1990 оноос өмнөх Социалист Монголын үед барилга, бүтээн байгуулалтын хөгжил муугүй л байлаа. Жишээ нь, Улаанбаатар хотод гэхэд Хотын барилга трест. Хотын барилга засварын трест, Цахилгаан, сантехникийн, Нийгэм ахуйн, техник туслалцааны, Үйлдвэрийн барилгын трестүүд, СОТ-1, СОТ-2, энэ мэтээс гадна Боловсролын яамны, Эвлэлийн төв хорооны, геологи, уул уурхайн яамны барилга контор гэх мэт ихэнх төлөвлөгөөт яам, газрууд нь өөрийнхөө мэдэлд барилгын конторуудтай байсан юм.

Үүнээс гадна бүх аймгууд нь Барилгын трест, конторуудтай байлаа. Үүнийг дагаад Барилгын материалуудын үйлдвэрүүд хот, хөдөөд хурдацтай хөгжиж байсныг монголчууд мартах болоогүй биз. Энэ их бүтээн байгуулалтын үед барилгатай холбоотой бүхий л асуудлыг Улсын барилгын байцаан шалгах газар хариуцдаг байлаа.

Дарга нь барилгын инженер эмэгтэй Долгорсүрэн, байцаагч нараас Лигдэн, Чойжилсүрэн, зураг хариуцсан инженер Ц.Цэрэндорж мэтийн цөөхөн хүн ажиллаад болж байсан. Одоогийнх шиг Барилга нурах, хүн нас барах асуудал бараг гарахгүй л шахам байсан юм.

1990 оноос хойш Монголын Их барилгад юу болчихвоо. Монголчууд гэв гэнэт капиталист гэх юм уу ямар ч байсан шинэ нийгэмтэй золгож байгаа юм уу даа. 1990 оноос хэдхэн сарын өмнө байсан дээрхи барилгын трест, конторуудыг, барилгын материалын үйлдвэрүүдийг нэг бүрчлэн үзэн ядах гэх юм уу, шинэ нийгэмд ийм юм байдаггүй гэдэг үзэл суртлаар татан буулгасан байдаг юм билээ. Мэдээж энэ нь 1992 оны Үндсэн хуулийн зохих заалтын дагуу авсан арга хэмжээ юм байна гэж бодогдоно.

Энэ үед Засгийн газар байсан уу, байсан, Яам газрууд байсан уу, байсан тэгээд яахаараа Социалист бүтээн байгуулалт, түүний дотор их барилгын ажлыг зохион байгуулалттай тарааж, үүдийг нь хааж цоожилдог байна.

Нийслэл Улаанбаатар хотод сүүлийн 15 жил орчим өндөр нарийхан гоёмсог барилгууд ихээр баригдаж байгаа нь сайшаалтай энэ нь Гадаад эзэн хөрөнгө оруулалттай нөгөө талд нь гадаад, дотоодын банкны зээлээр барьсан барилгууд шүү дээ. Түүнээс биш монголчууд гараа хөдөлгөж мөнгө босгоод Хөрөнгө оруулсан байшин барилга биш шүү дээ.

1990 оноос л хойш их барилгад аваар, осол, хүний эндэгдэл ихээр гарах болсон талаар сонин хэвлэл, радио телевизээр тасралтгүй гарах боллоо, Сэтгүүлч Д.Мягмардорж " Барилгын салбарт сүүлийн 9 жилд 581 осол гарч, 130 хүн тахир дутуу, 272 хүн хөдөлмерийн чадвараа алдсан. Мөн барилгын угсралтад 92 хувь эрсдэлтэй, 293 хүний амь үрэгдчихээд байхад хариуцлага хүлээсэн хүн нэг ч байхгүй байна" гэж халаглан бичсэн байх юм.

Хариуцлага хүлээх хүмүүс чинь дээр дурдсанаар Барилгын улсын байцаагч нар юм. Уг нь барилгын улсын байцаагч нар нь гадаад, дотоодын дээд сургуулийн барилгын инженерийн бүрэн курс төгссөн барилга угсралтын ажилд 3-5-аас доошгүй жил, мөн Барилгын зураг төслийн ажилд мөн 3-5-аас доошгүй жил ажилласан
болж өгвөл материалын үйлдвэрүүдийг нилээд гадарладаг хүмүүсийг шилж сонгох журмаар энэ хариуцлагатай ажилд томилдог байсан. Ийм зарчмыг цаашид ч баримтлах учиртай юм билээ.

