УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ШИНЭ намынхантайгаа хамтран, Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх тухай "ШИНЭ хувьсгал" нэртэй ном гаргасан билээ. Уг номын хэсгээс хүргэж байна.

Удиртгал буюу МАНАН дэглэмийн анатоми

 

Намаа аварч үлдэхийн төлөө улсаа сүйрүүлэх үү?

 

УИХ-ын гишүүд нь өөрийн гэсэн үзэл бодолгүй, зөв бурууг ялгах чадваргүй, кнопчин, авилгачин, утсан хүүхэлдэй болж, МАН,АН гэх хоёр намын улаан хамгаалагч, аймхай, бүрэг ноомой амьтан, жагсаалын цэрэг болдгийн учир юу вэ? 

 

Үүнд хэд хэдэн шалтгаан бий.

 

Нэгд: Ялсан нам нь Засгийн газрыг гартаа авч, ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж, өөрийн намынханд бялуу хуваадаг Үндсэн хуулийн зохицуулалт нь УИХ-ын гишүүдийг авилгач болгодог.

Хоёрт: Ялсан намын мөрийн хөтөлбөр гэж байдаг болохоос УИХ-ын гишүүний мөрийн хөтөлбөр гэж байдаггүй тул эгэл жирийн гишүүд нь намын үйл ажиллагааг үг дуугүй дагахаас аргагүй байдалд хүргэснээр, өөрийн гэсэн үзэл бодолгүй нэгэн болгодог.

Гуравт: Маш олон хуулийн төслийг УИХ-ын гишүүд нь уншиж ч амждаггүй, амжлаа ч гэсэн бүрэн дүүрэн ойлгодоггүй тул намын бүлгийн шийдвэрийг дагаж, кнопчин болохоос аргагүй байдалд ордог.

Дөрөвт: Дараагийн сонгуульд нэр дэвших эрхээ хадгалж, нэг тойрог олж авахын тулд эрх мэдлийн сүүдэрт багтаж, намынхаа даргад ая тал засаж, улаан хамгаалагч болдог.

Тавд: УИХ-ын гишүүд бол сонгогдсон тойргийнхоо иргэдийн төлөөлөгч биш, харин улс төрийн намын төлөөлөгч учраас намынхаа утсан хүүхэлдэй болдог.

 

Зургаад: УИХ-ын гишүүд нь эрх мэдэл, албан тушаал, зэрэг дэв болон олон удаа сонгогдсон байдлаараа эрэмбэлэгдэж, шаталсан бүтцэд орж, төвлөн удирдагдаж, шатлан захирагдах тул жагсаалын цэрэг болдог.

 

Долоод: Намын бүлгийн шийдвэрээс эсрэг санал өгвөл, яг л Ж.Батзандан гишүүн шиг намаасаа хөөгдөх, эсвэл сахилгын шийтгэл хүртэж, улс төрийн амьдрал нь эгзэгтэй байдалд ордог тул бүрэг ноомой болдог.

Наймд: Төрийн дээр улс төрийн нам байдаг системд ялсан намын дарга нь шууд л дарангуйлагч болчихдог тул бүх гишүүд даргаасаа айж сүрдэж явдаг.

 

Энэ бүхний эцэст УИХ-ын гишүүд бол зүгээр л улс төрийн намын эрх ашгийг хамгаалагч, улс орны эрх ашгийг хохироогчид болж, морь унасан толгойгүй хүн, улаан хамгаалагч, утсан хүүхэлдэй, кнопчид, авилгачид, жагсаалын цэрэг болон хувирдаг байна. Тиймээс УИХ-ын гишүүн болоход мэдлэг чадвар огт хамаагүй, зөвхөн улс төрийн намын харьяалал болон цүнх барих чадвар маш чухалд тооцогдсоор ирлээ. Ийм улс орон огт хөгжиж дэвшиж чадахгүй. Монгол Улс нь хүний хөгжлийн индексээр 140 орноос 99 дүгээрт, Амьдралын чанарын индексээр 192 орноос 107 дугаарт, Аз жаргалын индексээр 140 орноос 136 дугаарт, Мянган төрөлт тутам дахь эндэгдлийн тоогоор 192 орноос 152 дугаарт, Авилгын индексээр 180 орноос 111 дүгээрт, Шүүхийн бие даасан, хараат бус байдлаар 132 орноос 120 дугаарт, Логистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 130 дугаарт явж байна. 2020 оны байдлаар Монгол Улс нийт 30.7 тэрбум ам.долларын өртэй байсан бол 2021 оны байдлаар 32,4 тэрбум ам.долларын өртэй болов.

