АН “уржигдар”: 

Ер нь  ардчиллынхан эхнээсээ нэг гэрт яваагүй шүү дээ. 1990 оны 2 дугаар сарын 18-нд  сард болсон  Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны анхдугаар их хурлаар

Монголын Ардчилсан Нам /МоАН/-ыг байгуулж байгааг зарлан тунхагласан хэдий ч цагаан морин жилийн хувьсгалд оролцсон болон ардчиллыг дэмжигч хүмүүс зөвхөн  энэ намын дээвэр дор нэгдэж нягтарч чадаагүй юм.

 

Р.Гончигдоржийн байгуулсан Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Монголын Социал Демократ Нам мэндэлсэн бол Да.Ганболдын Шинэ дэвшилт холбооныхон  Монголын Үндэсний Дэвшлийн Нам /МҮДН/ гэгчийг байгуулж билээ.

 

МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч  С.Зориг ч гэсэн тухайн үед МоАН-ынхантай  ганзага нийлэлгүй  Бүгд  Найрамдах  Нам /БНН/, дараа нь Нэгдсэн Нам /НН/-ыг үүсгэж, бие даасан улстөрийн тоглолт хийж байлаа.

 

Ардчиллын  залуус тус тусдаа  улстөр хийж байсан ч эвсэл хэлбэрээр сонгуульд оролцохыг илүү үр дүнтэйд тооцож,  1992 оны УИХ-ын сонгуульд  МоАН, НН, МҮАН хамтарч оролцож үзсэн түүх бий. Гэхдээ ердөө тавхан суудал /МСДН-ын нэг суудлыг нэмээд/ авсан нь  амиа бодож амбицлаад явахгүй нь гэдэг сануулга болсон юм.

Улмаар 1996 онд МоАН, МҮДН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/-ыг байгуулсан бөгөөд  Ц.Элбэгдорж  анхны  даргаар нь сонгогдож байлаа. МҮАН 1996 оны сонгуульд  МСДН-тай “Ардчилсан холбоо” эвсэл байгуулан оролцоод 50 суудал авч анхны түүхэн гэмээр ялалтаа байгуулсан.

Гэхдээ дотоод зөрчил нь эрх баригчдыг хүчгүйдүүлж,  улс орныг удирдан жолоодох чадамжийг сулруулж байлаа. Эдийн засаг, нийгэм ч дагаад туйлдсан. Үүнээс болоод нэр хүндээ алдаж эхэлсэн учир МСДН нь амиа бодож 2000 оны сонгуульд дангаараа оролцож билээ. МҮАН нь МШАН /Монголын Шашинтны Ардчилсан Нам/ гэгчтэй эвсэл байгуулж оролцоод дөнгөн данган нэг суудал чангаасан  юм. Ийм үр дүн эрх биш нэгийг бодогдуулсан нь лавтай бөгөөд тус тусдаа яваад амжилтад хэзээ ч хүрэхгүйг ухаарч, үр дүнд нь  ардчиллын төлөө гэсэн тав зургаан нам нэгдэж АН-ыг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэгээд бодохоор одоогийн АН 2020 он гараад 20 жилийнхээ нүүрийг үзсэн гэсэн үг. Хамгийн гол нь нэг намын зохион байгуулалтад  орсноор  эв нэгдэл нь бүрэн  хангагдсангүй. Дотоод зөрчил нь байн байн хурцаар илэрч, дахиад л задарч, хуваагдах үйл явц өрнөж байсан  юм.

 

2003 онд М.Энхсайхан АН-ын анхны дарга Д.Дорлигжавын оронд намын дарга болсон ч  улстөрийн хүчний хувьд төлөвших эхлэлийг тавьж чадаагүй. Түүнийг АН-ын дарга болоход  “Ганцаарчилсан,  дураараа, бие даасан тоглолт хийдэг М.Энхсайхан яг хэвээрээ байна” гэж дүгнэх гишүүд цөөнгүй байсан гэдэг. Ийм уур амьсгалаас АН-ын хоёрдахь даргыг огцруулах хөдөлгөөн эхлэх болсон.

