Б.Энхбаяр: Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилсан хэрэгт Х.Баттулгыг холбогдуулж шалгаж байгаа юу?
2022/05/12
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг хэлэлцэж байна.
Уг тогтоолын төсөлд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2015 оны долдугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэснийг хассугай" хэмээн заажээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “2015 онд Хөтөл цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж байна. Тухайн үеийн сайд Х.Баттулгын гарын үсэгтэй, Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг нарын оролцоотой энэ хувьчлал буруу замаар орсон гэдэг нь тодорхой болсон. Нэг өдрийн дотор бүх ажиллагаа нь явагдсан юм билээ. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурийн аав. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал байсан.
Энэ луйврыг төр буцааж авч байгаа санаачилгыг дэмжиж байна. Хэдий хожуу илэрч байгаа ч үүнд хариуцлага тооцох ёстой. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүний нэр холбогдсон болохоор хариуцлага тооцох асуудал нь сааталтай байна уу үгүй юу. Хэрэг үүсгэж байгаа асуудалд энэ хүн шалгагдаж байгаа юу.
Хоёрдугаарт, долоон жилийн өмнө гаргасан хувьчлах шийдвэрийг хүчингүй болгохоор энэ хугацаан дахь эрхзүйн үр дагавар юу болох вэ. Ер нь шууд хурааж авах нь зөв байсан уу. Хурааж авах ёстой байвал манай Үндсэн хууль ёсоор үүнийг хувийн өмч гэж үзнэ. Тэгвэл хувийн өмчийг хоёр л тохиолдолд хурааж авна. Нэг нь шүүхийн шийдвэрээр, нөгөө нь онц бөгөөд дайны байдлын үед дайчлан авна. Шүүхийн шийдвэр байхгүй байна. Ийм үндэслэл байхгүй. Асуудал шүүхийн шийдвэрээр явна. Тийм учраас УИХ-ын шийдвэр Үндсэн хуульд нийцэх ёстой" гэв.
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Мөрдөн байцаалтын шатанд хэнийг шалгаж байгаа талаарх мэдээлэл Засгийн газарт байхгүй. Ганц нэг хүнийг тодорхой хугацаар хорьсон гэдэг мэдээлэл гарсан. Цаашид яахын би мэдэхгүй. Эрх зүйн үр дагаврын хувьд УИХ хууль зөрчөөд тогтоол гаргачихсан учраас хүчингүй болж таарна" гэдэг хариулт өглөө.