 

Монгол Улс 30 жилийн хугацаанд төгрөгийн хашаа 1000 дахин алдаад байна. Энэ бүх үзүүлэлт нь Африкийн хамгийн ядуу буурай орны дунд Монгол Улс жагсаж байгааг илтгэнэ. 2020 онд “Саарал жагсаалт”-д орж, санхүүгийн хувьд хамгийн хариуцлагагүй улс орноор шалгарч, бүр Африкийн олон улс орны доор оров. МАНАН дэглэм нь 30-хан жилийн хугацаанд Монгол орныг ингэтэл нь сүйрүүлжээ. 

 

Ингэхэд МАНАН дэглэм гэж юу вэ? 

 

МАНАН дэглэм гэдэг бол 1992 оны Үндсэн хуулиар бий болгосон 2 намын систем юм. Ялсан нам нь төр засгийн бүх эрх мэдлийг бүгдийг нь гартаа авчихдаг улс орон нь арга буюу 2 намын системд шилжин ордог байна. Сонгуульд ялсан нам нь төр засгийг үнэмлэхүй эзэгнэдэг учраас сөрөг хүчин нь төр засагтай тэмцэлдэж чадахаар их хүчтэй, маш зохион байгуулалттай, хатуу гишүүнчлэлтэй, санхүүгийн өндөр чадвартай байхыг мажоритар сонгуулийн систем нь шаарддаг байна. Ийм учраас л Монгол Улсад 2-хон том нам төр барьдаг систем оршиж байгаа хэрэг. Мажоритар сонгуулийн системийг Дювержегийн зарчим буюу “хоёр намын систем” гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл Монголчууд бид өөрийн улс орноо олон намын системтэй гэж эндүүрсээр явна. Эндүүрэх ч юу байхав. Бидний тархийг угаачихаж. Манай улсад 37 жижиг нам байлаа гээд бид олон намын системд орчихдог юм биш. Хятад 17 намтай боловч нэг намын системд амьдарч байна. Америк зуу давсан намтай боловч хоёр намын системд амьдарч байна. Нэг ба хоёр намын систем нь жижиг намуудад хэзээ ч төр барилцах боломжийг олгодоггүй онцлогтой.

 

Монгол Улсын Их Хурал ба Засгийн газар, Шүүх, аймаг, нийслэлийн засаг захиргаа, бүх агентлаг, бүр эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг хүртэл 30 жилийн хугацаанд 2 нам атгасаар иржээ. 2 намын системтэй улс орнуудад, сөрөг хүчний намууд нэгдэж чадвал, эрх барьж буй намыг хязгаарлаж, эрх баригчидтай илт сөргөлдөж чаддаг байна. Зөвхөн маш хүчтэй сөрөг хүчинтэй тохиолдолд л хоёр намын системд оршиж байгаа аливаа улс оронд ардчилсан дэглэм нь хагас хугас ч болтугай оршин тогтнох үндэс бий болдог байна. Харамсалтай нь хоёр намын систем нь тогтвортой ажиллаж байгаа улс орон маш цөөн байна гэдгийг Англи, Америкаар жишээ аван харж болно. Англи, Америкаас бусад улсад хоёр намын систем нь нэг намын систем болон хувирах өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд байсаар ирлээ. Ялангуяа Монгол Улс. Монгол Улс шиг хууль биш, хөтөлбөр Үндсэн хуультай бол Дээд Шүүх нь Үндсэн хуулиа хэрэгжүүлдэггүй бол Парламент нь нэг танхимтай бол Төрийн эрх мэдэл нь төгс хуваарилагдаагүй бол Нутгийн удирдлага нь хараат бус бие даасан байдлаар ажиллаж чаддаггүй бол Улсын бүх эдийн засгийн эрх мэдлийг нь ялсан нам атгадаг бол хоёр намын систем нь нэг намын дарангуйллаар солигдох магадлал тун их ажээ.

 

2000 оноос хойш Хятад маягийн нэг намын дарангуйлагч системд Монгол Улс алхам алхамаар шилжсээр байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ардчилсан хүчнийхэн ганцхан удаа их эвсэл үүсгэж, ганцхан удаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонхи болж байлаа. Бусад бүх сонгуульд МАН ялж байлаа. Бас ганцхан удаа 2 намын УИХ дахь суудлын тоо нь тэнцэж байлаа. АН байнга сонгуульд ялагдаж, АН-ын гишүүд цаг үргэлж ажилгүй байж, гудамжинд лааз өшиглөж ирлээ. АН-ын гишүүд турж үхэхгүйн тулд МАН-тай хамтарч хэд хэдэн удаа Засгийн газар байгуулж байлаа. Харин үүнийг бол дарангуйлал гэдэг.

 

“Зөвшилцөл бол дарангуйлал мөн” гэж Айн Рэндийн бэсрэг зохиол байдаг. Эрх баригч нам сөрөг хүчин хоёр нь зөвшилцөөд, эвсээд, нэгдээд Засгийн газраа хамтран байгуулчихвал, төр хяналтгүй болдог байна. Төр засаг нь хяналтгүй болчихвол, төр нь шууд л дарангуйлагч болох мөн чанартай байгууллага ажээ. Учир нь төр бол хуулийн дагуу дарангуйлал явуулах эрх мэдэлтэй цор ганц субъект юм. Төрийн мэдэлд тухайн улсын цэрэг цагдаа, зэр зэвсэг, хууль шүүх, шорон орон, засаглалын бүх элемент, төсөв хөрөнгө гээд дарангуйллын багаж зэвсэг цөм бүрэн бий. Ийм учраас л сөрөг хүчин нь эрх баригч намтайгаа эвсэхийг дарангуйллын нэг хэлбэрт шилжлээ гэж үздэг ажээ. Тэгээд л хоёр намын системтэй Англи, Америк мэтийн улс орнуудад, “эвслийн засгийн газар” огт байгуулах боломжгүй байдаг бөгөөд энэхүү зарчмаа Үндсэн хуулиараа бэхжүүлж авсан байдаг. Гэтэл манай улс бол ажил олгогч, социалист төр засагтай улс юм. “Ялсан нам улсын бүх ажлыг олгож байгаа улс оронд, сөрөг хүчин байна гэдэг бол алгуурхан өлсөж үхэхийн нэр.” гэж Л.Д.Троцкий социалист төр засгаа шүүмжлэн бичиж байжээ. Социалист төрийн онол нь ийм учраас л Монгол Улсад сөрөг хүчин оршин тогтнох нөхцөл бололцоо огт алга байна. Чухам ийм учраас л АН нам усан шөл олж уухын тулд “Эвслийн засгийн газруудад” орж, ард түмнээсээ удаа дараа урваж байсан юмсанж. Сөрөг хүчин устсаны хар гайгаар МАН хүчирхэгжив. 7 татварын хувь хэмжээг нэг дор нэмж, ард түмнийг боолчилж байхад, сөрөг хүчин болох АН огт дуугарсангүй өнгөрч байх жишээтэй. Ардчиллаас ухарсан олон шийдвэрийг АН зүгээр л хараад суудаг болжээ.

 

Намын дарга нь намын гишүүдээ бяц баздаг дүрэмтэй, намын дарга нь шууд дарангуйлагч болчихдог уламжлалтай, бүх гишүүд нь ярс хийтэл гар өргөдөг, маш хатуу сахилга баттай МАН нам нь сүүлийн 2 сонгуулиар үнэмлэхүй ялж, УИХ, Засгийн газар, Орон нутгийг үнэмлэхүй эзэгнэж, төгс дарангуйлал явуулж ирлээ. Гэтэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялалт байгуулж, Шүүх засаглал МАН-ын гарт оров. Ингэснээр АН гэх сөрөг хүчин улс төрийн  тавцангаас бүрэн шахагдав. АН одоо өлсөж үхэж байна. Хэдийгээр УИХ-д АН-ын бүлэг ажилласаар, Монгол Улсад МАНАН дэглэм оршсоор байгаа боловч, АН-ыг сөрөг хүчин гэж үзэхэд үнэхээр хэцүү болжээ. Тиймээс ард түмэн бид өөрсдөө л сөрөг хүчин болохоос аргагүй байдалд орлоо. Үгүй бол ардчилал устана. Улс орон нэг намын системд эргэлт буцалтгүй шилжинэ. 1937 он эргэн ирнэ.

 

 

МАНАН дэглэмийн учруулж буй хор хөнөөл юу вэ? 

