Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч есдүгээр сард Роснефть компанитай хэлэлцээ хийсэн. Тус хэлэлцээрийн дагуу 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болсон.

Улмаар ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон. 

Тэгвэл УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал Ерөнхий сайдын дээрх хэлэлцээрийн гэрээг албан ёсоор үзэглэсэн байна.

Тэрбээр энэ тухайгаа "Газрын тосны дэлхийн зах зээл дээрх хэт савалгаатай өндөр үнэтэй энэ үед тогтвортой үнээр урт хугацаандаа шатахуун нийлүүлэх боломж үүгээр нээгдэж байна" гэжээ.