Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас арилжааны 11 банканд холбогдох хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгасан.

Ийнхүү шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагааг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн. Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. 

Иймд есөн банкны хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан юм. Мөн нэр бүхий есөн банканд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлсэн байдаг. 

Тэгвэл зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан 30 хоногийн хугацаа есдүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болоод байна. Арилжааны банкууд нэг хувийн шимтгэлтэй холбоотой албан даалгавар биелүүлсэн эсэх талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа.

- Арилжааны банкууд зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой зөрчлөө хэрхэн арилгаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

- Есдүгээр сарын 14-ний байдлаар Богд, Капитрон банкнаас шийтгэврийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг ШӨХТГ-т ирүүлсэн. 

- Танайхаас ямар хариу өгсөн бэ? 

- Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийн гарч байгаа зардалтай уялдуулахгүйгээр үндэслэлгүй тогтоосон. Мөн зээлийн үнийн дүнг харгалзахгүйгээр зээл олголтын шимтгэлийг 1%-аар тогтоож, хэрэглэгчийг хууль бусаар хохироож байгаа нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан учраас улсын байцаагчийн шийтгэврийн хуудас болон Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах албан даалгаврыг үндэслэлгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар хариу хүргүүлсэн.

- Бусад банкны хувьд? 

- Бусад банкны хувьд шийтгэлийг сайн дураараа биелүүлээгүй байгаа. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь есдүгээр сарын 12-ны өдрөөр дууссан. Дээрх хоёр банкнаас бусад банк одоогийн байдлаар шүүхэд гомдол гаргасан эсэх нь бидэнд мэдэгдээгүй байна. Хэрэв шүүхэд гомдол гаргаагүй, маргаан үүсээгүй тохиолдолд ШӨХТГ-аас шүүхэд хандаж албан даалгавар болон шийтгэлийн хуудсыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ. Хэрэв банкууд ямар нэгэн байдлаар шүүхэд гомдол гаргасан бол шүүх хэрэг нээж хэлэлцэх эсэхээ мэдэгдэх юм.

Богд болон Капитрон банкны тухайд ШӨХТГ-аас хариу очсон өдрөөс эхлээд гомдол цааш гаргах эсэх нь шийдэгдээд явна гэсэн үг. 

- Албадан даалгаварт бичигдсэн зүйлсийг тодруулж хэлэхгүй юу?

- Цаашид гарах шийдвэрүүд нь хууль тогтоомжийн дагуу нийцсэн байх. Харилцагчтай байгуулж буй гэрээнд өөрчлөлт оруулж, зөрчлийн үр дагаврыг арилгах ёстой. Зээл олгоход авч буй шимтгэлээ гарч байгаа зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтооно гэж албан даалгаварт бий.

- Иргэд нэг хувийн шимтгэлээ хэрхэн буцааж авах боломжтой вэ? 

- Иргэдийн зүгээс таны хэлж байгаачлан шүүхээс эсвэл ШӨХТГ-аас иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хууль бусаар хураалгасан шимтгэлийг бүх иргэнд буцааж олгох шийдвэрийг гаргаад өгөөч гэх асуудлыг тавьж байгаа. Энэ бол боломжгүй. Учир нь бид захиргааны акт гаргаж, банкуудын авсан шимтгэл нь хууль бус гэдгийг тогтоосон.

Тэгэхээр иргэн иргэний журмаараа зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хохирлоо төлүүлэх гомдлыг тухайн банкандаа гаргах эрхтэй. Хэрэв банк шийдвэрлэж өгөхгүй бол иргэний шүүхэд гомдол гаргаж, хохирлоо төлүүлэхээр хандах эрх нь нээлттэй гэсэн үг.

Түүнээс биш бүх иргэдийн гаргасан хохирлыг барагдуул, нэг хувийг шимтгэлийг буцааж олго гэж шийдэх эрх хэн хэнд нь байхгүй. 

Бүх зээлийн төрөл ижил явж байгаа. Гэхдээ бидний хувьд хяналт шалгалтыг зөвхөн ипотекийн зээлд хийсэн бөгөөд цаашид бүх төрлийн зээлийн авч буй шимтгэлээ хуульд нийцүүл гэх асуудлыг тавьж байгаа.

Нэмж хэлэхэд, 2021 онд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль гарсан. Энэ хуульд 2021 онд банк болон эрх бүхий этгээд нь хэрэглэгчдэд зээл олгохдоо шимтгэл хураамж авч болно. Авахдаа үндэслэлтэй тогтооно гэж заасан байдаг.

Тэгэхээр 2021 оноос өмнө зээл авсан иргэдийн хувьд 2021 он хүртэлх хугацаанд ямар нэгэн шимтгэл авах хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй буюу хуульгүйгээр шимтгэл авч байсан хэрэг. Өөрөөр хэлбэл хуульгүйгээр шимтгэл авч байсан тул иргэд иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж, нэхэмжлэх боломжтой. Энэ төрлийн маргаан шүүхэд очоод иргэний талд гарч байгаа тохиолдол байгаа юм билээ.

ШӨХТГ-ААС НЭГ ХУВИЙН ШИМТГЭЛ АВДАГТАЙ ХОЛБООТОЙГООР ББСБ-УУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЯВУУЛЖ БАЙНА

- Танай газраас арилжааны банктай холбоотой өөр ямар нэгэн шалгалт хийж байгаа юу, мөн иргэдээс гомдол ирж байна уу?

- Одоогийн байдлаар арилжааны банкуудтай холбоотой өөр төрлийн шалгалт хийгдээгүй байна.

Өмнө нь зээлийн мэдээллийн санд иргэд санамсаргүй болон санаатай байдлаар зээлээ төлж чадаагүйн улмаас жагсаалтад ороод, зургаан жилийн хугацаатай зээл авах эрхгүй болж байгаа асуудал гарч байсан. Иргэн алдангиа нэмж зээлээ төлчихсөн байхад жагсаалтаас гаргадаггүй. Зөвхөн банк болон ББСБ-аас бус үүрэн телефоны операторууд, гурван үйлчилгээгээр дамжуулан хууль зөрчиж байна гэх гомдол ирсэн. Энэ асуудал дээр Монголбанктай хамтран ажиллаж, тус банкны зээлийн мэдээллийн сан дэмжсэний үндсэнд нийт 50 мянга гаруй иргэн, 500 ААН-ийн мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас гаргасан. Өөрөөр хэлбэл, хэвийн ангиллаас бусад ангилалд байсан тохиргоог засаж, цаашид зээл авах боломжийг нь хангаж өгсөн. 

Үүрэн телефоны операторууд болон гуравласан үйлчилгээний операторуудаар дамжиж Зээлийн мэдээллийн санд оруулахыг Монголбанкнаас зогсоолоо гэх шийдвэр гарсан байгаа.

Түүнчлэн ШӨХТГ-аас нэг хувийн шимтгэл авдагтай холбоотойгоор ББСБ-уудад хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Улаанбаатар хотод 500 орчим ББСБ үйл ажиллагаа явуулдаг. Хүн хүчний нөөц бололцоондоо тулгуурлан эдгээрээс хамгийн их зээл олгож, гүйлгээ хийж байгаа ББСБ-уудыг түүврийн журмаар шалгаж байгаа. Гарсан шийдвэрийг нийт банк бус санхүүгийн байгууллагад мөрдүүлэхээр шийдвэр гаргана. 

- Баярлалаа.