 

Монгол Улсад нүүрлээд байгаа бүх хямралт үзэгдлийг МАНАН дэглэм үүсгэсэн юм. Мөнгөний хомсдол, мөнгө хүүлэлт, инфляци, долларжилт, банкны салбарын хямрал, үйлдвэрлэлийн уналт, ДНБ-ний агшилт, дэд бүтцийн доройтол, төрийн өмчийн хямрал, хөрөнгө шамшигдуулалт, төсвийн хямрал, гадаад өрийн хямрал, түүхий эдийн үнийн хямрал, баялгийн хараал, байгаль орчны сүйрэл, экспортын хямрал, мөчлөгт хямрал, төлбөрийн тэнцлийн хямрал, ужиг хямрал, боловсролын системийн хямрал, эрүүл мэндийн салбарын хямрал, даатгалын системийн хямрал, санхүүгийн системийн хямрал, биржийн хямрал, татварын боолчлол, бизнесийн хямрал, баян хоосны хэт ялгарал, ядуурал, хортой хүнс, хорт хавдар, нялхсын эндэгдэл, иргэдийн уур бухимдал, итгэл найдварын хомсдол, ёс суртахууны уналт, ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг, авилгал гээд МАНАН дэглэмийн үүсгэсэн хямралт байдлуудыг тоочоод баршгүй. МАНАН дэглэм Засгийн бүх эрх мэдлийг ард түмнээс булаан авчээ. Иргэн бүр өнчирч, ганцаардаж, хүчгүйдэж, МАНАН дэглэмд дарлагдаж гүйцлээ. Сум, хороог МАНАН дэглэмийн хамгийн доод шатны бүтэц, аппарат, гар хөл болгон хувиргаж, сум, хороог маань авилгач, үр авгалдайгаа бэлтгэн гаргах сургууль дамжаа болгосон байна.

 

Улс орон улаан, цэнхэр өнгөөр хуваагдаж, хагарал хуваагдлын туйлд хүрчээ. Нутаг орон эзгүйрэх, байгалийн баялгаа цөлмүүлэх нь хэвийн үзэгдэл болжээ. Эцэстээ “Хонгилын шүүх” эрчээ авч, даргын даалгавраар ял оноодог болов. Энэ бүхний дүнд Монгол Улс 76 хаан ба 3,4 сая боолтой болжээ. Энэ бүх хямралт байдлыг МАНАН дэглэм бий болгосон. Энэ бүх хямралт байдал нь МАНАН дэглэмтэй хүйн холбоотой. “Хувьсгал” номын гарчиг бүхэн нь дээр дурдсан хямралт байдлуудаас хэрхэн гарах арга замыг тов тодорхой дүрслэн харуулах болно. МАНАН дэглэмийн бий болгосон бүх хямралт байдлыг 18 хувьсгалаар бүрэн засварлахаас өөр арга Монголчууд бидэнд үлдсэнгүй. Өөрөө өөрийгөө засаж, сайжруулж, Монголын нийгмийг манлайлах үүрэг зориулалттай төр засаг нь өөрөө өөрийгөө огт засалгүй 30 жил болжээ. Тиймээс хямралт байдлууд хэт их хуримтлагдав. Тиймээс л ард түмэн хувьсгал нэхэх болов. Тиймээс л хувьсгалаар түлхэн унагаагдах хүртлээ МАНАН дэглэм ялзран доройтжээ. МАНАН-гийн төрийн машин нь өөрөө, Монголын хөгжлийг улдан чангаагч, Монголын дайсан болжээ. Гэтэл тэд өөрсдийнхөө бурууг хөрш орнууд болон гадаад дотоодын байгууллага, хөрөнгө оруулагчид, эдийн засгийн хямралуудад тохдог болжээ.

 

МАНАН дэглэм хэрхэн үүссэн бэ? 

 

Парламентын сонгууль нь мажоритар системээр явагддаг, сонгуульд ялсан нам нь Засгийн Газраа байгуулдаг системийг “хоёр намын дэглэм” гэж бүх дэлхий үзэж байна. 1992 оны Үндсэн хуулийн 21.2-д “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно.” гэсэн заалт нь мажоритар системийг үүсгэсэн байна. Харин Үндсэн хуулийн 40.2-т “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.” гэсэн заалт нь ялсан намын гарт Засгийн газрыг атгуулсан

байна. Үндсэн хуулийн энэ хоёр заалтын дагуу Монгол Улсад “хоёр намын систем” бий болжээ. Үүнийг л манай ард түмэн МАНАН дэглэм гэж нэрлэдэг билээ. Өнөөдөр сонгуульд ялсан нам нь хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн засаг захиргаа, орон нутгийн эрх мэдлийг гартаа атгаж байна. Сонгуульд ялсан нам Үндсэн хуулийн дээр заларч байна. Эдгээрийг л төрийн дээр нам гарлаа гэдэг. Үүнийг л улс төрийн намын дарангуйлал гэдэг.

 

Гэтэл МАНАН дэглэмийн луйварчид зөвхөн “Зөвшилцлийн Засгийн газар” байгуулахыг л “МАНАН дэглэм” хэмээн тайлбарлаж, одоо МАНАН дэглэм байхгүй болчихсон гэж ард иргэдийн тархи толгойг угаахыг оролдох боллоо. Эсвэл нам дамжсан, гэмт бүлэглэлийг л зөвхөн “МАНАН дэглэм” хэмээн тайлбарлаж, тэрхүү МАНАН дэглэмтэй амь хайргүй тэмцэнэ гэдгээ ах дүү хоёр намын популистууд сүр дуулиантай мэдэгдэх боллоо.

Гутамшиг. Бодит амьдрал дээр, жинхэнээсээ МАНАН дэглэмийн толгойлогч бол Ерөнхий сайд юм. Гэтэл Ерөнхий сайд нь өөрийн биеэр МАНАН дэглэмтэй хайр найргүй тэмцэж байгаа дүр эсгэх нь инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй. Энэ нь ард түмэн биднийг юу ч ойлгохгүй хэмээн тооцож, илт дорд үзэж байгаагийн илрэл юм. Өөрийгөө хэн болсныг ч ойлгохгүй байгаа Ерөнхий сайд нараар Монгол Улс ямар үлийгээ хийхэв дээ.

 

МАНАН дэглэм бол ард түмний дайсан мөн. 

 

Манай гол дайсан бол МАНАН дэглэм мөн гэдгийг ард түмэн маань өөрсдөө олчихжээ. МАНАН гэх хэллэг нь ардын дуу шиг зохиогч үл олдох ажээ. Тун ч голч, гооч, шооч, ухаалаг ард түмэн шүү. Гэхдээ ард түмэн маань ам амандаа МАНАН дэглэмийг буруушаах боловч, түүнийг хэрхэн устгах арга замыг хараахан олж хараагүй байна. Тиймээс МАНАН дэглэмийн бузар булай бүхнийг уудлан илчилж, МАНАН дэглэмийн хорт бодлого бүрийг 18 хувьсгалаар тас цохих арга замыг ард түмэндээ тайлбарлан өгөх нь “Хувьсгал” номыг бичих болсон гол шалтгаан мөн. МАНАН дэглэмийг даран сөнөөх арга замыг, ард түмэн маань мэдээд авчихвал, МАНАН-гийн төрийн машиныг эвдэн устгаж, цоо шинэ төрийн машин бүтээж чадах нь гарцаагүй. МАНАН дэглэмийг түлхэн унагавал хувьсгал ялалтад хүрнэ. “Нэг нууцыг тайлж чадвал бүх нууц ил болдог.” гэж Никола Тесла ярьсан байдаг юм. МАНАН дэглэм гэх хорт хавдрыг маш сайн оношилж чадвал, уг хорт хавдрыг үүсгэж буй гүн далд шалтгаануудыг олж устгаж чадах юм. Хэрэв МАНАН дэглэмийг устгаж чадвал, дээр дурдсан бүх хямралыг бүгдийг нь нэгэн дор бүрэн шийдвэрлэж, засаж залруулж чадна. Тиймээс л МАНАН дэглэмийг түлхэн унагах нь Монголын ард түмний хамгийн том, хамгийн гол, хамгийн ариун зорилго байх нь гарцаагүй юм. Тиймээ. Ард түмэн минь ээ МАНАН дэглэмийг устгах нь та бидний ганц ариун зорилго юм шүү.

МАН,АН хоёр намыг ертөнцийн хөрснөөс арчин хаяцгаая. Бусад намуудыг ч бас татан буулгая. Тэгээд олон намын системийг цоо шинээр эхлүүлье.

МАНАН дэглэмийг түлхэн унагах арга зам. Нам төр хоёрыг салгаж, улс төрийн нам гэгч нь төрийн дээр гарчихсан байгааг таслан зогсоохгүй бол МАНАН дэглэмээс сална гэж байхгүй. Дарангуйллаас сална гэж байхгүй.

 

Тиймээс бид Үндсэн хуульдаа 2 янзын зарчмын өөрчлөлтийг оруулах ёстой. Нэгд: Олон намын системд шилжин орох. Хоёрт: Улс төрийн намаас төрийн гурван өндөрлөг болон Ерөнхийлөгчийн засаг захиргаа, орон нутгийн эрх мэдлээ салган авах хэрэгтэй. Улс төрийн намын савраас Шүүхийг, Засгийн газрыг, УИХ-ыг, Ерөнхийлөгчийн засаг захиргааг, Орон нутгийг, Үндсэн хуулийг хэрхэн салган авах тухай, мөн олон намын системд хэрхэн шилжих тухай “МАНАН дэглэмийн эсрэг хувьсгал” гарчгаас та бүхэн дэлгэрүүлэн уншаарай.

 

Улс төрийг өөрчлөх хэрэгтэй. Монгол Улс 2 намын системд шилжээд 30 жил болж байна. Ардчиллынхан нэг намын системийг халж, 2 намын системийг бүтээсэн боловч төрийн дээр нам байдаг социалист загварыг устгаж чадаагүй. Ардчиллынхан хувийн өмчийн эхлэлийг тавьсан боловч, улс төр эдийн засгийн бүлэглэлд улсын бүх капиталыг алдсан буруутай. 100 жилийн турш төрийн эрх мэдлийг атгаж, төрийн дээр заларч байгаа МАН нам нь 30 жилийн турш АН намыг өлсгөж хооллож, даврааж дарж, нэгтгэж задалж, эвсэж элдэвлэж, хорьж суллаж, хорлож эмчилсээр мөхлийн ирмэгт авч ирээд байна.

 

Өнөөдөр АН нам нэгэнт үхэж байгаа тул Монгол Улс буцаад нэг намын систем руу гулсан унаж байна.

 

МАНАН дэглэмийнхэн гэмших хэрэгтэй. Улс төрчид сонгууль болоход санал олж авахын тулд ард түмэнд хайр зарладаг. Гэвч үнэн хэрэгтээ улс төрчид ард түмнийг чин сэтгэлээсээ хайрладаггүй. Улс төрчид ард түмнээ гэсэн сэтгэлгүй, улс орноо бодох чадваргүй, биеэ тоосон, ихэрхүү, дээрэлхүү зан гаргаж байгаад нь ард түмэн ч бас буруутай. Улс төр ялзарсан гэж хуруугаараа чичиж, шоолж, доромжлох боловч гэр гэртээ, зүв зүгээр хараад сууж байгаа ард түмнээс улс төрчид айхгүй. Улс төрчдийг зөв чиглүүлж, шахаж, шаардаж, босож, нэгдэж, тэмцдэггүй ард түмнээс хэн айх юм. Айх юм байхгүй учраас хээл хахууль авч, намын эрх ашгаа хамгаалж, улсын эрх ашгийг хөсөрдүүлж, хөгжил дэвшлийг улдан чангааж, цүнх баригчид улам томорч байна.

 

Ард түмэн бол Монгол Улсын эзэн мөн. Эх орон гэдэг бол ард түмэн мөн. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх ёстой. Ард Улс, Ардчилсан Улс гэдэг холбоо үгийн үндэс бол ард түмэн юм. Ард түмэн бол улс төрчдийг сонгосон, тэднийг төрүүлсэн эцэг эх мөн. Эцэг эх нь үр хүүхдээ буруу замаар орвол алганы амт үзүүлдэг. Ард түмэн л энэ улс орны цор ганц найдвар. Ард түмэн минь энэ дуулгаваргүй, дураараа улс төрчиддөө алганы амтаа үзүүлэх цаг болжээ. Та бүхэн хоёр намын системийг татан буулгаж, олон намын систем байгуулж, төрийн дээр нам гарчихсан байгаа завхралыг засаж, энэ улсын эзэн нь хэн гэдгээ улс төрчдөд харуулах хэрэгтэй. Нам дагасан авилгачдад ард түмэн булчинлаг нударгынхаа амтыг үзүүлэх хэрэгтэй. Та бүхэн өөрсдийн булчинлаг нударгаар улс төрийг зөв замд нь оруулж өгнө үү?

 

ШИНЭ нам