Угсармал орон сууцуудыг дулаалах төсөл хэрэгжиж эхэллээ
2022/10/12
“Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” Нама дэмжлэгт төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.
НЗДТГ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хамтран, Германы “Нама фасилити” байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг төсөл нь 2027 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Дээрх хугацаанд Улаанбаатар хотод буй угсармал орон сууцуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх ажлыг гүйцэтгэх юм.
Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1,077 блок барилга байдаг. Дээрх төслийн хүрээнд эхний ээлжид 120 орчмынх нь дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эрчим хүчний зарцуулалт багасаж, нүүрстөрөгчийн ялгарал буурч, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ өснө гэж үзсэн байна.
Барилгын материалын үнэ ихээхэн өсөж буй тул шинэ барилга барилгүйгээр их засвар хийх нь төсвийг хэмнэж, харьцангуй бага зардлаар сайн үр дүнд хүрэх арга зам гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон юм. Насжилт өндөртэй, хуучирсан барилгыг нурааж, шинээр барихад дунджаар 7 тэрбум төгрөгийн зардал гардаг бол их засварын зардал 600 сая байдаг аж.
Зочин · 2022/10/12
Өнгө үзэмжий нь улам дордуулаад бнашдээ чанартай хийгээд мөнгөө гудар цавчигчдаа