндэсний хөтөлбөрийг цогцоор нь авч явах хэрэгтэй.
Зөвхөн нэг өнцгөөс бусдыгаа шүүмжилдэг үе өнгөрсөн. Залуус бид өөрсдөө энэ ажилд хувь нэмрээ оруулах ёстой. Бидний багт эмч, дизайнер, менежер гэх мэт олон ажил мэргэжилтэй хүмүүс байдаг. Бид ч өөрсдөө хийж чадах бүхнээ хийхийг хичээдэг. Зөв соёлд залуусыг, бусдыгаа уриалах гэх мэт ажлуудыг бид өөрсдөө ч хийж болно. Хуулийн төсөлд өөрсдийн саналаа оруулах гэдэг ч юм уу. Хэн нэгнийг шүүмжилж суухынхаа оронд энэ аяныг яаж сайн хийх вэ? төрийн бодлого, шийдвэрт юуг нэмж чадвал илүү бодитой болох вэ? гэх мэтчилэн өөрсдийн ур ухаанаа зөвөөр ашиглах тал дээр анхаарцгаая гэж залуустаа уриалмаар байна.
Төгсгөлд нь миний асууж чадаагүй, таны хэлье гэж бодсон зүйл байвал?
Ямар ч бодлого, шийдвэр, судалгааны аргуудад дутагдалтай, сул тал байдаг. Эдгээр сул талыг залруулахад залуусын оролцоо маш их хэрэгтэй байна. Бид хэн нэгэндээ бурууг нь буруу гээд хэлчихдэг зоригтой байх ёстой. Их, дээд сургуулиудад энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг илүү хүргэмээр байна. Ирээдүйд ажил дээр, амьдрал дээр гарч ирэх залуусынхаа сэтгэлзүйг бэлтгэхэд хүчтэй нөлөөлөх шаардлага бий. Үүний тулд мэргэжлийн байгууллагууд, төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд бүгд нэгдээд, хоорондоо зөвлөлдөж асуудлаа шийддэг хамтын ажиллагаатай байгаасай гэж хүсдэг.
2023-2030 он хүртэлх архины хор хөнөөлийг багасгах олон улсын стратеги энэ жил батлагдаж байна. ДЭМБ өөрийн түнш байгууллагуудтайгаа хамтарч ажиллах ажлууд энэ чиглэлээр өргөжиж эхлэх гэж байгаа. Нэгдүгээрт, ийм өвөрмөц үе тохиож байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Гуравдугаарт, залуус ч тэсэхээ болилоо. Өмнө нь энэ асуудал байсан хэдий ч өдгөө тоо нь улам нэмэгдэж байна. Ийм олон өнцөг байгаа учраас миний хувьд архины хор хөнөөлтэй тэмцэх ажлыг өөдрөгөөр харж байна. Гэхдээ амлаж болохгүй. Магадгүй 10, 20 жилийн дараа энэ ажлынхаа үр дүнг үзэх болов уу.
Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Ярилцсан: Н.Энхдэлгэр
sonin.mn
zochin · 2022/04/12
unen shu arihchin ulsad tegeed yuch helsen huleej avah bichdee
Ddavaa · 2022/04/12
Nen turuund 750 ml ever savlasan arhiig niitleg heregleenees hasahguigeer yamar negzohistoi hereglee "nomloh" hereggui Neriin hor 750-tai ochihoos gedeg nerelhuu zan arhind jivuulj baina 750 delguurt bailgui bol 0,5-tai ochno Hen ch 750 -tai irsengui gej gomorhohgui Gants yumtai irlee heerhii l gene