“...АН, МАН бол Монголын улс төрийн хоёр багана” гэдэг. Ингэж МАН-ынхан хэлдэг. АН-ынхан ч ярьдаг. Гэхдээ, ийм байсан л даа. Саяхныг хүртэл улс төрийн өнгө, чигийг тодорхойлдог л байлаа. Одоо больсон. АН-ыг “хоёр багана”-ын нэг гэхэд хэцүү болсон. Харин дөрвөн ханатын 60 унь шиг жижиг намуудын л нэг боллоо. Яг нарийндаа жижиг намууд шигээ эрх зүйн чадамж ч байхгүй болсон дог.

 

АН-ыг ийм болгосон хэдхэн хүн байдаг. Хэнийгээ ч хүлээн зөвшөөрдөггүй хэдэн фракцын толгой бий. Хэн хэн гэдгийг нь АН-ынхан өөрсдөө хуруу дараад нэрлэчихдэг юм байна лээ.

 

Ингэж тал талд учраа ололгүй хоёр жилийг элээсэн АН-ынхан сүүлийн хоёр сард сүрхий хөдөлгөөнд орсон. Энд тэнд “...Эвлэрэхээр уулзалдлаа” гэсэн мэдээлэл ойр ойрхон цацагдсан. Үүнийг сонссон АН-ын жирийн гишүүд жигтэйхэн баярлалдсан. Чих тавин чагнацгаагаад сүйд болсон. Гэвч тэр уулзалтууд жирийн гишүүдэд нь ямар ч хүртээлгүй, ялангуяа АН-ын эв нэгдэлтэй түй ч хамаагүй байсан бололтой. Харин тэр нь авлига, албан тушаалын ноцтой асуудалд орооцолдсон АН-ын лидер асангуудын “амь”-аа хаацайлах гэсэн шивнээнүүд байсан гэдгийг эх сурвалжууд нотлоод эхэллээ. Ер нь бол Монголоо хорлосон хэд хэдэн томоохон хэрэг сүүлийн хэдэн жилд ил болсон. Том хэрэг учраас голдуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.

 

Алдарт Оюу толгой, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны гэх хэргүүдийг энд дурдаж болно. Эдгээр хэрэгт хэн хэн холбогдсоныг бүгдээрээ мэднэ. Тэгвэл тэдгээр хүмүүс сүүлийн үед АН-ын нэрийг бараадаж амьдардаг болжээ. Хамгийн хачирхалтай нь Оюу толгойн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар шүүхээс ял шийтгүүлсэн хэд хэдэн хүн эргээд прокурорын тусламжтайгаар “цагаатгагдсан” тохиолдол гараад байгаа юм. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нөхдүүд ч бас тийм горьдлого тээчихсэн тууж яваа аж.

 

Тухайлбал, “...АН-ын дарга болно” гээд баахан хүн дагуулж, хот хөдөөгүй гүйгээд байгаа С.Баярцогт байна. Уг нь С.Баярцогтын холбогдсон асуудал нь ноцтой. Мөрдөн шалгах байгууллага, прокуророос “...С.Баярцогт нь  Сангийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхий сайдын 2009 оны долдугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан “Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Ваhamas аралд үүсгэн байгуулсан ND Harmony LDT компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150 000 ширхэг хувьцааг 1 393 321.38 ам.доллар буюу 2 016 749 098.26 төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан.

 

 

Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-тай 2010-2012 онуудад Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43 225 152 952 төгрөгийн, 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-аар 20 736 000 732 төгрөгийн, бүгд 63 961 153 685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан.

 

 

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцаа буюу сая дурдсан 150 000 ширхэг хувьцааг 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж,  гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 2 739 197.49 ам.доллар буюу 3 838 903 106.31  төгрөгөөр худалдаж, 1 345 876.11 ам.доллар буюу 1 886 204 991.88 төгрөгийн ашиг олсон. Уг мөнгөнөөс 1 200 000 ам.доллар буюу 1 687 584 төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан нь тогтоогдсон” гэдэг.

 

 

Иймээс Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх С.Баярцогтод холбогдох хэргийг 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 10 жилийн хорих ял оноосон. С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. 

 

 

Дараа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцсэн. Тэгээд прокуророос С.Баярцогтод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “...“Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил найман сар хорих ял шийтгэсэн. Мөн 2021 оны тавдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд С.Баярцогтод холбогдох “...Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийг “...Мөнгө угаах” гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил найман сар хорих ял болгосон. Бас С.Баярцогтоос 1 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

 

Ингэж гурван шатны шүүхээр шийдэгдээд байсан С.Баярцогтын хэргийг 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хоёр шүүгчийнхээ тусгай саналын дагуу нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн. Тус хуралдаанаас С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Хэрэг прокурорт очиж, С.Баярцогт яг сарын дараа, 2021 оны наймдугаар сарын 20-нд суллагдсан байдаг. Түүнчлэн дээрх явдлаас 11 сар орчмын дараа буюу 2022 оны наадмын өмнөхөн С.Баярцогтын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ энэ нь С.Баярцогтыг цагаатгасан гэсэн үг биш. Хэрэг нь эргэж сэргэх боломжтой. Тиймээс түүнд улс төрийн хоргдох байр хэрэгтэй. Тэр нь АН болж буй бололтой.  Тэр ч бүү хэл, мань эр “...АН-ын дарга нь болно” гээд яваад байгаа билээ. Тэрчлэн энэ мэт эвгүйтсэн нөхдүүд, хэрэг нь шүүх рүү шилжих гээд сандарсан хэдэн хүн "өнөөх муу" С.Эрдэнийгээ өмнөө бариад "улс төрийн тэмцэл" ч хийж эхэллээ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин