Нийслэлийн тулгамдсан асуудлуудын нэг, хоёрдугаар байрыг түгжрэл, агаарын бохирдол эзэлж байна. Түгжрэлийг бууруулахаар сүүлийн жилүүдэд толгойтой бүхэн ам уралдан ярьж, төсвөөс ч олон тэрбум төгрөг зарцуулаад буй. Гэвч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа.

Нийтийн тээврийг Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр, тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор ангилан хөдөлгөөнд оролцуулаад 10 жилийн нүүрийг үзжээ. Анх үр дүн гарах мэт харагдсан ч бодит байдал дээр тэгсэнгүй. Тэр бүү хэл, энэ онд анх удаа түгжрэл бууруулахын тулд сайд томилсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хот хариуцсан сайдаар томилоод 40 гаруй хоножээ.

Тэрбээр түгжрэлийн үндсэн шалтгааныг “Хот байгуулалтын алдаа, замын сүлжээний дутагдал, нийтийн тээврийн хөгжил, хот хөдөөгийн тэнцвэргүй байдал нөлөөлдөг” хэмээн тодорхойлсон. Автомашины хэрэглээ их байгаа тул иргэдийг хувийн унаанаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалдаг. Гэтэл нийтийн тээврийн автобуснуудын 60-аас дээш хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Өвөлдөө хүйтэн, цонх нь цанатаж, хаалга нь хөлддөг. Техникийн үзлэг хангалтгүйгээс тормоз нь гацаж осол гаргах, цахилгааны гэмтлээс үүдэж шатах асуудлууд тасардаггүй.

Эдгээрийг шийдэхийн тулд парк шинэчлэлийг үе шаттай хийнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар мэдээлсэн. Энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441 автобус импортлох юм. Үүнээс цахилгаан 50, хоёр давхар 10, Евро-V хөдөлгүүртэй 60 автобус ирж, үйлчилгээнд явж буй. Харин ирэх онд 457 автобус авчирахаар төлөвлөсөн аж. Нийтийн тээврийн хэрэгслийг насжилтаар нь авч үзвэл, 1-3 жилийн насжилттай 0.7, 4-6 жилийн насжилттай таван хувь бол 7-9 жилийн насжилттай автобус 18 хувийг нь эзэлдэг. Харин 10-аас дээш жилийн насжилттай нь 75 хувийг эзэлжээ. Парк шинэчлэлийг дэмжих зорилгоор импортоор нийлүүлэх 24 болон 45-аас дээш хүний багтаамжтай шинэ автобусыг НӨАТ-аас чөлөөлөх бодлогыг баримтлах юм. Эдгээрийн үр дүнд зорчигчдын ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ. Суудлын автомашины хэрэглээ буурч, агаарын бохирдол ч буурна. Хотын өнгө үзэмж сайжирч нийтийн тээврийн паркыг 80 хувь шинэчилж, хүртээмж тэлнэ гэсэн тооцооллыг гаргажээ.

 

Түүнчлэн түгжрэлийг хүндрүүлэхэд дараах шалтгаанууд нөлөөлдөг аж. Тухайлбал, нийтийн тээвэр зорчих тусгай эгнээ хангалтгүй, явган зорчигч алхах орчин таагүй, хөдөлгөөнд оролцох жолооч нарын ур чадвар, соёл, авто замын засвар арчлалтын тогтолцоо, хотын төвийн ажлын байрны нягтрал нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ.

 

Харин үүнийг бууруулахын тулд долоогоос дээш жилийн насжилттай автомашины импортыг хязгаарлах, хос тэжээлт автомашиныг татварын хөнгөлөлтөөс хасах шаардлагатай. Мөн нийслэлд шинээр бүртгэх тээврийн хэрэгсэлд квот тогтоох, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглох зохицуулалтыг нэмэх нь зүйтэй гэсэн хувилбаруудыг дэвшүүлээд байгаа ажээ.

 

 

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин