Ж.Нарангэрэл: Цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг ₮113 саяар хийж, ₮83 саяыг нь буцаан олгоно
2022/09/15
Монгол Улсад анх удаа цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгасан нь эрүүл мэндийн салбарт томоохон амжилт юм.
Уг эмчилгээг гадаад улсад өндөр зардлаар эмчлүүлдэг тул эх орондоо нэвтрүүлснээр гадагш урсаж буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх боломжтой болж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл "Эрүүл мэндийн яам нь Монгол эмчлэгдэх боломжгүй өвчнөө эмчлүүлэхээр гадаад улсыг зорьж буй хүмүүсийн мэдээллийг нэгтгэж, эмчилгээний зардлынх нь тодорхой хэмжээг буцаан олголт өгдөг.
Сүүлийн таван жилд 21 иргэн уг эмчилгээг хийлгэхээр гадаад улс руу явсан. Улсаас эмчилгээний зардлынх нь 5 хувийг буцаан олгодог бөгөөд энэ хугацаанд 1.5 тэрбум төгрөгийг буцаан олголтоор өгсөн. Тухайн улсын эмчилгээний зардал, биеийн байдал, хавсарсан эмгэг, нас гэхчлэн олон зүйлээс шалтгаалж, эмчилгээний төлбөр өөр өөр. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгаж буй процедурын зардлыг тооцоход 300 саяас хоёр тэрбум төгрөгөөр хийгддэг. Энэ бол зөвхөн эмнэлэгт тушааж буй мөнгө" гэлээ.
Харин Монгол Улсад уг эмчилгээг 113 саяын өртгөөр хийх бөгөөд 83 саяыг нь буцаан олгох юм байна.
Б.Хишигжаргал: Жилд 50-60 хүн цусны цочмог хорт хавдартай нь оношлогдож байна
Манай улсад цусны цочмог хавдрын тохиолдол хэр их байдаг талаар тодруулахад УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал "Цусны цочмог явцтай хавдар гэх оношоор жилд 50-60 хүн оношлогдож байна. Сүүлийн жилүүдэд ихэссэн. Оношлогдож буй эдгээр хүн уг эмчилгээг хийлгэх заалттай. Улсын хэмжээнд ганц төв байгаа учир ээлж дараатайгаар хийнэ.
Үүдэл эс шилжүүлэн суулгах тасгийг өргөтгөн хими эмчилгээний зориулалтын есөн ортой тасаг байгуулсан. Энд өөрөөс нь өөрт цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийнэ. Өмнө нь жилд долоон хүнд хийдэг байсан бол одоо 10-20 хүнд хийх боломжтой болоод байна" гэлээ.
Мөн ардын эмч Н.Оюундэлгэр "2017-2018 онд цусны цочмог хэлбэрийн хавдар 20-23 оношлогдож байсан бол одоо 50-60 болж байна. Тоо ихсэхэд олон шалтгаан нөлөөлж байгаа. Үүний нэг нь оношилгоо сайжирсан нь ч нөлөөлсөн. Оношлогдож буй хүмүүсийн ихэнх нь ид насны буюу 18-35 насныхан" гэсэн юм.
Цусны хорт хавдар нь бусад төрлийн хавдраас өвөрмөц байдаг бөгөөд насны ялгаа хамааралгүй, шууд нөлөөлөх хүчин зүйл тогтоогддоггүй өвчин гэдгийг мэргэжлийн хүн хэллээ. Хурдан хугацаанд бие махбодод өөрчлөлт өгч, хими эмчилгээ, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг түргэн хийх ёстой байдаг тул дээрх эмчилгээг эх орондоо нэвтрүүлсэн нь тун чухал үйл явдал юм.