сонин mn

Хуульч Б.Гомбодоржтой ярилцлаа.

 

Танай өмгөөллийн “Монгол элч” товчоо УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах асуудлаар иргэн н.Түвшинбаярт зөвлөгөө өгч байгаа юм байна?

 

Иргэн н.Түвшинбаяр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй холбоотой ҮХЦэцэд маргаан гаргах үндэслэл бүрдэж байна, та бүхэн зөвлөгөө өгч өмгөөлөгчөөр ажиллаач гэдэг хүсэлтийг тавьсан. Үүний дагуу 2022 оны 10 сарын 4-ний өдөр ҮХЦ-д иргэн Түвшинбаяр мэдээллийг гаргасан. Тодруулбал 2022 оны 9 сарын 26-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулагдсан, уг хэлэлцүүлэгт Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайд асан Д.Сарангэрэл илтгэл хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэх явцдаа 1520 өрхийг буюу нийт ард иргэдийн ард түмний багагүй хэсгийг нь улны айл гэж нэрлэж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байж болзошгүй  учраас ҮХЦ-д энэ маргааныг үүсгээд, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг нь тод, тодорхой болгох гэж буй юм.

 

Д.Сарангэрэл хэлсэн үгнийхээ төлөө сайдаасаа огцорсон. ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан ч түүнийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн...

 

Засгийн Газарт, Ерөнхий Сайдад гишүүнээ томилж чөлөөлөх эрх нь байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүн Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд асуудлыг ҮХЦ өөрөө маргаан үүсгэж, хянан шийдвэрлэдэг зөв гольдролоор явуулахын тулд бид мэдээлэл гаргасан.

 

Өөрөөр хэлбэл Д.Сарангэрэл гишүүнийг эгүүлэн татах асуудал гэхээсээ илүү Үндсэн хууль зөрчсөн байна уу, үгүй юу гэдгийг л ҮХЦ хуулийнхаа хүрээнд шийдвэрлэж өгөөч гэж хандсан. 

 

Үндсэн хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн  гэж та бүхэн үзэж байгаа юм бэ? 

 

Үндсэн хуулинд хүнийг нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхахыг хориглодог. Мөн УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө Үндсэн хуулийг сахин биелүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэж эрхэмлэн дээдэлнэ гэдэг. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл иргэдээ ялгаварлан гадуурхсан байна гэж бид үзэж байгаа юм.

 

ҮХЦ хариугаа хэзээ өгөх вэ? 

 

10 сарын 28-ны өдөр ҮХЦэцэд маргаан үүсгэх үү, үгүй юу гэдгийг шийдвэрлэнэ.

 

Хэрвээ ҮХЦ УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл процесс цаашаа яаж үргэлжлэх вэ? 

 

Хэрвээ ҮХЦ-ээс Д.Сарангэрэлийг Үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргавал УИХ-д гишүүн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг хүргүүлэх байх. Ингэснээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх процесс үлдэж байна гэсэн үг.

 

Хэрэв эсрэгээрээ Д.Сарангэрэл Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэх юм бол энэ нь нийгэмд ямар асуудлыг дагуулах вэ? Засгийн Газар Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд сайдаа огцруулчихсан байдаг,  ҮХЦ харин зөрчөөгүй байна гээд үзчих юм бол зөрчил үүсэх үү?

 

Ерөнхий сайд Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрччихсөн байна гэж албан тушаалаас нь огцруулчихлаа. ҮХЦ харин Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг л хянана гэсэн үг.

 

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг зөрчсөн асуудлыг нэг л эрх бүхий субъект хянана, ҮХЦ гэдэг байгууллага.

 

Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянах нь Засгийн Газрын бүрэн эрхийн хэмжээнд энэ хамааралгүй байх нь байна, УИХ-д ч хамааралгүй. 

 

Ер нь энэ тохиолдол нийгэмд ямар сургамж авчирч байна вэ?

 

Төрийн өндөр албан тушаалтан ард иргэдээсээ сонгогдож гарчихаад эргээд өөрийг нь сонгосон ард иргэдээ доромжлоод ёс бус үг хэллэг хэрэглээд байх хэр зохимжтой юм бол оо? Нийгэмд нилээн л шүүмжлэл явлаа. Тэгээд ямар ч байсан Хан уул дүүрэгт оршин суудаг иргэн өөрийнх нь УИХ-д сонгосон төлөөлөл эргээд өөрийг нь ийм зүй бус үг хэллэгээр доромжилж байна гэдэг үүднээс ҮХЦ-д гомдол гаргалаа.

 

Ярилцсан Ч.Явуухүү

sonin.mn