Олон хүний хүлээсэн өнгөлөг, дулаахан зуны улирал маань ирлээ. Зуны улирал манай оронд үргэлж сайн сайхан гэгээлэг байдаггүй нь харамсалтай.

Манай оронд гэмт хэргийн гаралт хамгийн их гардаг улирал бол зун юм. Халуун наранд цохиулаад хүмүүс араатан зангаа гаргаж эхлэв үү гэмээр хэргүүд дулаарч хавар болохийг андалгүй нилээдгүй гарч эхэллээ. Хүний санаанд оромгүй аймшигт хэргүүдийг энэ удаад дурдалгүй орхие. Иргэдийг хохироож буй бас нэгэн томоохон асуудал бол халаасны, айл гэрийн, автомашины хулгай. Урт гартай хулгайч нар цаг дулаарч хүмүүс агаар салхинд гарах, зусландаа амарч байгааг мөн хүмүүсийн хувцас нимгэрч буйг соргогоор анзаарч хэдийнээ ажилдаа оржээ. Ингээд нийслэл хотод халаасний хулгайч нарын эд ажлын улирал эхэлжээ.

 

   Автобусны буудал, зах, дэлгүүр хоршоо, банк гээд хаа сайгүй хэсүүчилдэг хулгайч нар нийслэл хотынхоо гудамжинд санаа амар ч алхуулахгүй хулгай хийж байх юм. Өчигдөрхөн дүүтэйгээ гэрийнхээ хажуу талын байрны доорх дэлгүүрээс жаал жуул юм авчихаад гэртээ орох хооронд дүүгийн маань халаасанд байсан утсыг хаанаас ч юм халаасны хулгайч гарч ирээд хулгайлчихсан байх юм. Байрныхаа үүдэнд ирээд утсаа байхгүй байгааг мэдсэн дүү минь надад хэлэхэд нь хажуугаар халамцуу өнгөрсөн хоёр залуугын араас дуудаж зөвшөөрөл авч байгаад хувцасыг нь нэгжлээ.

 

    Гэвч байсангүй. Харин өнөөх хоёр залуу та хоёрын араас сая хэдэн бацаан нар дагаад байсан гэв. Ард хүн явж байгаа хөлийн чимээ ч сонсоогүй бид хоёр гайхаж алга болсон утасныхаа дугаарлуу залгахад “Эгч тэгээд энэ утсаа хэдээр авах юм бэ дээ” гэж жоохон хүүхэд байрын хоолойтой хүн дугарахаар нь хамаагүй уурлаж загнавал зарах битгий хэл унтраагаад алга болох байх гэж бодоод учирлаж гуйгаад хэдэн төгрөгөөр солилцохоор болтол ирэх газраа ирэлгүй, дүүгийн маань утсыг ч унтраагаад алга боллоо. Урам нь хугарсан дүүгээ хараад удаан хүлээснийг ч хэлэх үү? Багагүй үнэтэй утас байсныг ч хэлэх үү? Уур хүрч, урам хугарч эргээд гэртээ орлоо. Ингээд утсаа алдсан ч гэлээ өөрийнхөө утсыг хулгайчын гараас мөнгөөр худалдаж авах гэж байснаа бодохоор уурлах, инээх зэрэгцэх шиг. Бид хоёр шиг эд зүйлээ алдаад халаглаад л үлдэж буй хүмүүс олон арваараа байгаа гэж бодохоор энэ асуудлыг бодлоготойгоор таслан зогсоох цаг нь хэдийн болжээ. Нэг талаараа халаасны хулгайч нар хүмүүсийг хашир болгож бүгд л дор дороо цүнх, түрүүвч, утсаа урдаа бариад явдаг болж. Тиймээс өнөөх хулгайчуудын арга нарийсч залилан хийх нь элбэгшжээ. 

