Г.АТАРБОЛД

Үндэсний статистикийн хорооноос 2022 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Тус мэдээлэлд дурдсанаар дөрөвдүгээр сард улсын хэмжээнд инфляцын түвшин 14.4, Улаанбаатар хотын инфляц 15.2 хувьд хүрчээ.

 Төсвийн алдагдал өмнөх сараас 86.9 хувиар буурчээ

ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд “Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байна. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417.9 тэрбум төгрөг буюу 8.6 хувь, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 371.3 тэрбум төгрөг буюу 8.4 хувь тус тус өссөн.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний дөрвөн сарын байдлаар 5.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 292.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Харин төсвийн алдагдал өмнөх сараас 86.9 хувиар буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 148.5 тэрбум төгрөг буюу 13.5 хувиар өссөн бол нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 100.6 тэрбум төгрөг буюу 7.3 хувиар буурсан байна.

 Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 8.5 нэгж хувь, тогтворжуулалтын сангийн орлогынх 5.5 нэгж хувиар тус тус өсжээ. Харин татварын бус орлого 8.7 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 5.3 нэгж хувиар буурав.

Татварын нийт орлого оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 770.5 тэрбум төгрөг буюу 20.4 хувиар өссөн. Үүнд,

-Татварын орлого 404.5 (2.2 дахин) тэрбум төгрөг

-Нэмэгдсэн өртгийн албан татвар 280 (35.8 хувь) тэрбум төгрөг

-нийгмийн даатгалын орлого 244.3 (39.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн" гэлээ.

Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сард 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 тэрбум төгрөг буюу 3.5 хувиар өссөн аж.

Энэ оны эхний улиралд гэмт хэргийн улмаас 321 хүн нас баржээ

Үндэсний статистикийн хорооны Нийгмийн Статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл "14.2 мянган гэмт хэрэг 2022 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 мянга буюу 80 хувиар өссөн. Уг үзүүлэлтэд өмчлөх эрхийн эсрэг гэмт 469 мянгаар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийт хэргийн

-62.3 хувь нь өмчлөх эрхийн эсрэг,

-24.5 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг,

-2.8 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг

-10.4 хувь нь бусад гэмт хэрэг эзлэв.

Гэмт хэргийн 68.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн дүн юм. Энэ оны эхний улиралд гэмт хэргийн улмаас 13.8 мянган хүн хохирч, 3.7 мянган хүн гэмтэж, 321 хүн нас барсан” гэв.

Мөн үргэлжлүүлэн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 821.2 мянган хүн албан журмаар, 119.9 мянган хүн сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж сангийн орлого 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 156.7 тэрбум төгрөг буюу 15.7 хувиар өсөж, зарлага 1.2 тэрбум төгрөг болж, 172.3 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 468.5 мянга болж өмнөх оноос 14.3 мянган хүн буюу 3.2 хувиар, харин тэтгэмж авагчдын тоо 96.2 мянга болж 37.6 мянган хүн буюу 64.2 хувиар тус тус нэмэгдсэн.Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 198.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 71.9 тэрбум төгрөг буюу 56.6 хувиар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зарлага 714 тэрбум төгрөг болж 2.4 дахин тус тус өссөн байна. Үүний шалтгаан нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын тогтоолоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулан нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой. Давхардсан тоогоор эрүүл мэндийн даатгалд 3.3 сая хүн даатгуулсан нь өмнөх оноос 227.7 мянган хүн буюу 7.4 хувиар нэмэгджээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд сүүлийн гурван жил эрүүл мэндийн даатгал төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавигдаж буй. Үүнтэй уялдаад шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэдийн тоо 70 хувиар өссөн үзүүлэлт гарсан.

Нийгмийн халамж, үйлчилгээнд 986.9 мянган хүн хамрагдсанаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 186.3 тэрбум төгрөгийг олгожээ. Ажиллах хүчний судалгааны I улирлын мэдээгээр ажиллагчдын тоо 1.1 сая болж өмнөх оны мөн үеэс 73.6 мянга буюу 7 хувиар, өмнөх улирлаас 1.4 мянга буюу 0.1 хувиар өссөн нь хүн амын хөдөлмөр эрхлэлт тодорхой хувиар сэргэж байгааг харуулж байна. Ажилгүйдлийн түвшний хувьд 8.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг дурдлаа.

 

Инфляц 14.4 хувиар өсжээ

Монгол Улс 2022 оны эхний дөрвөн сард нийт 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум ам.доллар, импорт 2.3 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.8 сая ам.доллар буюу 15.5 хувиар, экспорт 302.7 сая ам.доллар буюу 12.1 хувиар, импорт 388.1 сая ам.доллар буюу 19.8 хувиар тус тус өсчээ.

