Эмэгтэй хүн нууц амраг болж байж л дээшилдэг гэж үү?
2014/05/27
Монголд өөрийн авьяас чадлаар амжилт гаргаж, өсөн дэвжих боломж нэн хомс гэх ойлголт нийгэмд хэвшин тогтжээ.
Ийм үзэгдэл шинжлэх ухааны байгууллагуудад хүртэл газар авсан гэнэ. IQ Дэмбэрэл хэмээн алдаршсан доктор нэгэн сонинд ярилцлага өгөхдөө, дээрх үзэгдэл нь аль социализмын үед ШУА-д байсан хэмээн дурджээ. Докторын хэлснээр, түүнийг ШУА-д ажиллаж байх үед том дарга нарын амраг гэх хэдэн хоосон толгойтой хүүхэн академийн удирдлагад ирснээр ажлыг ёстой нэг нурааж байв. Гэтэл өнөөдөр эмэгтэйчүүд энэ замаар өсөж дэвжихийг нийгэм нь бараг зүй ёсоор хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрчээ.
Харин нэгэн бүсгүй нийгэмд эмэгтэйчүүдийг ингэж харах болсонд ихэд эмзэглэж явна. Ингээд тэр байр сууриа илэрхийлэхээр шийдэж, доорх өгүүллийг бичжээ.
Эмэгтэй хүн бүхний өмнөөс хэлэх хэдэн үг
Өчигдөр Балжинням, Дашням юу юу гэнэв давхацсан жилд ховорхон тохиодог сайхан өдөр байсан гэлтэй. 128 хос залуус гал голомтоо бадраан, агуу их хайрандаа бялхаж, баяр хөөрөөр дүүрэн байсан нь лавтай. Миний хувьд ч өчигдөр хэзээ ч мартагдахааргүй өдөр байлаа. Гэхдээ баяр баяслаар дүүрэн гэдэг утгаар биш, эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд амьдралдаа сонсож байгаагүй доромжлолыг бас нилээн “ойрын” гэж бодож явсан ХҮН-ээс хүртлээ.
Би саяхан Сингапур дахь Дэлхийн Банк Группын салбар байгууллагад ажиллах санал авсан юм. Товчхон хэлэхэд дээр дурьдсан ХҮН манай даргыг намайг гадагшаа ажилд явуулж өгч байгаа маягийн юм хэлж тэр бид хоёрын хооронд хэсэгхэн эвгүй яриа өрнөв. “Тэнэгтэй тэнэгэлзэх хэрэггүй” гэж ээж минь хэлдэг санаанд ороод би тэгэсгээд л орхисон. Миний тухайн үед ажиллаж байсан байгууллага цөөхөн хүнтэй, олон таван хэл ам өрнөдөггүй, хүүхэдтэй надад цагаа зохицуулаад ажиллахад тохиромжтой тийм ажил байв. Тийм болохоор нь ч би анхнаасаа орсон. Гэтэл тэр ХҮН орсон цагаас л яагаад тийм газар орсныг гайхаад асуугаад байдаг байсныг анзаараагүй би их харалган явж. Магадгүй би анхнаасаа бусдын л адил хаа нэгтэй уул уурхай, техник технологи юу байдгийн тийм салбарын нэртэй сүртэй компанид бусдын адил нэгэн орчуулагч ч юмуу, өөрөөний мухарт суусан, бусдын гарт зарагдсан ажил хийгээд явж байсан бол намайг тэгэж хэлэхгүй байсан байж магад.
Асуудлын гол үүнд биш л дээ. Миний эмзэглээд байгаа юм юу вэ гэхээр, эрэгтэй хүн амжилтанд хүрэхээр өөрийнхөө чадлаар, мунадаг сайндаа өөдөө дээшээ явдаг гэж ойлгож, эмэгтэй хүн л болохоор бөөр бөгсөөрөө холбогдохгүй л бол өсөж дэвжиж, эр хүнээс дутахааргүй амжилтанд хүрч болдоггүй гэсэн сэтгэлгээнд байгаа юм. Бидний амьдарч байгаа эрин үе ямар билээ? Гэтэл өнөөх хүйсийн эрх тэгш байдал асуудал болон яригдсан хэвээр.
Би яахав хүмүүсээс ам дамжин янзан бүрийн цуу яриа сонсож л байсан. Угаасаа аль ч нийгэм тийм юм нь байдаг л байх. Эрчүүд нууц амрагаа аваад гадагш зугаалж байна, элдэв дээдийн бэлэг сэлт авч өгч байна, эрхлүүлж тансаглуулж байна гэх мэт. Гэхдээ энэ дунд үнэн худлыг, сайн мууг нь ялгаж салгах нь зүйтэй болов уу. Тэгдэг хэд нь байдаг хэдий ч бас заримдаа хамаатны эмэгтэй юмуу, эхнэрийнхээ дүүтэй явж байгааг нь тэгэж дүрсэлдэг мунхагууд зөндөө шүү дээ. Би ааваасаа сугадаад явж байвал хөгшин баян уургалчиж гэж мэдэхгүй хүмүүс харах л байх.