 

     Саяхан нийслэлийн Баянгол дүүргийн  цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн 2013 оноос эхлэн бага насны хүүхдийг хуурч гэрт нь дагаж ороод дээрэм хийдэг 19 настай У гэгч эмэгтэйг үйлдэл дээр нь баривчилсан талаархи мэдээллийг хүргэж байсан билээ.  Тэрбээр учир мэдэхгүй бяцхан хүүхдүүдийг тоглолт үзүүлнэ, тогны, усны тоолуур харна гэх зэргээр хуурч гэрт нь дагаж ороод  монетон, ээмэг, бөгж, зүүлт, хөөрөг, мөнгөн аяга гээд үнэ хүрэх бүгдийг хулгайлдаг байсан юм билээ. Одоогоор нийслэлийн зургаан дүүргийн айлаас 20-25 удаагийн хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Гэтэл гэмт этгээд таван сартай жирэмсэн учир цагдан хорьж болохгүй гэсэн хуулийн дагуу гадуур байцааж байгаа. Жирэмсэн, тэгээд хэн ч харсан нүдэнд дулаахан эмэгтэй хүн усны тоолуур харна гэхээр итгэхгүй гээд ч яах билээ.

 

    Тиймээс ард иргэдийг бага насны хүүхдээ гэрт нь ганцаарааг нь үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Саппоро дахь “Миний зах” худалдааны төвөөр үйлчлүүлж явсан Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 78 настай И-г дээрэмдсэн ноцтой хэрэг гарчээ. Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа энэхүү хэргийг 20-25 насны гурван эмэгтэй бүлэглэн үйлдсэн гэдгийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. 

 

   Тиймээс хэрэг явдлыг сэрэмжүүлэг болгох үүднээс судалж үзлээ. Сэжигтэн эмэгтэйчүүд хохирогч И-д цэцгийн баглаа бэлэглээд “Танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе” гэж хэлээд танилцсан байгаа юм. Улмаар худалдан авсан хүнд юмыг нь гэрт нь хүргэж өгөх үйлчилгээ үзүүлдэг гэх нэрийдлээр хамт явж байхдаа буюу  “Миний зах”-аас “Мөнгөн гүүр” эмнэлэг хүрэх замдаа И-ийн биед хүнд гэмтэл учруулан, дээрэмдсэн аж. Ингэхдээ хоёр сая гаруй төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Хөгшин настай хүний биед хүрч цохиж, зодох байтугай хатуу үг хэлэхээс ч сэтгэл төвдөхгүйсэн. Хүний ёсонд байхааргүй энэ мэт үйлдэл гаргах явдал гарч байгаа нь монгол хүний мөс чанар ямар түвшинд очиж, монгол улсын ядуурал ямар их байгаагын тод жишээ болж байна.  

 

    Манайхан монголдоо ч хилийн чанадад ч чадварлаг хулгайч гэдгээ баталсаар байна. Гадаадад манайхан шиг ил задгай юм бүрийг олсон хүний олз хэмээн шомбодчихдоггүй учраас худалдаа үйлчилгээ цэвэрхэн гудамжинд ихэвчилэн ил задгай худалдаалагддагыг та мэдэх биз ээ. Жижиг зүйлээс эхлээд том хүртэл нь манайхан чадварлаг хулгайлж эх орныхоо нэрийг дуурсагаж явдаг гэнэ.  

 

    Хонконгийн онгоцны буудал дээр монгол бүсгүйчүүд нийлж, алмаз эрдэнэ хулгайлсан хэрэг саяхан гарсан. Харам­салтай нь бариг­дчихаж. Монголын хулгайч нарын боловсрол дээшилж, арга нь нарийсч, баргийн юмыг тоож хумслахаа больсон гэдгийг гадныхан мэдчихсэн бололтой юм.  Алмаз хулгайд алдагдлаа гэнгүүт л овсгоо самбаатай, чанар чансаатай юм “туудаг”-аар нь монголчуудыг л сэжиглээ биз дээ, бодвол. Монгол хулгайч нар ялих шалихгүй юм авдаг бага гарынхан биш гэдгээ гадны улс орныхонд харуулсаар байгаа нь гайхалтай хэрэг биш гэж үү. Алмаз хулгайлна гэдэг чинь баргийн хулгайчийн хийж чадах ажил биш. Сингапурын томоохон дэл­гүүрээс LCD телевизор үүрээд баригдахгүй гар­чихна, үнэтэй брэндийн дэл­гүүрийг хоослоод зуг­тчихна. Нөүтбүүк, гар утас энэ тэр бол “үдийн будаа”. Нүд ирмэхийн зуурт гар нь хөдлөх шиг болоход л гүйцэлдүүлнэ. Англи, Америкт алдагдсан нөүтбүүк, гар утасны ихэнх нь Монголд “ороод ирчихсэн” байна гээд бод доо. Ямар гайхамшигтай, гайхалтай ур чадвар миний ард түмэнд байна вэ?

А.Алтанзул