 

 

М.Энхсайхан 2004 оны сонгуулийн өмнөхөн “Эрэл”-ийн  Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан Монголын ардчилсан шинэ социалист намтай “Эх орон-Ардчилал”эвсэл байгууллаа.  Хэдийгээр түүний энэ тактикийг Э.Бат-Үүл тэргүүтэн дэмжиж байсан ч Р.Гончигдорж нарын хуучин соцдекүүд таалаагүй билээ. Улмаар 2004 оны сонгуулийн өмнө Р.Гончигдорж АН-ын дарга М.Энхсайхан руу хэвлэлээр ил захидал дайж, дургүйцлээ илэрхийлсэн юм. Хэдийгээр сонгуулийн өмнө АН-ын дотоод зөрчил илэрхий цухалзсан ч ард түмэн “Эх орон-Ардчилал” эвсэлд 36 суудал хайрласан. Энэ нь мэдээж сонгуулийн штабаа удирдаж орсон М.Энхсайханы гавьяа мөн боловч  Р.Гончигдорж тэргүүтэн түүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Улмаар тэдний зөрчил хурцдаж,  М.Энхсайханыг гадаад томилолттой гэх хойгуур соцдекүүд Р.Гончигдоржийг АН-ын даргаар өргөмжилж, мөн оны 12 дугаар сард “Эх орон-Ардчилал” эвсэл задарлаа. М.Энхсайханы хувьд бууж өгсөнгүй, тамга тэмдэгээ булаацалдсан  хэрүүл болж, Дээд шүүхэд гомдол  гаргахдаа хүрч  байлаа. 2006 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн  Их эвслийн Засгийн газрыг огцорсны дараа М.Энхсайхан Үндэсний шинэ нам /2011 онд нэрээ сольж Монгол Үндэсний Ардчилсан Нам болсон/-ыг байгуулж билээ. Тэр цагаас АН-д “Кроун, “МоАХ, “Зүүн хойд азийн нийгэмлэг, “Алтан гадас, “Шонхор”, МҮДН, “Нэг ардчилал” зэрэг олон тооны бүлэглэл үүссэн билээ.  

 

АН өчигдөр:

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Эрдэнэ даргатай АН “Нэр дэвшихийг горилж байгаа бол заавал 100 сая төгрөг тушаах ёстой” гэдэг хатуу болзол тулгасан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, намдаа байр суурьтай залуус нь олноороо дайжих болсон. Энэ давалгаа намын хуучин лидерүүдээр нь үргэлжилж, АН-ыг 100 сая төгрөгөө өгсөн хүмүүсийн түр зуурын бүлэглэл мэтээр харагдуулаад авсан. 

Тухайн үед нэгэн цагт АН-ыг удирдаж явсан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа,  мөн С.Баярцогт нар ч бие дааж нэр дэвшихээр шийдэж билээ. Нэр дэвшүүлэх процессийн үеэр тэдэнд орон зай олдоогүй. Өөрөөр хэлбэл, гол хоёр лидер Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хүмүүс нэр дэвших эрхийг илүү олноороо өвөртөлсөн. Энэ үеэс л С.Эрдэнэ (Ц.Элбэгдорж), Х.Баттулга нарын зөрчил илүү анзаарагдаж эхэлсэн гэхэд болно. 

Э.Бат-Үүл "“Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан заналтайхан мэдэгдсэн нь зөвхөн З.Энхболдын нэр хүндэд харш гэхээсээ АН-д халгаатай үйлдлэл. Үүнийг тэр өөрөө мэдэхийн сайнаар мэдэж байлаа. Гэхдээ намынхаа хувь заяагаар туг тахиад ч хамаагүй дотоодын “дайснуудаасаа” салая, намаа цэвэрлэе гэж хатуу шийдэхэд хүрснээ ийнхүү “ойлгомжтой” илэрхийлсэн хэрэг.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад сонгуулийн өмнөхөн АН-ын даргын ахлах зөвлөхөөр томилогдсон З.Энхболдын хувьд өөр рүү нь шууд чиглэсэн намын дотоод их үймээн самуун, эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоох ганц арга зам бол хуучин, шинэ гэлтгүй бүх эсэргүү этгээдүүдийг хөөн зайлуулах явдал гээд бүр итгэчихсэн. Энэ нь түүнийг хэзээ ч асуудлыг яриа хэлцэл, зөвшилцийн замаар шийдэхийг хүсэхгүй,  өрвөлзсөн болгоныг нухчин дарахаас буцахгүй дарангуйлагч мэтээр зарим хүмүүст харагдуулж байлаа.  Түүнд ардчиллын анхдагч, эсвэл АН-ын дарга байсан нь огт хамаагүй, “эзнийх” нь тушаал шийдвэрийг үг дуугүй дагах ёстой гэдэг ганцхан зарчим л эрхэм байсан байх. 

