-Гавьяат эмч эмнэлэг дээр архидаж, бөөлжиж хоносон асуудал гарсан. Өөр ч ноцтой зүйлс бий-


“Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Ж.Энхцэцэг гэдэг хүнийг тойрсон асуудал өнгөрсөн өдрүүдэд тал талаас нь яригдлаа. Талууд бие биеэ өмөөрч олон ч асуудлыг ил болгож байна. Эцсийн дүндээ эх, хүүхдийн асуудал дээрдсэн үү гэдэг гол агуулгыг бид анхаарах ёстой. Та ажилласан хугацаандаа энэ тал дээр ямар ахиц гаргаснаа дүгнэж үзэв үү?

-Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаална гэдэг айл гэрээс эхлээд улс орны хамгийн чухал зорилго. Амаржих газар гэдэг нэрнээсээ, зорилгоосоо ч энэ агуулга харагдаж байгаа. “Алсын хараа-2050” хөтөлбөрийн хүрээнд Эх барих эмэгтэйчүүдийн улсын зөвлөгөөн болсон юм. Энэ үеэр амаржих газруудыг үйл ажиллагааны үр дүнгээр нь байр эзлүүлэхэд Өргөө амаржих газар (Хатуу юм цохив. Эмч нар эхийн эндэгдлийг ярихад ингэдэг гэнэ) эхийн эндэгдэлгүй гарсан. Маш сайхан мэдээ. Эхийн эндэгдэл гэдэг улс орны хөгжлийн үзүүлэлт. Жишээ нь, Филиппин улсад эмч нар очихоор “Энэ улс 100 сая хүн амтай юм байна. Эхийн эндэгдэл хэд вэ” гэж тооцоолж байгаад “Манай улсаас хөгжилтэй юм байна” гэж үздэг тухай багш нар маань заадаг байсан. Хоёр дахь нь ураг нярайн эндэгдэл. Манайх энэ тал дээр улсын дунджаас гурав дахин бага гарсан. Энэ үзүүлэлт манай хамт олны үйл ажиллагааны үр дүн. Миний өнгөрсөн хугацаанд хийсэн ажил энэ рүү л чиглэж ирсэн.

-Тодорхой жишээ ярихгүй юу?

-Эх тухтай газар төрөх хамгийн чухал. Хамгийн түрүүнд төрөх тасагтаа засвар хийсэн. Гэхдээ эмнэлгийн санхүүжилтээр биш, хувийн байгууллагуудыг гуйхыг нь гуйж, санал тавихыг нь тавина. Заримдаа хүмүүс “Аав минь өнгөрчихлөө. Буян хийх юмсан” гэж орж ирдэг. Олон хүн төрдөг газар бурхан болоочийнх хүрд эргэдэг гэж бэлгэшээдэг юм байна. Тэр бүрт “Төрөх өрөөг минь засаад өгөөч” л гэдэг. Жилд манайд 8000-10000 эх төрж байна. Тэд бүгд төрөх өрөөгөөр дамжина шүү дээ. Тиймээс эхчүүдийн төрөх орчин тухтай, сайхан байх ёстой.

Дараагийн хийсэн ажил бол хүлээн авах. Намайг ажил авч байхад манай хүлээн авах дөрвөн тал руугаа харчихсан байлаа. Нэг эхийн ус гарлаа гэхэд түргэн дуудахгүй. Нөхөр аваад л давхиад ирдэг. Аль ойрхон хаалган дээр ирэхэд л нойрмог сувилагч гарч ирээд л “Энэ биш ээ. Нөгөө хаалга” гэхэд усаа гоожуулаад тойроод гүйнэ шүү дээ. Тийм нөхцөл маш хэцүү. Тиймээс эмнэлгийн зүүн тийшээ харсан нэгдсэн хүлээн авахтай болсон. Би хүмүүсийг л чирэгдүүлэхгүй юмсан гэж боддог. Манай амаржих газар хамгийн муу барилгатай. Төрөх эмнэлгүүдийн хөрөнгө оруулалтыг харахад манайх ганцаар 400 сая төгрөг байхад бусад нь тэрбумаар ярьдаг. Тэглээ гээд гомдоллох шаардлагагүй.

