Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-аас өчигдөр болсон краны осолтой холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Тус газрын төлөөлөл "Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Номин Реалтор ХХК-ийн захиалгат барилгын талбайд гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан бөгөөд бүгд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн.

Үүний хоёр нь авто кран нэг нь цамхагт кран байсан. Цамхагт краны хувьд тухайн үед ажил гүйцэтгээгүй бөгөөд 70 метрийн урттай, 4 тонн даацтай байсан.

Харин осол гаргасан буюу унасан авто краны тухайд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай байсан бөгөөд кран дээрээс унасны улмаас хоёр хүн амиа алдсан. Мөн тухайн ослын үед нэг хүн өндрөөс унаж гэмтсэн.

Тус хашаанд ажиллаж байсан өөр нэг авто кран нь 25 тонныг даацтай байсан юм.

Уг нь барилгын краныг байрлуулахдаа зам талбайг нь бэлдэж тэгшлэн, тэгш гадаргуу дээр байрлуулсан байх ёстой байдаг. Гэвч тухайн барилгыг барих явцдаа краныг тэгш бус гадаргуу дээр байрлуулан ажиллуулж байх явцад осол гарсан байна.

Ер нь краныг байрлуулах ажил нь тухайн барилгыг захиалагч болон гүйцэтгэгч компанийн хариуцах ёстой үйл ажиллагаа. Гэхдээ тухайн газар кран, өргөн төхөөрөмжөө байрлуулж буй хувь хүн, ААН ч гэсэн тэгш гадаргуу дээр аюулгүй байрлуулах шаардлагыг тавих ёстой” гэлээ.

Мөн тус ослын улмаас хүний амь эрсэдсэн учраас Эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар тус барилгын ажил зургаадугаар сараас эхэлсэн гэх мэдээлэл бий гэдгийг албаныхан хэлж байна.

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батзориг "Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар аж ахуйн нэгжүүд, ялангуяа барилгын салбарт аюулгүй ажиллагааг хангахаар ажилладаг. 

2022 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сард барилгын салбарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь осол болсон гэх барилга дээр зургаадугаар сарын 7-нд очиж урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын дагуу улсын байцаагчийн 18 зүйл заалт бүхий мэдэгдэх хуудас хүргүүлэхийн хамт хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар заавар зөвлөмжийг өгсөн.

Мэдэгдэх хуудасны 11 дүгээр зүйлд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2010 оны тушаалаар батлагдсан Ачаа өргөх краны төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах, мөн Барилгын өргүүрийн төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу өргөх, зөөх механизмд техникийн магадалгаа хийлгэх, краны бүрэн бүтэн байдлыг хариуцагч, оосорлогч, дохиочин, кранист, аюулгүй ажиллагаа хариуцагчаар мэргэжлийн хүмүүсийг тушаалаар томилон ажиллуулах, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг хангах гэсэн байгаа" гэв.

ВИДЕО: