Дайн эсэргүүцэж жагсаал хийсэн залуусын шүүх хурал гурав хоног үргэлжилж, таван залууд ял оноов. Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө тэд ялтан болж, Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчиж чадахааргүй хөл хорионд орлоо.

Шүүхийн энэ шийдвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдлыг үндэслэсэн гэж тодотгоно лээ. Гэтэл Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайдын зүгээс дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан, дуу хоолойг ямар нэгэн байдлаар боомилоогүй гэдгээ илэрхийлсэн. Мөн арваннэгдүгээр сарын 9-ны Засгийн хуралдаан дээр “Шүүгчид аль нэг компанийн захирлын арын өрөөнд , аль эсвэл аль нэг намын даргад горилогчидтой ял наймаалцаж тоглож болохгүй. Энэ бол эрх зүйт төр биш. Цаг хугацаа бүхнийг илчилнэ” гэж хэлсэн тухай эх сурвалжууд хэлж байна. Мөн нам нь “Хүний жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой асуудлаар гомдол гаргаагүй ээ. Харин ч бид хүний эрхийг дээдэлнэ” гэж байсан. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “No War” хөдөлгөөнийхний залууст “жагсав” гэж гомдол гаргаагүй юм байна. Бас Д.Амарбаясгалан цахим хуудастаа “Э.Одбаярын сошиалд түгээсэн мэдээлэл нь Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан учир МАН-ын хууль эрхзүйн хэлтсээс хууль эрхзүйн байгууллагад хандаж гомдол гаргасан” гэж мэдэгдсэн зэргээс харахад Ерөнхий сайдын шүүхэд гаргасан гомдол шал өөр хэрэгт байсан аж. Тэрбээр аль хавар автын осол хийсэн этгээд надтай хамаатан биш гээд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргаж байжээ.

Тэгвэл шүүгч нар огт хамааралгүй хоёр өөр хэргийг яагаад нэгтгэв. Ингээд зогсохгүй Л.Оюун-Эрдэнийн гомдлоор гэж зарлаж байгаад “No War”-ынхныг шүүсэн. Энэ процесс бол МАН доторх бүлэглэлүүдийн зодооны эхлэл гэж улс төрийн хүрээнийнхэн үзэж байгаа юм билээ. Судлаачдын харж байгаагаар Л.Оюун-Эрдэнийн явуулж буй бодлого шийдвэрүүдийг эсэргүүцсэн нам доторх өрсөлдөгчдийнх нь сануулга гэнэ. Тэрбээр Ерөнхий сайд болоод төрийн том, том хулгайтай зоригтой тэмцэж байгаа нь яалт ч үгүй үнэн. Эргэн саная л даа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчрахад Л.Оюун-Эрдэнэ сүрхий үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Оюу толгой, Хөгжилийн банк, нүүрсний хулгай зэргийг тэрбээр нийгэмд илчлэн энэ бүхэнтэй тэмцэнэ гэж байгаа. Үе, үеийн Засгийн газрын шүдний өвчин болсон том асуудал бол нүүрсний төмөр зам. Нүүрсний төмөр замыг гацаасан улстөрчдөд хариуцлага тооцох асуудлыг аль ч Засгийн газрын тэргүүн хөндөж зүрхэлдэггүй байсныг Л.Оюун-Эрдэнийн танхим буруутныг нь нэртэй устай нь зарласан. Үүгээр зогсохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн стратегийн бүтээн байгуулалтыг зогсоосон хүмүүст хариуцлага үүрүүлж, алдагдсан боломжийн өртгийг төлүүлнэ гэдгээ ч хатуухан илэрхийлчихсэн. Мань эр энэ бүгдийг зоримог хийж, ил гаргаж чадсаных нь төлөө нам доторх өрсөлдөгчид нь “Битгий давраад байгаарай” гэж өөрсдийнхөө хүчийг шүүгчээр дамжуулж илэрхийлж байгаа явдал бололтой. Залуу Ерөнхий сайдын хувьд олон удаа ийм “шанаа аваад” байвал зориг нь мохож, Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн том, том ажлууд зогсох вий гэсэн харамсал нийгэмд үүсээд байна.

Ийнхүү улс төрийн далд тэмцлийн хөлд гэмгүй залуус үрэгдэж байгаа нь хамгийн харамсалтай. Гадны захиалгаар “No War” хөдөлгөөнийг хаах, жагсаалыг зогсоох асуудлаа шийдчихлээ. Үүнийг хийхдээ өөрсдийн бүлэглэлд гай болох нөхрийг хамтатгаж нэр хүндийг нь унаган хүн бүхний анхаарлыг “Оюун-Эрдэнэ захиалаад шоронд хийв” гэсэн ойлголт төрүүлж чадав. Жинхэнэдээ жагсаалыг болиулж өгөөч гэсэн захиалагч нь олны анхаарлаас мултарч чадав. “No War”-ын залуусыг шүүж ял өгөх нь олны анхаарлыг татна. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийг холбож чадвал хүссэн үр дүнгээ үзүүлнэ гэж тэд тооцжээ. Энэ бүхэн тэгээд хэнд ашигтай юм бэ.