Сармагчны цэцэг өвчний улмаас АНУ-д нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлав
 Сармагчны цэцэг өвчний тархалт нийгмийн эрүүл мэндийн онц байдал гэж зарлахада хүргэсэн тухай АНУ-ын Эрүүл мэндийн албанаас мэдээлжээ. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) мэдээлснээр наймдугаар сарын 3-ны байдлаар АНУ-д уг өвчний 6600 гаруй тохиолдол батлагдсан байна. Тархалтын голомт Нью-Йорк хот болоод байгаа бол үүний араас Калифорни мужид халдвар тохиолдол нэмэгдэж байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн онц байдал тогтоосноор өвчний тархалтыг зогсоох нэмэлт санхүүжилт олгох, урьдчилан сэргийлэх вакцин, эм бэлдмэлийн хуваарилалтыг сайжруулах боломж бүрдэх ажээ. 

Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний төрийн нарийн бичгийн дарга Ксавьер Бесерра пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр "Энэ вирусийн эсрэг хариу арга хэмжээгээ дараагийн шатанд гаргахад бэлэн. Гагцхүү америк хүн бүр сармагчны цэцэг өвчинд нухацтай хандахыг уриалж байна" гэж мэдэгдэв.

Өвчин нь халуурах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх, загатнах зэрэг шинж тэмдгээр илэрч биеэр идээт батга, цэврүү бүхий тууралт гардаг аж. Хэсэг хугацааны дараа тууралт арилсан ч арилшгүй сорви үлдээдэг байна. Далд үе нь 7-21 хоног үргэлжилдэг дээрх өвчнөөр амиа алдах тохиолдол ховор. АНУ-д одоогоор нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.