Э.Бат-Үүлийг мэдэгдэл гаргангуут З.Энхболд "Намаараа сонгуульд орохоо болиод, байгалийн баялаг хулгайлах зорилготой бүлэглэлээрээ сонгуульд ордог болоод удаж байгаа. Сонгууль бол зүгээр л тэр баялгийг авахад нь саад бологсдыг зайлуулах операци" гэж цахим хуудсаараа дамжуулан хариу барьсан нь “Та нар зүгээр л алга бол”гэж хашгирч байгаатай агаар нэг сонсогдож байсан юм.  Өөрөөр хэлбэл, хулгайч нар явж л байг, харин бид бол цэвэр хүмүүс гэж шулуухан хэлчихсэн. АН-д эхэлсэн “их дайн” сонгуулийн дараа улам ширүүрсч, энэ нам яг дундуураа хуваагдах эхлэл тавигдсан билээ. 

 

АН өнөөдөр:

“АН-д задрал хуваагдал бус бүр сүйрэл нүүрлээд байна” гэж гишүүд нь халаглах болсон нь бодит эмзэглэл. Ц.Элбэгдорж /С.Эрдэнэ/, Х.Баттулга нар дээр уг нам хоёр хуваагдаад удаж байна. С.Эрдэнэ 2020 оны сонгуулийн ялагдлын дараа “Бид Ерөнхийлөгч Х.Баттулгатай үг хэлээ олж чадаагүйд ялагдлын нэгэн шалтгаан бий” гэж их л аядуу зөөлөн, “дипломат” хэлбэрээр тайлбарласан бол хэдэн сарын дараа хандлагаа өөрчилж “АН-ын гишүүдийн итгэл дэмжлэгийг ашиглахын зэрэгцээ, ардчиллын нэр барьж иргэдийг төөрөгдүүлж, ардчилсан төрийн өндөр албан тушаалд хүрч, улмаар АН-ыг хагалган бутаргаж, өөрсдийн ханаж цадахгүй, увайгүй зорилгоо биелүүлэх улс төрийн хүчин болгохоор санаархаж эхэлсэн нь хэрээс хэтрээд байна. АН-ыг хагалж бутаргаж, үл ойлголцолд хүргэж, төөрөгдүүлж байгаа тэр хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг АН-ын нийт гишүүд болон Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз” хэмээн ширүүхэн довтлох болсон. Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүй болсон нь ингэж “нүдүүлэх” ташуур ч болсон байж мэднэ.

2020 оны сонгуулийн дараа АН учир начраа олох гэж хэд хэдэн удаа хичээсэн боловч байдал дээрдээгүй. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ нар “Х.Баттулга бол намын дайсан. Тэр хүн манайд хамаагүй”  гэх утгатай мэдэгдлийг байнга шахам хийж байна.

 

2021 оны 3 дугаар сарын 28-нд мөн л хоёр талд сонгууль явуулж, цахим санал хураалтаар М.Тулгат олонхийн санал авсан бол цаасан хэлбэрээр зохион байгуулсан сонгуульд О.Цогтгэрэл ялалт байгуулсныг хүмүүс санаж байгаа.  Тодруулбал, С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН тус тусдаа намын даргын сонгууль хийж М.Тулгат, О.Цогтгэрэл гэдэг хоёр залуухан дарга тодорч билээ. Гэхдээ Дээд шүүх хэнийг нь ч бүртгээгүй. Дотроо нэгдсэн шийдвэр гаргаагүй болохоор шүүхийн буцаах үндэслэлийг үгүйсгэх ч юм уу, баалах утгагүй л дээ. АН гэдэг нэг улстөрийн хүчин хэрнээ дотроо хоёр салангид бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлээд, хоёр тийшээ харчихаад байгаа болохоор хэн нэгнийг нь хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн талаасаа боломжгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал.

 

Хоёр толгойтой бүргэд зөвхөн үлгэр домогт л байдаг биз дээ? 

 

2021 оны 11 дүгээр сарын 05-нд болсон АН-ын Онц их хурлаар О.Цогтгэрэлийг санал нэгтэйгээр намын даргаар батламжилж Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар хүртэл хүлээн зөвшөөрлөө хэмээн сүр болж байсан ч нөхцөл байдал цэгцрэх эхлэл тавигдаж чадаагүй. С.Эрдэнэ, М.Тулгат нар гүрийгээд хэвтчихсэн. Түүгээр ч үл барам С.Эрдэнэ  “Дээд шүүхийн албан ёсны бүртгэлд байгаагаар бол би намын дарга хэвээрээ” гэж хэмээн одоо хэр зүтгэсээр, АН-ын дарга гэдэг тодотголтойгоор ярилцлага өгч, мэдэгдэл хийсээр л явна.  

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр л гэхэд юу болов?! Намын даргын сунгаа гэгчийг Х.Баттулга зохион байгуулж, нөгөө талаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өрсөлдөхөөр болсон ч санал хураалтын өмнөхөн гэнэт нэрээ татсан. Энэ нь урьдчилан төлөвлөсөн улстөрийн тоглолт гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой байлаа. Угаасаа тэр сунгааг Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл тэргүүтэн огт хүлээн зөвшөөрөөгүй, Х.Баттулга оролцсон сонгууль гэдгээр нь яагаад ч буулт хийж чадахгүй. Тэр ч бүү хэл С.Эрдэнэ “Х.Баттулгад үхэж байсан ч намын даргын тамгыг өгөхгүй” гэж яаран мэдэгдсэн нь сонгуулийн үр дүнг харж мэдэрсэн хэрэг л дээ.

 

АН-ын даргын сунгааны үеэр Дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсныг С.Эрдэнийн талынхан айдаггүйгээ авдартаа хийлээ гэж ойлгосон учраас намын даргын сонгуулийн үр дүнгээс айх уу?

 

Өөрөөр хэлбэл, “АН-ын даргын сунгаа АН-ын шинэ дүрмийн хүрээнд болоогүй учир бүртгэхээс татгалзлаа” гэдэг хариу ирнэ гэдэгт бат итгэсэн учраас л бардам байх шиг. Х.Баттулгын хувьд Ц.Элбэгдорж нартай яагаад тангараг тасрах болсоноо сунгааныхаа үеэр Өмнөговийн иргэдэд тайлбарласан байдаг. Тэрбээр

“Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд байсан М.Энхсайхан нар Тавантолгойг Хятадын "Шинхуа" гэж компанид 100 жилээр түрээслэх саналыг УИХ-д оруулж ирж байсан юм.

 

100 жилээр шүү дээ. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыг яллах гээд байгаа юм биш. Үеийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсыг удирдаад явна. Тэгэхдээ хэн нь ч, хэзээ ч газар нутгаа тасдаж, гадныханд 10, 20, 30, 100 жилээр өгч болохгүй ээ гэснээс болж би маш олон дайсантай болсон. Ц.Элбэгдоржтой муудсан шалтгаан бол эх орон, газар нутаг, Тавантолгой, баялгаа харийнхнаас хамгаалсан явдал юм шүү. Би хэнтэй ч хэрэлдээд яваад байдаггүй. Дарга нарын зодоон гээд над руу хаяглаад байх шиг байна. Үнэндээ нөгөө хэд чинь л нийлчихээд над руу дайраад байгаа шүү дээ. Ерөөсөө гурав, дөрөвхөн хүн байгаа. Ц.Элбэгдоржтой би 30 гаруй жил найзалсан. Яг ийм зүйл дээр бол би хүлээн зөвшөөрч, цаашид найзалж явах боломжгүй болсон” хэмээн ноцтойхон “гөвж” билээ. Нэг ёсондоо дайснуудтайгаа хэзээ ч эвлэрэхгүй. Намын дарга болбол шууд хөөнө гэдэг санааг шулуухан илэрхийлсэн (үүнээс өмнө буюу Ерөнхийлөгч байхдаа өмнөх Ерөнхийлөгчөө шалгуулах 178 хуудас материалыг Ерөнхий прокурорт өгч байсныг Ц.Элбэгдорж яахан мартах билээ) юм. Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Э.Бат-үүл нарын хувьд ч сүүлийн саруудад Х.Баттулга руу дайрахаас өөр улстөр хийгээгүй гэхэд болно.

