Хөгжлийн банкны асуудал өндрийг авч, УИХ-ын нэр бүхий гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгуулахаар ярьж байна. Энэ дунд олон жил Хөгжлийн банктай хамгийн их нэр холбогдсон, бондын мөнгийг үрэн таран хийснээрээ нэр алдар нь цуурайтаж яваа УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр бий.

2012 онд Ерөнхий сайдаар томилогдож эхэлсэн цагаасаа эдийн засгийн өсөлт нь 17,2 хувьд хүрсэн эдийн засагтай улсын нэр нүүрээр “тоглож” эхэлсэн нь нүдний өмнөө илхэн. “Бондын бодлогын зөвлөл” гээчийг байгуулж хэний, ямар компанид, хичнээн хэмжээний зээл олгох вэ гэдгийг шийддэг байсан Засгийн газар үүрэх ёстой хариуцлагаа хүлээх цаг хэдийн иржээ. Чухамхүү түүний үед л Хөгжлийн банкны өнөөдрийн 1,8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 60 хувь нь олгогдсон байдаг. 

 

Гэвч тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаад эхэлсэн ч толгой мэдэн шийдвэр гаргадаг байсан Н.Алтанхуяг нь ганцаар торойн үлджээ. Дур мэдэн чанаргүй зээл олгосон асуудлаас гадна Худалдаа хөгжлийн банк, түүний карманы компани Кью Эс Си-д Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг “бэлэглэсэн” цагаан дээр хараар бичсэн гарын үсэгтэй цаас нь баримт болон үлдсэн байна. 

 

Хууль хяналтын байгууллага Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьж шалгаад эхэлсэн байхад түүнд улсын баялаг бэлэглэсэн эзнийг нь шалгахгүй байх нь зүйд нийцэхгүй. Тийм ч учраас Хөгжлийн банкийг ашиг хонжооны бялуу болгох санаачлагыг гардан гаргасан хүнээсээ эхлэн, шалгаж, нягтлах нь үнэнд нийцнэ. 

Н.Алтанхуягт дан ганц Хөгжлийн банк ч хангалтгүй. Чингис, Самурай бондын 1,5 тэрбум доллараар эргэн эдийн засагт ач холбогдол өгөхгүй төслүүдэд зарцуулж, хэдхэн аж ахуй нэгжүүдийн халаасыг түнтийлгэсэн. Цаашлаад “Нүүрс хөтөлбөр” бий. Зөвлөх Л.Гансүх, Эм Жи Эл Эс Би компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар цагдан хоригдсон ч эцсийн шийдвэр гаргасан Н.Алтанхуяг мөн л “зүгээр” өнгөрсөн. Өөрөөр хэлбэл тэр нөхдөө шүүх рүү явуулаад өөрөө үлддэг хувиа хичээгч.

Түүний хүргэн Г.Дэнзэн гэж бас бий. Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдож, эхнэрийнхээ компанийг 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан нь ил болж байлаа. Мөн л Н.Алтанхуягийн хамаарал бүхий этгээд. Гэвч энэ бүхний төлөө Н.Алтанхуягийг шалгаагүй. 

 

Ерөөс энэ хүн бүх хэргээс мултарч чаддаг, өдийг хүртэл өөрийгөө өмөөрсөөр яваа нэгэн гэлцдэг. Түүний Засгийн Газрын тавьсан өр нь 10 жилийн дараа ч дуусаагүй байна. “Үр хойч минь төлчихнө” хэмээн хээвнэгчгүй хэлсэн түүний үгийг иргэд мартаагүй. Будлиан бүрт нэр нь дурдагддаг ч буруугүй гэж мэлзсээр суудаг Н.Алтанхуягийг хууль журам гэж байдаг юм бол шалгах цаг нь аль хэдийн болжээ.

 

Д.Дандархүү

sonin.mn