М.Хүслэн

Бидний бухимдлын гол шалт­гаан болсон үнийн өсөлттэй тэмцэх боломжтой юу. Нэгэнт дэлхийн зах зээлийн үнээс шалтгаалж байгаа юм бол Засгийн газраас юу хүсч болох вэ. Гайхал инфляцыг сумлагч нь юу вэ. Ер нь, инфляц гэж юу вэ гэх мэт асуулттай өдөр бүр тулгарах боллоо. 

Бараа, үйлчилгээний үнэ өсч, гарт ирж байгаа хэдэн төгрөг үнэгүйдэхийг инфляц гээд байгааг хэнбугай ч өнөөдөр ойлгохтойгоо болж. Монголбанкны зүгээс өнгөрсөн жилийн намар цар тахлын дараа хил гаалийн гацаатай холбоотойгоор инфляц 12 хувьд хүрнэ. 2022 оны сүүлийн хагасаас бид зорилтот түвшин болох 6+-2 руу оруулна хэмээн ярьж байсан ч харамсалтай нь, цар тахалтай залгаад дэлхий дахинд дайны нөхцөл байдал үүсчихлээ. Өнөөх 12 хэмээн төсөөлж байсан инфляц 15 хувьд  аль хэдийнэ хүрсэн. 

Оны сүүлийн хагаст инфляц буурах магадлал үнэндээ тэг хувьтай. Бууруулна гэж том дуугарснаас энэ төвшнөөс нь өсгөхгүй гэх нь бодит байдалд дүйнэ.

Өнөөдөр бидний амьдралд бодитоор нөлөөлдөг 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээ бий гэж тооцсон байдаг. Үүнийг хэрэглээний сагсан дахь бараа үйлчилгээ хэмээдэг.  26.1 хувийг хүнсний бараа, 16.6 хувийг бөс бараа хувцас хунар, 14.4 хувийг тээврийн бүлэг буюу шатахуун, үлдсэнийг бусад зүйл бүрдүүлдэг. 

Хүнснээс мах, тээврийн бүлгээс шатахуун голлох нөлөөтэй нь. Тийм ч учраас дэлхийн зах зээл дээр нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь импортоос 100 хувь хараат манайх мэтийн улсад инфляцын “пуужин” болж буй. Мөн ам.долларын ханшийн өсөлт, хил гаалийн гацаа зэрэг нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд нөлөөлсөөр байгаа юм. Манай инфляцын 30 хувийг шатахуун, 20 гаруй хувийг мах, гурилын үнэ нь эзэлдэг. Статистик мэдээгээр нэг монгол хүн дунджаар жилд 70 орчим кг мах, 100 орчим кг гурил болон гурилан бүтээгдэхүүн иддэг.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд инфляцад дийлэнх хувийг эзлээд буй шатахуун, мах, гурилын үнийг тогтворжуулах чиглэлээр  ямар ажлууд хийсэн бэ. Цаашид юу хийх вэ гэдгийг тоймлож үзлээ.   

Шатахуун ба дэмжлэг

Шатахууны хувьд дэлхийн зах зээлээс хараат Монгол Улс дур мэдэн үнэ бууруулах талаар ярилтгүй. 2021 оны 11 дүгээр сард шатахуун импортлогчид АИ-92 шатахууны литр тутамд 350-400 төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн тооцоо гарч, цаашид хангамжийг тасалдуулахгүй хэвийн байлгахын тулд үнийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Ингэснээр АИ-92-ийг литр тутамд нь 100 төгрөгөөр хэд хэдэн удаа нэмсээр одоогоор 2390 төгрөгт хүрээд буй. Гэвч үнэ чөлөөлөхтэй зэрэгцээд дэлхийн зах зээл дээр баррель нь 80 ам.доллар байсан газрын тос  өнгөрсөн сарын эхээр 129 ам.доллар хүртэл өссөн бол өчигдрийн мэдээгээр 101 ам.доллар болж буурсан дүнтэй байгаа. 

Цаашид нөхцөл байдал хэрхэх нь тодорхойгүй. Манай улсын хувьд 95 хувь ОХУ-аас хараат учраас газрын тосны үнийг мах гурилын үнэ шиг тогтворжуулна гэж амлах боломжгүй зүйл. ОХУ-ын экспортлогчидтой Засгийн газрын холбогдох албаныхан хэлцэл, хэлэлцээр хийдэг ч үнэ бууруулах гэхээс илүүтэйгээр хангамжийг хэвийн байлгахад чиглэдэг.