 

Экс Ерөнхийлөгчийг дарж авах гэж ээлж дараалан хурц, ноцтой  мэдэгдлээ үргэлжлүүлсээр  байна. 2022 оны 4 дүгээр сарын 22-нд АН-ын дарга гэх С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Төрийн өндөр албан тушаал хашиж байсан Х.Баттулга, тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга  нар ОХУ-ын томоохон албан тушаалтантай хамтарч мөнгө угаасан байж болзошгүй.

 

Тодорхой хэлбэл, 2 сая ам.доллар бэлнээр авч, автомашинаа “ҮАБ” гэж лацдаад Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор хяналт шалгалтгүй оруулж ирсэн. Ингэхдээ автомашины улсын дугаар нь хуурамч байх магадлалтай. Тэдний энэ хэрэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдож мэдэх юм” хэмээгээд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар уламжлан АНУ болон Европын Холбооны хууль, прокурорын байгууллагад хандан мэдээлэл хүргүүлж байгаагаа мэдэгдсэн бол 2022 оны 5 дугаар сарын 6-нд Э.Бат-Үүл  “Путин хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зуун чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлэв. Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр гүжирдсэн цуурхал тараав. Боломж гарвал биологийн зэвсгийг нь устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гээчээрээ манайд халдах гэсэн алсын санаа агуулсан юм биш биз хэмээн хардахаар балмад загнав. Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Түүнийг дэмжигч Путины тавдугаар цуваа болон хөдлөхөд бэлэн Монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас авахуулаад АН-ын нэрийг барин улстөрийн үйл ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсч байна. Дэлхийн ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар уг түрэмгийллийг улайран дэмжиж байна. Х.Баттулга Путины тавдугаар цувааг манлайлаад зогсохгүй путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулж АН-ын жирийн олон гишүүдийг төөрөгдүүлж намын үйл хэргийг гажуудуулж байна. Тэрбээр АН-ыг бүхэлд нь Путины тавдугаар цуваа болгон ашиглах замаар Монголыг Беларусь болгох даалгавар авсан бололтой” гэгчлэн мөн л Х.Баттулга руу ээлжит сумаа тавьсан. Үүнээс үзвэл АН-ын гишүүдийн дотор нэр хүндийн хувьд Х.Баттулга илүүтэй жин дарж байна гэх айдас үүссэн бололтой юм. АН-ын дайсан нь эрх баригч нам биш намын даргаар “тодроод” байгаа Х.Баттулга гэдэг хүн болчихоод байгаа нь тус намын хувь заяанд цөв суулгасан хуваагдал гэж эмзэглэх хүн олон байна. Өөрөөр хэлбэл, гишүүд дэмжигчид нь хүртэл  хоёр хуваагдсан гэсэн үг. Тэд хэн нэгэн эрх мэдэлтэн, гавьяа шагналтныг үл тоон чихнээс нь зулгаахад ч бэлэн байгааг үгүйсгэхгүй.  Хамгийн гол нь энэ хүйтэн дайны хөлд АН мөд сэхэл авахгүй нь дэндүү тодорхой. Хэн ялсан нь Ардчилсан Нам гэдэг нэрээр улстөр хийж, овоглох эрхтэй болно. Гэхдээ энэ нь сөрөг хүчний хувьд ихээхэн гарз хохирол дагуулах нь тодорхой. Үүнийг хоёр тал мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч зөвхөн өөр, өөрсдийнхөө эрх ашигт захирагдаж байна.

sonin.mn