Тиймээс байгууллагуудын нийгмийн хариуцлагын хүрээнд ажил өрнүүлэх нь илүү үр дүнтэй. Үүний нэг бол яахав та жижиг асуудал гэж харж болох ч эхчүүдийн хувьд, бидний хувьд чухал зүйлийн нэг бол бие засах суултуур юм. “Ийм болгоё” хөдөлгөөнийхөн Германы ЭСЯ-тай хамтран манайд жирэмсэн эхэд зориулсан нэг ширхэг суултуур тавьж өгсөн юм. Жирэмсэн эхчүүд бие засна гэдэг ямар билээ. Тэр бол супер суултуур л даа. Түүний зургийг ээжүүд аваад л “Нэгдүгээр төрөх гоё болчихож” гээд байдаг юм. Тиймээс “Таванбогд” компанитай ярилцаж байгаад ийм 21 суултууртай болох 500 сая төгрөгийн гэрээ хийсэн юм. Тэд бас дээр нь тэд хүүхэд гэртээ гардаг хэсгийг засч өгье гэж байсан юм. Яахав, олон ажил маань дутуу орхигдоод гарч байна. Ингээд ухаанаараа үйлчлүүлэгчид тухтай сайхан байгаасай гэж бодсон хэрэг. Ганц жорлон хүмүүст ямар их сайхан мэдрэмж төрүүлж байна. 21 нэмэгдчихвэл ямар сайхан болох вэ.

-Нээрээ л жирэмсэн эх бие засахаас эхлээд эмнэлгийн орчин ямар байх нь маш чухал л даа?

-Дээр нь тэд чинь эзэнгүйдчихдэг дээ. Эмч нь ирж үзэхгүй, сувилагч, асрагч нь ч таг болчихдог. Дуудвал уурлачих болов уу гээд л бөмбөгнөдөг. Энэ асуудлыг бас шийдэж чадсан. Намайг ирэхэд асрагч нь хоол зөөхөд дансаа өгдөг тухай ярьдаг л байсан. Тиймээс “Юнител” компанид “Манай эмнэлгийг хүчтэй интернэтээр хангаад өгөөч” гэсэн хүсэлт гаргасан юм. Мэдээж эмнэлгээс үүнийг санхүүжүүлэх хүнд шүү дээ. “Юнител” компани ч маш сайхан хүлээн авч, шуурхай шийдэж өгсөн.

Ингээд ор болгоны хажууд QR кодтой болсон. Үйлчлүүлэгч тэр кодыг уншуулаад л тусламж авах боломжтой. Эсвэл санал гомдлоо хэлж болно. Энэ нь эмч нарын дургүйг их хүргэсэн л дээ.

-Яагаад тэр вэ?

-Эмч нарын утас, мэдээллийг өрөө бүрд тавьчихсан. Ингэхээр Энхцэцэг дарга чангалаад байна гээд байгаа. Хүмүүсийг загнаж зандрахдаа биш үйлчлүүлэгчийн асуудлыг шийдэхээр л эмч нарын эрхийг хөндөөд байсан хэрэг.

Тасаг бүрд эмч нарын нэрийг бичдэг болтол эмч нар бичүүлэхгүй гэнэ. Утсыг нь тавихаар ээжүүд залгаад байна гэж дургүйцсэн. Ямартаа ч одоо эмч нарын утас нь ч байгаа, QR код нь ч байгаа. Үйлчлүүлэгчид эзэнгүйдэхээ больсон. Энэ үйлдэл маань бас тэдэнд хатуу харагдсан.

Одоо дээр нь сэргээн засах тасаг нээх гээд ЭМЯ-аас манайд 30 орны зөвшөөрөл ирээд байсан. Сэргээн засах гэхээр манайд настай хүний үе мөч өвдөхөд, эсвэл гэмтсэн тохиолдолд түүнийг сэргээн засах тухай л ойлгодог. Би салбартаа гарч байгаа шинэ үйлчилгээ, эмчилгээг үргэлж эрэлхийлж байдаг. Нэг удаа олон улсын эх барихын сэргээн засах тухай мэдээлэл уншдаг юм байна. Эх барихын сэргээн засах эмчилгээ бол Монголд хөгжөөгүй, үүнийг эхлүүлмээр байгаа тухай ЭМЯ-нд танилцуулсан. Энэ ажил маань эхлээд байв.

Нөгөө талаар эмч нар гүйцэтгэлээрээ цалинждаг болсон шүү дээ. Манайх 400 орчим хүний орон тоотой. Тэр хүмүүсээ би цалинжуулмаар байдаг. Элдэв юм сэтгэх ёстой болно биз дээ. Тэр үед саажилттай хүүхдүүдийн ээжүүд жагссан. Та нар санаж байгаа байх. Түүнийг хараад 24 цагийн үйлчилгээтэй нярайн амбулатори нээсэн. Маш гоё. Шөнө нярай өвдлөө гэхэд манай дээр ирээд шарлалтаа үзүүлээд л шаардлагатай бол хэвтэнэ, шаардлагагүй бол эмчилгээ бичүүлээд буцна. Энэ үйлчилгээг нээхэд гүйцэтгэлээр санхүүждэг даатгалын мөнгө ч арвин болсон. Шарлалтаас үүдэж ирээдүйд үүсч болох эрсдэл ч тодорхой хэмжээгээр багассан болов уу гэж итгэдэг.

Хуучин бол төсвийн байгууллага байхад ирсэн мөнгийг хуваагаад өгчихдөг байлаа шүү дээ. Би гурван хүн төрүүлсэн ч, гуч төрүүлсэн ч адилхан цалин авдаг. Гэтэл одоо бол хүмүүсийг ажиллуулах ёстой болно доо. Их ажил хийсэнд нь их цалин өгөх шаардлагатай. Өрөөндөө зүгээр суугаад сурчихсан хүмүүс яах вэ. Бухимдана.

-Тийм эмч нар байдаг гэж үү?

-Байлгүй яахав. Үүнийг тоолно, үүнийг дүгнэнэ гээд үр дүн нэхсэн. Та юу хийснээ тайлагна, тэгж байж таны цалинг нэмнэ. Төрийн үйлчилгээний байгууллагад хэвшчихсэн, байх ёстой төлөвлөгөө тайлан дүн биелэлт манай дээр маш дутуу дулимаг байсан. Эмч нар би эмчлэхээ л мэднэ, өөр зүйл мэдэхгүй, хийхгүй гэдэг.

Ер нь байгууллага төлөвлөхгүйгээр явахгүй шүү дээ. Энэ долоо хоногт, энэ сард юу хийх вэ гээд төлөвлөх гэхээр манай эмч нар зав байхгүй гэдэг. Ийм л хүмүүс дунд ажиллаж ирлээ.

-За олны анхааралд өртөөд байгаа ганц хоёр зүйлийг тодруулмаар байна. Тэр бичлэг дээр та “Дэвтэр биш жирэмсэн ээж үүрэг хүлээлц” гэсэн агуулгыг шаардаж харагдсан. Яг юунаас болоод тийм асуудал яригдсан юм бэ?

-Тэр бичлэг чинь намайг баатар болгочихоод байна шүү дээ(инээв). Би эмч нарын үйл ажиллагааг шалгахдаа даргыг дууддаггүй. Үйлчлүүлэгч рүү л орчихдог. Өглөө болгон 2-3 тасаг руу орж үздэг зуршилтай. Тэнд л нүүрээ ч будаагүй оригоороо эхчүүд сууж байдаг юм. Тэнд дарга, цэрэг байх хамаагүй. Дээр үед багш маань хэлж байсан юм. Чи хүний хөлийг бариад авбал бие нь өвдсөн ямар ч хүний сэтгэл сайхан болдог гэж байсан удаатай. Тиймээс би нярайлчихаад хэвтэж байгаа ээжийн гарнаас нь бариад, хөлийг нь илж ойр байгаагаа харуулдаг. Энэ бол сэтгэлийн хандлага шүү дээ.

Нэг өглөө тасаг руу ортол нэг үйлчлүүлэгч “Би шөнөжин өвдлөө. Эмч, сувилагч хайгаад олсонгүй. Шатан дээр шөнөжин суулаа” гэж уйлаад, царай алдчихсан сууж байсан. Тэгээд л албаны дарга нараа дуудаад “Хүнээ хүлээлцээч, ээлжээ хүлээлцээч” гэж шаардлага тавьсан.

-Та бичлэгийг хийж байгааг анзаарсан уу?

-Яалаа гэж дээ. Тийм зүйл анзаарах ч сөхөө байгаагүй. Надад тэр эх л чухал байсан. Харамсалтай нь хамтран зүтгэж байгаа эмч нар маань тийм ёс зүйгүй үйлдэл хийгээд зогсож байна гэж яаж санах билээ.

Ямартаа ч тэр эхийг шуурхай хагалгаанд оруулсан. Хэрэв дахиад жаахан цаг алдсан бол тэр ээжийн ураг амьгүй болно, умай ч үгүй болох байсан. Би тэгж л эмч нараа дүгнэдэг. Энэ нь эмч нарт таалагдаагүй. Энэ маань муухай зан биш байх гэж бодож байна. Гэхдээ бүх эмч нар тийм биш. Ер нь манай эмнэлэг маш гоё болсон шүү дээ. Гол нь нэг зовлон бий. Би өөрөө мэргэжлийн хүн учраас эмч ямар эмчилгээ үйлчилгээ хийснийг хараад л мэддэг. Тэгээд л чи мэдлэггүй байна шүү дээ, чи ном уншаач гэж шаардлага тавьдаг учраас чанга болж цоллогдоод байгаа юм. Нэг ч ургийг амьд байлгахын тулд, нэг ч гэсэн эхийн умай савыг нь хэвээр үлдээх нь эмч нарын өргөсөн тангаргийн үр дүн шүү дээ.

-Эмч нар үйлчлүүлэгчдээсээ мөнгө авдаг асуудал яригдсан. Яахав, сайхан эмчлээд эрүүл болгоод өглөө. Үр хүүхдийг маань эрүүл саруул төрүүлээд өглөө гээд дараа нь эмч нарын гарыг цайлгах асуудал байх ёстой гэж үздэг хэсэг бий. Энэ удаа юу болсон юм бэ?

-Маш олон цаг өвдөж байгаа тохиолдолд өвчин намдаах шаардлагатай л даа. Гэтэл эмч нар маань гаднаас өөрөө тариур авч ирээд өөрөө нугас руу нь тарьдаг байсан юм билээ. Нугас тариа гэдэг бөгс тариа биш байхгүй юу. Тэгснийхээ төлөө үйлчлүүлэгчээс 80 мянган төгрөг авдаг байж. Түүнийгээ дэвтэр дээрээ бичдэггүй. Үүнийг эмнэлэг даяараа мэддэг. Тэгсэн хэрнээ арга хэмжээ авахгүй л явж ирсэн.

Үүнийг нь олж мэдээд хэрэгтэй тариур зэргийг эмнэлэгтээ авч өгөөд үйлчлүүлэгчээ мөнгө авахыг хориглосон. Гэтэл эмч нар үнэхээр заалттай хүн дээр хийхгүй явсаар байсан. Мөнгө олохгүй гээд. Ингээд нэг удаа эмч нараа дуудаж уулзаад сануулсан. Хариуд нь эмчийн орлого хаалаа, энэ бол амьдрал ш дээ гээд хээв нэг хэлж байсан эмч нар ч бий.

Манай эрүүл мэндийн хуульд хүнд бөгс тариа хийсэн ч бичих ёстой. Хүн харшлаад үхчихэж ч болно. Тэгэхэд нугасанд тариа хийгээд бичихгүй байна гэдэг ноцтой асуудал. Түүнийг нь хориглочихоор олон эмч нарын эрхийг зөрчсөн болсон.

-Хувийн эмнэлэгтэй эмч нар үйлчлүүлэгчдээ нааш цааш явуулдаг асуудал хавтгайрсан. Танайд ч бас байсан гэв үү?

-Үйлдвэрчний эвлэлийн дарга асан н.Өнөржаргал дээр ийм асуудал гарсан. Нэг удаа нэг хүн намайг утсаар загнадаг юм. “Энхцэцэг дарга аа, танай эмнэлэг яахаар хүнээс мөнгө нэхдэг юм. Танай ...тоот тасагт хэвтэж байгаа хүн савны гадуурх жирэмслэлт гэж байна. Юун хоёр сая төгрөг нэхээд байгаа юм” гэв ээ. Лавлаад үзтэл эмч нар бараг сүлжээнд орчихсон байсан хэрэг. Яахав бүгд биш л дээ. Савны гадуурх жирэмслэлт болсон ээжийг хэвтүүлсэн байгаа юм. Тэгээд “Энэ шөнө та өвдөхгүй бол маргааш өглөө 7 цагт хоёр сая төгрөгтэйгөө 13 дугаар хороололд байгаа эмнэлэгт очоорой. Дурангийн хагалгаанд орно. Бүр өвдөөд байвал хэлээрэй. Өөр эмнэлэг рүү шилжүүлнэ” гэж.

 төрөхөд очдог байсан. Үүнийг мэдээд дурангийн аппаратыг ашиглалтад оруултал эмч нарын урсгал зогссон хэрэг. Зөвхөн нэг л кейс энэ.

-Согтуу эмч нар хагалгаанд орж, нярай үздэг тухай та цухас дурдсан. Баримттай ярьж болох уу?

-Нэг удаагийн согтуу тохиолдол биш шүү дээ. Олон удаа зөрчил гаргасан учраас нэг эмчийг ажлаас чөлөөлөхөөс аргагүй болсон. Энэ бол нэг хүний асуудал биш. Сүүлд ч бас ийм асуудал гарсан. Амралтаа аваад явсны хойгуур ажлын байран дээр архидсан гурван удаагийн тохиолдол бий. Нэг эмч айраг уусан гээд асуудлаас мултарсан. Тэр бол эмэгтэй эмч, бүр гавьяат эмч. Шөнөжин бөөлжиж хоносон, сувилагч нь “Хахчих вий гээд бөөлжсийг нь цэвэрлэсэн” гэж хэлдэг. Журмаараа бол бүгдийг халах ёстой. Гэхдээ хайран эмч, ур чадварыг нь бодоод үлдээсэн. Би тэгэхээр хатуу хүн байсан уу. Би эмнэлгийнхээ нэрийг бодож байна. Гэхдээ энэ хүмүүс над руу дайраад байгаа учраас хэлэх нь зүйтэй болов уу.

-С.Энхболд сайдын эхнэртэй танил гэсэн үү, та?

-Тэр бол миний шавь. Би хэрэв найз, эсвэл дотно байсан бол С.Энхболд сайд өнөөдөр тийм шийдвэр гаргахгүй. Уг нь зөв ажиллаж байсан надтай хамтраад явах ёстой байсан.

-Тэгвэл сайдад гомдож байна уу?

-Хамгийн том асуудал бол ийм хүмүүсийн үгэнд ордог өрөвдмөөр юм даа л гэж бодож байна.

-Олон жил ажилласан хүмүүс нэг албандаа бугшаад хамаг л муу муухай зүйлийг хийдэг болчихдог. Сэлгэж ажиллуулахаар дургүйцээд байсан гэдэг. Үнэн үү?

-Би тэр хүмүүстэй ажиллах гэж үзсэн. Сувилахуйн алба хүнээ үздэггүй, санхүү нь байнгын хэл ам таталж байдаг. 10, 20 жил ажиллачихсан хүмүүс зүгээр суух гээд байдаг. Ийм өөрчлөлтгүй газар чинь сөнөнө биз дээ. Тиймээс би ажлаар л шахсан. Алийг нь ч хийх чадваргүй хүмүүс юм билээ. Гараад хаана ч тэнцэхгүй хүмүүс. Ажил олддог бол надтай ингэж ноолохгүй байсан болов уу. Бод доо. Ор хүрэлцэхгүй, газраар 10, 20-иороо өвчтөнүүд хэвтэж байхад зарим атаман эмч нарын хариуцсан тасаг хоосон. Тэнд хэн ч хэвтэж болохгүй. Хэрэв хүн хэвтүүлчихвэл нөгөө эмч нь зодуулна. Нэгнийхээ шүдийг хуга цохидог. Эсвэл хөнгөн хүн хэвтэнэ. Залуу эмч нар мэдэхгүй хүнд хүн хэвтүүлчихвэл зодуулна.

-П.Эрдэнэцэцэг гээд цагдаагийн хүнийг дэд даргаар тавьсан байна гээд нэлээд шүүмжлүүлж байна. Яагаад цагдаагийн албаны хүн таны дор ажиллах болчихов оо?

-Өнгөрсөн зун эмнэлгийн Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн захирал ажлаас гарсан юм. Ингээд ажлын байрны зар тавьсан. Зар дээрээ хуульч, эрх зүйч, эдийн засагч гэсэн шалгууртай байсан. Ингээд П.Эрдэнэцэцэг дарга зарын дагуу ирсэн. Удирдлагын зөвлөлийн хурлаар орсон. Тэр бүрэлдэхүүнд өнөөдрийн хурал хийгээд намайг буруутгаад байгаа н.Өнөржаргал, н.Баянжаргал, н.Мөнхзул нар бүгд байсан. Хамтын шийдвэрээр авсан хүн шүү дээ.

Тэр хүн өндөр настны тэтгэвэртэй хүн биш. Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. 40 гаруйхан настай. Ийм хүн төрийн тусгай албанаас бусад албанд ажиллах эрх нь нээлттэй. Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж хүртэл бий. Эрдэнэцэцэг манайд орж ирээд гайхсан. “Энэ эмнэлэг чинь ямар сонин газар вэ. Бичиг цаас, төлөвлөгөө юу ч алга. Би хаана ороод ирчихэв ээ” гэж байсан удаатай. Эмч нарыг сар бүр төлөвлөгөө гарга, тайлангаа өг, хүнээ дүгнэ, тайлангийн хурлаа хий гээд бичиг баримтын хэмжээнд шаардаад ирэхээр чадахгүй байгаа юм. Тэр бол маш зарчимч хүн. Тэр хүн рүү дайрвал ёстой алдас болно.

Эцэст нь дүгнээд бодоход нэг ч гэсэн эмнэлгийг өөрчилж, зөв сайхан төрийн үйлчилгээг хүнд үзүүлэх юмсан гэж яриад, зарчимгүй хүмүүст зарчимч шаардлага тавиад буруу улсыг өөгшүүлж өрөвдөж, удаан байлгаснаар өөрийнхөө эсрэг хор найруулах боломж л олгочихлоо. “Өмнөх захирал н.Баясгаланг уйлуулаад явуулж болсон. Энхцэцэгийг ч ингээд явуулж чадна даа” гэж хэсэг эмч нар ярьж байсан гэдэг шүү.