Шатахууны нөөц бэлтгэлийг дэм­жих хүрээнд импортлогчдод өн­гөр­сөн оны сүүлээр 290 тэрбум төг­рөгийн зээлийг олгосон байдаг. Уул уурхайн сайд Г.Ёндонгийн танил­цуулснаар энэ жил шатахуун импорт­логчдын эргэлтийн хөрөнгөд 400 тэрбум төгрөгийн хэрэгцээ үүссэн. УИХ-д өргөн бариад буй Олон ул­сын хямралт нөхцөл байд­лаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бү­тээг­дэхүүний хангамж нийлүү­лэл­тийн хомсдол, сөрөг нөлөөллийг буу­руулах тухай хуулийн төсөлд үүнийг шийдвэрлэхээр тусгасан байна. 

Улаанбуудай ба дэмжлэг  

Жилийн дотор дэлхийн зах зээл дээр улаанбуудайн үнэ 67.33 хувиар нэмэгджээ. Дэлхийн хэрэгцээт улаанбуудайн 30 хувийг нийлүүлдэг ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэж энэ жил улаанбуудайн зах зээлд доголдол үүсэх нь тодорхой болов. Дайн зогслоо гэхэд өнөөдрийг хүртэл тариалангийн талбайдаа гарч чадаагүй Украины тариаланчид хүссэн хэмжээндээ ургац авах боломжгүй. Харин ОХУ-ын экспортоос Европ, Америк тив татгалзсан ч дэлхийн зах зээл дээрх хомсдол нь ОХУ-ын дотоодын зах зээлд нөлөөлж болзошгүй гэж үзэн улаанбуудайн экспортод квот тогтоож, энэ сарын 13-наас тонн тутамд 100 ам.доллароос дээш татвар авахаар шийдсэн. 

Дээрээс нь Хятад, АНУ цаг агаарын таагүй нөхцөл байдлаас хүссэн хэмжээндээ ургац авч чадахгүй гэдгийг судлаачид онцолж эхлэв. Гол нь нефть, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт газар тариалангийн салбарт хүнд цохилт болоод байна. Өнгөрсөн пүрэв гарагт Чикагогийн түүхий эдийн бирж дээр хийгдсэн тавдугаар сарын гэрээгээр тонн улаанбуудайг 374.78 ам.доллароор борлуулсан байна. Энэ нь долоо хоногийн өмнөх үнэтэй харьцуулбал 1.7 хувиар буурсан ч гэлээ өнгөрсөн жил­тэй харьцуулбал 67 хувиар өссөн дүн.

Тиймээс дэлхийн улс орнууд бодитоор нүүрлэж буй хүнсний хомсдолоос сэргийлэх бүхий л боломжийг эрэлхийлж байна. Манай улсын хувьд юуны түрүүнд нөөц бүрдүүлэхийг чухалчилсан. Засгийн газар өнгөрсөн жилийн ургацаас үлдсэн стандартын шаард­лага хангасан 50.8 мянган тонн улаанбуудайг татан авч нөөц бүрдүүлэх шийдвэр өнгөрсөн сарын сүүлээр гаргасан. Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэм­жих сан 2238.7 тонн буудайг ху­далдан авсан гэнэ. Дотоодын хэрэгцээнд жилд 310 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэж тооц­дог. 

Тэгвэл өнгөрсөн жил тариа­ланчид 567 мянган тонн улаанбуудай хураан авснаас гурил үйлдвэрлэгчид 269 мянган тонныг нь шаардлага хангасан гэж үзэн худалдан авчээ. Засгийн газраас  тариаланчдын борлуулалтын орлогыг шийдвэрлэхэд дэм үзүүлэх, гурилын үйлдвэрүүдийг хэвийн үйл ажиллагаагаар хангах зорилгоор  гурван хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасан байдаг. Энэ жилийн хувьд зөвхөн тариаланчдад зориулж 100 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй зээл, 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй олгохоор шийдвэрлэсэн. 