Мөн энэ оны дөрөвдүгээр сард инфляц 14.4 хувиар өсөхөд хүнсний бүлэг голлон нөлөөлжээ. Тодруулбал, бензин, А80 1 литр-66.8 хувь, дизелийн түлш 1 литр-51.2 хувь, бензин А92 1 литр-64.9 хувь, түлшний мод шуудайгаар-21.3 хувь, цагаан будаа, кг-24 хувь,  гуанзны хоолны үнэ-22.3 хувь, хонины мах кг-2.5 хувь, гурилан боов-16.6 хувь, лууван-2.1 хувь, талх зүсээгүй ширхэг нь-26.5 хувьтайгаар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.2 дахин, зэсийн баяжмалын экспортын 20.1 хувиар тус тус өссөн бол төмрийн хүдэр 61.1 хувиар, нүүрсний экспортын биет хэмжээ 49.3 хувиар буурчээ. Төлбөрийн тэнцэл 2021 оны эхний улиралд 170.4 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум ам.доллароор буурч 954 сая ам.долларын алдагдалтай болжээ. Санхүүгийн дансны тэнцэл 236 сая ам.долларын ашигтай гарч өмнө оны мөн үеэс 134 сая ам.доллароор буурчээ. Мөнгөний нийлүүлэлт (М2) 27.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 330 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар өсжээ. Төгрөгийн хадгаламж 13.7 их наяд төгрөг байгаагаас 89.2 хувь нь иргэдийн, 10.8 хувь нь аж ахуй нэгж байгууллагын хадгаламж эзэлж байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөг буюу 28.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зээлийн өрийн үлдэгдлийн 52 хувийг иргэд, 46 хувь нь хувийн байгууллага. Хэвийн зээлийн үлдэгдэл 19.6 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.2 их наяд төгрөг буюу 36.3 хувиар өсөв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн хэмжээ, үлдэгдэл 996.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 289.4 тэрбум төгрөг буюу 22.5 хувиар буурсан байна. Чанаргүй зээл 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 141.8 тэрбум төгрөг буюу 7.1 хувиар нэмэгджээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.4 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.  

 

19.9 сая төл бойжиж байна

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 4.9 их наяд төгрөг болж өмнөх оноос 1.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарав. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 30 хувиар буурсан нь гол нөлөөг үзүүлжээ. Бүтээгдэхүүнээр авч үзвэл уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хайлуур жонш, нүүрс, газрын тосны олборлолт 19.6-98.1 хувиар буурсан. 

Боловсруулах салбарт цэвэр спирт, янжуур тамхи, амны хаалт, гурил, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүн 11.5-60 хувиар буурсан дүнтэй байна. Барилга угсралт, их засварын ажил эхний улиралд 8.2 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар буурсан. Үүнд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралтын их засварын ажил 7.7 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар буурсан нь гол нөлөөг үзүүлжээ. Барилгын төрлөөр орон сууцны барилгын дүн 81.4 тэрбум төгрөг буюу 39.1 хувь, их засварын ажлын дүн 2.5 тэрбум төгрөг буюу 25.8 хувиар тус тус нэмэгдсэн бол инженерийн барилга, байгууламжийн дүн 53.5 тэрбум төгрөг буюу 52.7 хувь, орон сууцны бус барилгын дүн 38.6 тэрбум төгрөг буюу 15.2 хувиар тус тус буурсан аж.  Мал аж ахуйн салбарт 2021 оны жилийн эцэст тоологдсон төллөх насны нийт 30.8 сая хээлтэгч малын 20.2 сая буюу 65.7 хувь нь төллөсөн байна. Гарсан төлийн 98.4 хувь буюу 19.9 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.4 сая буюу 28.2 хувиар өссөн. Том малын хорогдол 129.5 мянга болж, 1.3 саяар буурчээ.

 Зочид буудлын салбарын орлого 90 хувиар өссөн

Зочид буудал, зоогийн газрын салбарт нийтийн хоолны салбарын орлого 205.7 тэрбум төгрөг болж 73.7 тэрбум төгрөг буюу 55.8 хувиар өссөн байна. Өсөлтөд рестораны орлого 53.6 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Зочид буудлын салбарын орлого 90.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 34.2 тэрбум төгрөг буюу 90 хувиар нэмэгджээ. Үүнд, гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого хоёр дахин буюу 24.5 тэрбум төгрөгөөр, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 8.7 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлсэн байна.

Тээвэр, холбоо, худалдааны салбарын хувьд төмөр замын тээврээр 8.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2.4 сая тонн буюу 22.3 хувиар буурчээ. Цар тахлын нөхцөл байдлын улмаас өмнөх оны мөн үед төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарласан билээ. Зорчигчид давхардсан тоогоор 555.6 мянга болж өмнөх улирлаас 90 мянган зорчигчоор өссөн дүнтэй байна.Агаарын тээврийн ачаа 3.9 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 2.8 мянган тонноор буюу 3.4 дахин өссөн байна. Агаарын тээврээр зорчигчид давхардсан тоогоор 181.8 мянга болж өмнөх оноос 148.6 мянган хүнээр тэлэв.

Улсын хэмжээнд мэдээлэл харилцаа холбооны салбарын нийт орлого 405.2 тэрбум төгрөг болж 84.8 тэрбум төгрөг буюу 15.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарав. Энэхүү өсөлтөд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 29.6 тэрбум буюу 14.1 хувиар, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагаа 16.3 тэрбум буюу 42.1 хувиар, утсан холбооны орлого 4.6 тэрбум буюу 9.4 хувиар, цахилгаан холбооны болон бусад үйл ажиллагааны орлого 3.4 тэрбум буюу 19.4 хувиар тус тус өсжээ.  

Дотоод худалдааны салбарын статистикт худалдааны салбарын борлуулалтын орлого долоон их наяд төгрөг болж өмнөх оноос 1.5 их наяд төгрөгөөр өссөн. Үүнд, шатахууны жижиглэн болон бөөний худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.