Дэлхийн Банк Группын Ази-Номхон Далайн Бүсийн
төв салбар.
Миний зүгээс л хэлэхэд дуртай болгон нь олон улсын томоохон байгууллагуудад хүссэнээрээ ажилд орчихдог уу? Захын нэг монгол дарга нь хэлээд л Дэлхийн Банк “Өө за ажилд авъяа, нааш явуулчих” гэх үү? Үнэхээр тэгдэг чадалтай хүмүүс Монголд тийм олон байгаа бол энэ олон баячууд томчуудын эрх ямбат хүүхдүүд яагаад хэсэг хугацаанд ч тэгэж ажиллаж туршлага суухгүй энд тэндэхийн яам, банкинд оронтоо бөглөж суудаг юм бэ? Тэгтлээ эх орондоо хайртайгийнх уу? Тэд нарын зарим нь яг юу хийж суудгийг хамт ажилдаг хүмүүс нь мэдэж л байгаа. Өнөөдөр гадаадад битгий хэл монголдоо ч хүнээр хэлүүлээд ажилд ороход хэцүү болсон байна шүү дээ. Миний мэдэх ахан дүүс, хамаатан садан, найз нөхөд монгол гадаадгүй дипломтой, чадалтай мөртлөө монголдоо ажилд орж чадахгүй байна шүү дээ...
Ингээд өчигдөржингөө толгойгоо гашилгаж, энэ бүхний талаар ээж аавтайгаа ярилцаж, бодсоны эцэст бидний амьдарч буй нийгэм үнэхээр гашилчихсан, ялзарчихсан, сэтгэлгээний доройтолд орчихсон гэдгийг яс махандаа тултал мэдэрлээ. Яагаад ч юм үүнийг бодох тоолонд нэг л сонин болж өөрийн эрхгүй бие сулардаг.
Гэхдээ энэ нь би бууж өгч байгаа гэсэн үг биш. Одоо цагт Монголд ч бай, гадаадад ч бай эмэгтэй хүмүүс өөрсдийнхөө чадлаар, боловсрол оюун ухаанаараа эрэгтэй хүмүүсээс дутахгүй амжилтанд хүрч байна. Угаасаа ч эмэгтэй хүн эр хүнээс илүү ачаалал даахаар бүтээгдсэн физиологийн онцлогтой. “Дэлхий дээр хөндөгдөөгүй хамгийн том авъяасын сан бол эмэгтэйчүүд” (Women are the largest untapped reservoir of talent in the world)” хэмээн хатагтай Хиллари Клинтон хэлсэн байдаг. Энэ манай монголд ч ялгаагүй. Өнөөдөр манай монголд хэдэн зуун мянган эмэгтэйчүүд ар гэрээ нуруун дээрээ авч явж, хань ижлийнхээ түшиг тулгуур нь болж яваа билээ? Гэтэл бид яагаад өчүүхэн ч атугай хүндлэлийг хүртдэггүй юм бэ? Энэ байдлыг бусад хүмүүс юу гэж ойлгох нь өөрсдийнх нь хэрэг хэдий ч бас юм бүхнийг битгий ингэж муугаар бодож, буруугаар мушгиж амьдраасай л гэж хэлэх гэсэн юм. Тоглоод ч бай, чин сэтгэлээсээ ч бай хэлж л байнаа гэдэг чинь цаанаа бодож байнаа л гэсэн үг.
Та бүхний дунд ч гэсэн ийм бодолтой, бусдыгаа хий хардаж сэрдсэн, бусдынхаа амжилтанд атаархсан, хүн чанараа уландаа гишгэсэн хүмүүс байхыг хэлж мэдэхгүй. Юманд хандаж, дүгнэлт хийхдээ арай ухаалаг байгаач ээ та минь ээ! л гэж хэлэх гэсэн юм.