Мөн хүнсний ногоогоо 100 хувь дотоодоос хангах зорилгоор ногоочдод зориулан 50 тэрбум төгрөгийн зээлийг тусгайлан олгоно. Үүнээс гадна  байцаа, лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, сармисаар тариалж, шаардлага хангасан хүнсний ногоо тушаасан ногоочдод тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас олгох Засгийн газрын хуралдааны шийдвэр гарсан. 

Мах ба дэмжлэг

Хэрэглээний сагсанд томоохон “зай” эзэлдэг, инфляцын багагүй хувийг бүрдүүлдэг махны үнийн хувьд 70 гаруй сая толгой малтай манай улс зун, намартаа тэр бүр санаа зовинох хэмжээнд хүрдэггүй. Харин хаврын улиралд мах бэлтгэдэггүй учраас төв суурин газрын иргэдийн хэрэгцээнд зориулан махны үнийг тогтвортой байлгах зорилгоор жил бүрийн намар мах нөөцөлдөг.

Өнгөрсөн намар нөөцөлсөн махыг энэ хавар 7100-8900 төгрөгөөр худалдаанд гаргасан. Үүнд зориулж, 2021 онд жилийн гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Ямартай ч зургадугаар сарын 1-нийг хүртэл худалдаанд нөөцийн махыг борлуулахаар төлөвлөөд буй. Энэ бол бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн үе үеийн Засгийн газрын зорилтот хөтөлбөрүүдийн нэг байсаар ирсэн. Цаашид хэдэн жилдээ магадгүй хэрэгжих биз.
Хүнсний хомсдолоос сэргийлэх, дотооддын хэрэгцээгээ боломжит бараа бүтээгдэхүүнээр 100 хувь дотоодоосоо хангах зорилгоор энэ жил Засгийн газар хөдөө аж ахуйн салбарт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн гурван хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэсэн. 

Гэхдээ мөнгө хэвлэхгүй, арилжааны банкуудад байгаа нөөц дээр суурилж энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж буй. Тэгэхээр арилжааны банкны хүү хамгийн багадаа 10.65 хувь байгаа гэж тооцвол төр жилийн 3 хувийн хүүгээр тооцож зээл олгох шийдвэр гарснаар зөрүү 7.6 хувийг төр даах нь тодорхой.  Дээрх дэмжлэг, зээл тусламжийг бага тоо гэж хэлэхгүй. Тиймээс Засгийн газраас УИХ-д хууль өргөн барих нь зүй биз. 

Хуулийн хүрээнд

Хэдийгээр Засгийн газрын зүгээс ийн нөөц бүрдүүлж, үнэ тогтворжуулах шат дараатай шийдвэрүүд гаргасан ч үнийн өсөлт, хүнсний хомсдолоос сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах ажлуудаа хуулийн хүрээнд хийх нь зүйтэй гэж үзээд УИХ-д Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан хэмээн тайлбарласан.

Хууль батлагдсанаар мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнийн асуудалд Засгийн газар оролцох, зохицуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Мөн нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүн гаалийн албан татвар дээр Засгийн газар зохицуулалт хийх зэрэг асуудлыг хуулийн хүрээнд явуулна гэж байна. 

2013-2014 онд хэрэгжиж, багагүй хэл ам дагуулсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс энэ хуулийн төсөл нь ялгаатай эсэхийг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлахдаа “Энэ арга хэмжээнүүдийг УИХ дээр буюу хууль тогтоох дээд байгууллага дээрээ хэлэлцэх гэж байна. Засгийн газар, Төв банк хэлэлцээд хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хуулиар хэн, ямар үүрэг хүлээхийг маш тодорхой зааж, оруулна” гэсэн. 

УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, бодлогын шийдэл гаргах Ажлын хэсэг ч байгуулагдан хуралдаж эхлээд байна. Тиймээс хуулийн хүрээнд дээрх асуудлуудыг шийдэх боломжуудын талаар гарц шийдлийг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Засгийн газраас санал болгосон үйл ажиллагаануудыг хуулийг хүрээнд хэрхэн зохицуулахыг УИХ-аар шийдвэрлэнэ. 

Харин иргэд хяналт тавьж ажиллана. Гол нь иргэдийн амьдралд бодит үр дүнгээ үзүүлж, хүнсний хомсдолоос сэргийлэх, үнийн тогтвортой байдлыг хангах ажлуудаа хуулийн хүрээнд хийж, буух эзэн буцах хаягтай байхыг иргэд шаардаж байгаа юм

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН