Спортын төв ордны баруун талд газар доор 1-3 давхар автомашины зогсоол байгуулна гэв
2022/10/19
Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 53.6 хувь буюу 662 мянга нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож, нэг өрхөд дунджаар 1.5 машин ногддог байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 216 га талбайд 72.6 мянган тээврийн хэрэгслийн зогсоол байгаа юм. Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 74 байршилд 2,104 авто зогсоолд иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.
Өдөрт замын хөдөлгөөнд 350-450 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бөгөөд 69 хувь нь хувийн тээврийн хэрэгсэл. Төлбөртэй болон төлбөргүй зогсоолын сэлгэлтийн судалгаа хийхэд, төлбөргүй зогсоолын дүүргэлт өглөө 09:00 цагийн байдлаар 100 хувь, өдрийн турш сэлгэлт 16 хувь байжээ. Харин төлбөртэй зогсоолын сэлгэлт 100 хувь.
Бага тойруу орчмын авто зогсоолыг судлахад 184 байршилд 4,857 тээврийн хэрэгслийн зогсоол тоологдсон байна.
Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар доорх авто зогсоол байгуулах, их багтаамжтай авто зогсоол байгуулах, автомат, ил давхар зогсоол байгуулах, гудамж, зам дагуу авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийжээ. Энэ хүрээнд эхний ээлжид дөрвөн байршилд төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна хэмээн тус компанийн захирал Н.Баярчимэг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр мэдээллээ.
Тодруулбал, Спортын төв ордны баруун талд, “Блю мон” төвийн зүүн талд ногоон байгууламжтай тохижилт бүхий газар доорх 1-3 давхар зогсоол барьж байгуулахаар төлөвлөжээ. Мөн III, IV хорооллын худалдааны төв орчим, Хүүхдийн 100 орчимд авто зогсоолын менежмент хийх саналтай байгаагаа танилцуулав.
Газар доорх зогсоолуудыг байгуулснаар тухайн газрын одоо байгаа зогсоолын тоо 2-3 дахин нэмэгдэхээс гадна ногоон байгууламж нэмэгдэх давуу талтай гэлээ.
Зочин · 2022/10/19
Зөвөө зөв. Хурдан хийгээрэй