Өнөөдөр “тамхи татдаг” -гүй өдөр
2014/05/30
Дэлхий дахин жил бүрийн эл өдрийг "Тамхины эсрэг" өдөр хэмээн тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн юм. Түүнээс хойш энэ арга хэмжээнд дэлхийн олон улс нэгджээ.
Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьсан байдаг юм байна. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч атугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байсан аж.
Түүнчлэн олонхи тамхичин 18-аас бага насандаа тамхи татаж эхэлдэг бөгөөд залуугаасаа тамхи татсанаар уушгины хавдарт өртөх эрсдэл өндөр байдгийг ч эмч нар хэлдэг. Тамхидалт залуучуудын дунд амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, зүрхний шигдээс харвалт зэрэгт нөлөөлж байгааг эрдэмтэд судалж тогтоосон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг болохыг тогтоожээ.
Өнөөдөр дэлхий дээр жилд зургаан сая гаруй хүн тамхи тамхины хор уршгаас болж нас барж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ нь зургаан секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн үг. 2030 он гэхэд тамхинаас болж нас барагсдын 70 хувь нь доогуур орлоготой улс орны иргэд байна гэсэн судалгаа гарчээ. Учир нь өндөр хөгжилтэй орнуудад иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч олон нийтийн газар тамхи татаж бусдыг дам хордуулахаас сэргийлэх хууль тогтоомжийг гаргаад 10-20 жил болж байгаа юм. Сүүлийн 20-иод жил Монгол Улсад тамхидалт нэлээд газар авч дөрвөн хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь гэртээ дам тамхидалтад өртдөг. Судалгаанаас харахад хүн амын 15-24 насны залуусын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь санаа зовоосон асуудал болсон.
Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна. Тамхийг үйлчлэлээр нь мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх гэж дөрөв хувааж үздэг.
Өнөөдөр та тамхи бүү татааарай
Х.Даваа