Өнөөдөр Монголчууд бид Англи, Америк, Германаас ирсэн хувцсаар гангарч, Энэтхэг, Хятад, Орос зэрэг олон орны хоолыг идэж, Япон, Солонгос, Америкаас ирсэн төрөл бүрийн машин унаж өдөртөө л онгоцоор хөрш орнууд уруу аялаад ирэх бүрэн боломжтой болсон. 

Мэдээж мөнгө нь байгаа цагт л даа.  Энэ бол даяарчлалын нэг үр нөлөө.  Даяарчлал гэдэг зүйл зөвхөн бидний хэрэглээнд зогсохгүй ёс заншил, зан харилцаа, гадаад дүр төрхөнд ч нөлөөлж байгааг бидний хойч үе болсон оюутан сурагчдын дүр төрхнөөс бэлхэн харж болно.  Даяарчлалын үр дүн нь ямар нэг орны соёл, бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж түүнийг хүн бүхэн авч хэрэглэхийг хүсдэг.  Тэгвэл энэ том өрсөлдөөн дунд манайх шиг жижиг эдийн засагтай орон яах вэ?  Мэдээж бидэнд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай.  Өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй, ихэнх зүйлээ гаднаас импортоор авдаг манай улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бодитой, зөв зохицуулалттайгаар оруулж ирэн дотоодын үйлдвэрлэгчдээ хүчирхэгжүүлэх нь хамгийн чухал алхам мөнөөс мөн.  Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь өр үүсэгдэггүй учир урсгал тэнцлийн алдагдлыг нөхөх ашигтай хувилбар юм.  Шилжилтийн эдийн засагтай орнуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт ихэнхдээ өмч хувьчлалын үйл ажиллагааны үр дүнд орж ирсэн байдаг.  Гэвч энэ төрлийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт бага орж ирсэн.  Энэ нь мэдээж манай дотоодын зах зээл, дэд бүтэц, хууль эрхзүйн орчинтой шууд холбоотой. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үндсэн хоёр төрлийг нэрлэж болно. Экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг босоо гадаадын шууд хөрөнгө оруулалт, харин дотоодын зах зээлд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хэвтээ гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг.  Хэрэв манай улсаас экспортлох нь өндөр зардалтай буюу дэд бүтцийн асуудлаас болоод тээврийн зардал их гарч байвал босоо төрлийн хөрөнгө оруулалт зардал ихтэй болдог.  Уул уурхайн салбарт энэ зүйл ихээхэн ажиглагддаг. Нөгөө талаар манай улсын импортын тариф өндөр байгаа нь хэвтээ хөрөнгө оруулалтыг татах нөхцлийг бүрдүүлж чадахгүй байна.  Оронд нь гадаадын пүүс, компаниуд бүтээгдэхүүнээ шууд Монголын зах зээл дээр борлуулах нь ашигтай гэж үзэж байна.  Үүний нэг жишээ бол Кока-Кола компани манай зах зээлд нэвтрэхийн оронд лиценз олгох нь ашигтай гэж үзсэн явдал юм.  Нөгөөтэйгүүр тус компани манай хоёр хөршид өөрийн үйлдвэртэй төдийгүй хөрш орнуудын худалдааны саад бага байгаа зэрэг нь нөлөөлсөн.  Энэ бүхний үр дүнд Монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэхгүй гадаас бэлэн бүтээгдэхүүн өндөр өртөгтэйгээр авч бусад орны ажиллах хүч, зах зээлийг дэмжсээр байна.  Гэвч үнэн хэрэгтээ бид бусад орныг тэтгээд байх тийм чинээлэг болчихоод байгаа билүү?

Нөгөө талаар бусад орны хөрөнгө оруулалтын орчин Монгол улсаас илүү ашигтай байвал хөрөнгө оруулагчид манай зах зээлийг сонгохгүй шүү дээ. Цаашид олон улсад өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгохын тулд бид гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж урт хугацаанд дорвитой хөгжих салбаруудад хөрөнгө мөнгө оруулах хэрэгцээ байна.  Шинэчлэлийн засгийн газраас “Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног”-ийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө.  Богино хугацаанд ч дорвитой хөдөлж чадвал томоохон өөрчлөлтүүдийг хийх боломж бидэнд бий.  Тиймээс төрийн түшээд маань улс эх орныхоо ирээдүйн төлөө зөв алхмуудыг хийх цаг хэдийнэ ирсэнийг сануулмаар байна.

Э.Заяа