Охидын нүцгэн зураг, бичлэгийг өөрөөр нь хийлгэн барьцаалах замаар сүрдүүлдэг байжээ
2022/11/16
Охидын нүцгэн зураг, бичлэгийг өөрөөр нь хийлгэн барьцаалах замаар сүрдүүлж, бусдыг хохироосон Ч.Э-гийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж, 10 сая төгрөгөөр торгох, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна.
Тодруулбал, Ч.Э нь “E Erdenetsetseg” нэртэй Фэйсбүүкийн хуурамч хаягнаас насанд хүрээгүй охин руу чат бичиж, хэрэв нүцгэн зургаа явуулбал барьцаагүй мөнгө зээлье хэмээн хандсан байна. Улмаар түүний биеийн нууц хэсгүүдээ ил гаргасан зургуудыг өөрөөр нь авхуулжээ. Дараа нь ойр дотнын хүмүүс рүү нь илгээнэ хэмээн сүрдүүлсэн бөгөөд зургуудыг олон нийтэд тараасан байна.
Мөн өөр нэгэн иргэнийг мөн адилаар сүрдүүлж, 2 сая төгрөг авчээ. 2 сая төгрөгөө эл сүрдүүлгийн улмаас Ч.Э-д өгсөн 12-р ангийн төгсөгч охин мэдүүлэгтээ “Зураг тарж, ойр дотнын хүмүүс харж эхэлсэн учир түүнд аавынхаа хадгаламжийн данснаас нууц үгийг нь ашиглан 2 сая төгрөг шилжүүлсэн.
Нэг хэсэг чат бичихгүй байснаа дараа нь дахин хандаж, 5 сая, дараа нь 10 сая төгрөг нэхсэн. Ингэхдээ гэрээсээ гарвал ална гэх мэтээр сүрдүүлсэн” гэжээ. Харин шүүгдэгч Ч.Э ын өгсөн мэдүүлэгтээ “Би 2021 оны 6 дугаар сарын эхээр санагдаж байна "EErdenetsetseg" нэртэй хуурамч нэртэй фейсбүүк хаягаас мөнгө зээлье группэд "Барьцаагүй мөнгө зээлнэ" гэсэн утга бүхий зарыг байршуулж над руу "Anu Anu" нэртэй фейсбүүк хаягаас 200 000 төгрөг зээлмээр байна гэж чат бичихээр нь би зээлийн барьцаанд нүүр царайгаа харуулсан нүцгэн зургаа явуулах шаардлагатай гэхэд 3-4 хоногийн дараа 4 зураг, өөрийнхөө нүцгэн 8-9 секунд орчим хийсэн дүрс бичлэгийг над руу явуулаад мөнгөө шилжүүл гэсэн.
Би зөрүүлээд чиний над руу явуулсан зураг бичлэгийг чинь хамаатан садан, найз, нөхөд, ойр дотны хүнд чинь үзүүлнэ чи дахиад над руу өөр байдлаар дарсан нүцгэн зураг бичлэгээ явуул гэж дарамтлахад тэр охин над руу дахиж хариу бичихгүй байсан учраас би дахиад чатаар "Ахиад өөр зураг бичлэгээ явуулахгүй бол би жинхэнээсээ хамаатан садан, найз нөхөд, ойр дотны хүн рүү чинь явуулна шүү" гэж бичээд хариу ирэхгүй байсан учраас зурагных нь доор бичсэн сэтгэгдлүүдийг нь харж байгаад ангийнх нь багшийнх нь фэйсбүүк хаягийг олоод чат руу нь "Anu Anu" нэртэй фэйсбүүк хаягаас над руу ирүүлсэн нүцгэн байхдаа авсан 4 зураг, дүрс бичлэгийг явуулсан." гэжээ.
Зочин · 2022/11/16