Энэ санааны дагуу улсын байцаагчдыг сонгон авч эрх үүрэг тамга тэмдэг, үнэмлэх олгодог биз. Тиймгүй бол одоо ажиллаж буй хүмүүсээ аттестатчилах арга хэмжээг хариуцдаг ямар байгууллага байдаг юм.

Жишээ нь Засгийн газар ч юм уу эсвэл барилгын асуудал хариуцсан яам, газрууд нь зайлшгүй яаралтай авах ёстой. Шадар сайд Д.Тэрбишдагва нэгэн ярилцлагадаа "МХЕГ-ыг татан буулгаж тэнд байгаа улсын байцаагчдыг харьяалагдах яамдад өгөх нь зөв юм байна" гэж хэлсэн. Хэрвээ урьдах Социализмыг санагалзсан гэж буруушаахгүй юм бол урьд нь ийм байсан юмсан.

Одоогийн Барилгын улсын байцаагчдын ажлыг ажиглаж байхад эрх нь хэтрээд хүлээх хариуцлага нь үгүй болчихжээ. Жишээ нь тэдний тавьсан акт, зураг төслийг харж байхад БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ гэж гарын үсгээ зураад, тамга тэмдэгээ дарсан харагдах юм.

Тэр актаа жишээ нь Улаанбаатар хотын дарга болоод онцгой байдлын, цагдаагийн газарт, яам, тусгай газрын дарга нарт гэх мэтээр дээш нь явуулдаг бололтой юм. Эрх нь их байна. Даанч хариуцлага хүлээхгүй бултаад гэх юм уу нэг ёсны МХЕГ-ын нэр дор нуугдаад өнгөрдөг юм шиг байна.

Барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл өгөх, барилга хүлээн авах ажлын болон улсын комисс удирдан ажиллуулах, хуучин барилгад АКТ тогтоох энэ их эрх мэдэлд АВЛИГА ихээр авдаг гэж хэвлэл мэдээллээр тасралтгүй шүүмжлүүлдэг.

Жишээ нь сэтгүүлч Г.Ялгуун, Л.Мөнхтөр нар "Тод чоно" компани нь нэг удаагийн үйлдлээр 10 боодол буюу 100 мянган юанийг мэргэжлийн хяналтын байцаагч нарт өгдөг байсан гэж бичсэн байдаг, Нөгөө нэг жишээг хэлэхэд сумоч Батбаярын баруун дөрвөн замын цаана билүү үргэлжилсэн орон сууцны барилгуудыг ашиглалтад хүлээж авахгүй удааж байгаад сүүлд нь барилгын улсын байцаагчид 2-3 байр авч байгаад гарын үсэг зурсан талаар нэгэн эмэгтэй Монгол телевизээр бараг долоо хоног ярьж байгаа баримт бий.

Эдгээр байцаагч нарт хяналт тавьдаг байгууллага байхгүйгээс авлига авдаг арга нь хуучин барилгуудад АКТ тогтоох ажил юм. Үүнд ашиглагчийн хүсэлтийг биелүүлж л эвтэйхэн ажилладаг арга. Жишээ нь 3,14 дүгээр сургуулиуд байна, мөн хуучин гэмтлийн эмнэлэг байна. Нураагаад байхад нурж өгөхгүй чанартай барилга шүү, очоод үз.

Барилгыг ашиглалтанд авах АКТ-аар мөн л багагүй мөнгө кармаалдаг нь ийм ажилд оролцсон бүх байгууллага мэдэж л байгаа. Энд дурдагдсан авлига нийслэлийн улсын байцаагч нарт илүү ч байгаа гэдэг.

24 жил гаруй хугацаанд замбараагүй явж ирсэн ч гэлээ барилгын улсын байцаагч нарыг АТГ, цагдаа анхаарч барилгын осол аваар, хүний үхэлд хариуцлагаа умартсан нөхдөд хариуцлага хүлээлгэвэл ямар вэ.

З.Буян-Орших