Миний зүгээс гэвэл би ээж аавдаа эрхэлж өссөн эрх танхил охин нь, амьдралын минь утга учир болсон ариун нандин хүүдээ эх нь, хөтөлж тоглож өссөн хоёр хөөрхөн дүүдээ үлгэр дуурайлал үзүүлэх эгч хүн. Надад ч бас өөрийн гэсэн эрхэмлэж явах нэр төр, үнэ цэнэ, хүн чанар байна. Хүнээр гуйлгаж ажилд орох битгий хэл, би хоолонд эрэгтэй хүнээр тоотой хэд даалгаж байсан. Арай ч бусдын гарыг харж, яс горьдсон нохой шиг амьдрах дээрээ тулаагүй. Бусад эмэгтэй хүмүүс ч ялгаагүй миний нэгэн адил нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байгаа. Эмэгтэй л болж төрснийхөө төлөө бид нар яахаараа ингэж хэлүүлж, доромжлуулж, эр хүмүүсийн амны зугаа болж явах ёстой юм? Үгүй ээ, тийм биш! Энэнд өөрчлөлт хийх цаг ирсэн. Хэдэн зуун, мянганы турш эмэгтэй хүмүүс өөрсдийнхөө төлөө тэмцэж ирсэн, цаашид ч тэмцсээр байх болно. Иймд би ч иймэрхүү нийгмийн гаж солиорлыг тэвчихгүй, хүлээн зөвшөөрөхгүй, амьд яваа цагт эрс эсэргүүцэж тэмцэх л болно.
Хүн та өөрөө өөрөөсөө эхэлж алдаа дутагдлаа хайж сур л даа. Бусдынхаа сайн сайхан, өнгөтэй өөдтэй яваад битгий атаарх, хичээж мэрийвэл хэн ч амжилтанд хүрч болдог юм. Наад оюун санаагаа, өөрийн дотоод ертөнцөө цэвэр ариун байлгаач ээ, хүн чанар гэдэг юмаа битгий умартаач ээ! гэж л хэлмээр байна даа.
2011 оны 10 дугаар сарын 15
Тухайн үеийн Дэлхийн Банк Группын Ерөнхийлөгч Роберт Зөүллик айлчлах үеэр
Сингапур хот. Шангри-Ла зочид буудал
...Энэ явдлаас хойш аль хэдийнэ хоёр жил өнгөрчээ. Би Сингапур явдагаа яваад ажлаа хийж, газар үзэж, ихийг сурч мэдээд, амьдралын дараагийн шат болох мастерын зэрэг хамгаалахаар Америкт ирсэн. Би тэр ХҮН-ийг дахиж хараагүй. Тэр хэзээ ч эргэж надаас уучлалт гуйгаагүй. Одоо ингээд бодоход тэр намайг гэхээсээ илүү миний гэр бүлийг муухай доромжилсон доо. Гэтэл тухайн үед өөрөө нэх юм бүхний оргилд хүрчихсэн гэгээнтэн юм шиг намайг сэрдэж байсныг одоо бодохоор инээд хүрмээр ч юм шиг. Цаг цагаараа байдаггүйг тэр ХҮН өнөөдөр ухаарсан үгүйг сайн мэдэхгүй л байна. ХҮН намайг хэдий чинээ басна, чамлана, доромжилно, би яваандаа тэрнээс чинь илүү хэн гэдгээ харуулах болно. Гэхдээ тэр ХҮН-ий төлөө биш, гэр бүлийнхээ төлөө.
Залуу охид бүсгүйчүүдэд захихад та нарт ийм үе бишгүй л тохиолдоно. Тэр болгонд шантарч шаналж болохгүй. Урдах юмаа сайн хийгээд, улам юу чаддагаа харуулах хэрэгтэй. "Аливаа хүрэх ёстой амжилтанд дөт зам байхгүй" - Bo Bennett.
Монголын анхны нобелын шагналыг эмэгтэй хүн авна гэдэгт би итгэдэг... гээд саяхан facebook дээр уншсан нэгэн шүлгийг сийрүүлье:
ӨРГӨСТЭЙ ЦЭЦЭГТЭЙ ОРЧЛОНД...
Өмнөөс чинь угтах харгуйд өргөс ч бий цэцэг ч бий
Өнгөрсөн замынхаа өргөс бүхнийг нь түүж яваарай
Үдлээд өнгөрөх амьдралд учрал ч бий хагацал ч бий
Үлдэж хоцрох мөрөө эргэн заавал харж байгаарай
Уруудаж өгсөх нугачаанд уналт ч бий босолт ч бий
Уулзан учрах улаан нүүртэй үлдэж байгаарай
Урт холын замд алдаа ч тосно оноо ч тосно
Уучилж өршөөх нинжин сэтгэлээ бүү гээгээрэй
Итгэлийн алтан утсыг чинь хэн нэгэн тасалваас
Эвдэрч биш эвлэж, ичтэл нь үнэ цэнэтэй үлдээрэй
Энэ орчлонд чи дахин давтагдашгүй ганцхан болохоор
Ихэмсэг биш эрхэмсэг, омог бардам л оршоорой
Өргөстэй цэцэгтэй орчлонд нэг л амьдрах тавилантайн учир
Өөрийн гэсэн мөн чанартай, бас хүн чанартай амьдраарай
Б.Хонгорзул