АН-ын Үндэсний Бодлогын Хорооны Тамгын Газрын Дарга Л.Ганхөлөгтэй ярилцлаа.

2023 оны Монгол Улсын нэгдсэн төсөв батлагдлаа. АН-ын зүгээс энэ төсвийг нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулах төсөв болсон гэж үзэж байгаа юм байна. Яагаад?

 

Монгол Улсын төсөв урьд өмнө байгаагүйгээр их өндөр буюу 19 их наяд төгрөг давсан дүнтэй батлагдлаа. Үүний үр дагавар нь нийгэм, эдийн засагт сөргөөр гарна гэдгийг АН хэлж, сануулж байсан. Төсөв өндөр болсноор үр дүн яаж гардаг юм бэ гэхээр ерөөсөө л иргэд ядуурдаг. Монгол Улсын Засгийн Газар иргэдийн ахуй амьдрал, нийгмийн хөгжлийг дээш нь татах ёстой. Гэтэл зөвхөн өөрсдийнхөө эрх ямбандаа, өөрсдийн намдаа, УИХ-ын 2024 оны сонгуульдаа зориулсан төсвийг баталлаа. 2023 оны төсөв өмнөх оныхоос нэг их наядаар давлаа. Энэ төсөв Монгол улсыг дампуурал руу л хөтлөнө. АН төсвөөр улс төр хийждуугараад байгаа юм биш ээ. Энэ төсвийн хохирогчид нь МАН-ын гишүүд, АН-ын гишүүд, Монгол Улсын иргэд, Монгол Улс тэр чигээрээ болно. Тиймээс үүнийг ойлгож, засаач, янзлаач гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Харамсалтай нь төсөв батлагдлаа. Одоо үлдсэн ганц хуулийн гаргалгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих. Иймээс АН Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ тухай шаардлага хүргүүлсэн. 

 

Төсөв хэт өндөр болсоноор ард түмэн яагаад хохирно гэж?

 

Энэ төсвийн зориулалт иргэдэд маань ерөөсөө ойлгомжгүй байна. Төсвийг бүрдүүлдэг гол зүйл бол татвар. Татварыг хэн төлдөг юм бэ? Иргэд, аж ахуй нэгж. Үнэндээ ААН гэж байгаа боловч түүний ард иргэд л байдаг. Эцсийн дүнд татварыг иргэд л бүрдүүлж байгаа юм. Иргэдээс авах татварын хэмжээ л нэмэгдэж байгаа. 2023 онд иргэдээсээ 18 их наядыг татвар хэлбэрээр авна гэж ойлго. Та бүхэн 2022 онд миний амьдралд ямар ахиц, дэвшил гарав гэдгээ эргэн санах хэрэгтэй.

 

Ирэх оны төсвийг сонгуулийн төсөв болсон гэж АН мэдэгдлээ. Ямар учраас ингэж хэлэв?

 

Эрх баригчид иргэдээ мунхруулах хоёр үндсэн аргыг хэрэглээд явж байна. Нэгдүгээрт, халамжийг нэмэгдүүлж байна.

 

Монгол Улсад давхардсан тоогоор 2 сая хүн ямар нэг хэлбэрээр бэлэн мөнгөний халамж аваад явж байна шүү дээ. Хүн амын дал, наян хувь нь халамжид орчихсон байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл МАН халамж тараах хэлбэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох гэж байна.

 

Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын шинжтэй зардал 5 их наяд гаран төгрөг байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр  УИХ-ын 2024 оны сонгуульд орохдоо өнгөрсөн хугацаанд хийсэн ажилгүй нөхдүүд чинь ажил хийсэн болж харагдах гэж байна. 178 иргэн нас барсан Дарханы замыг хэдэн жил барив. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн тоо замбараагаа алдсан. Гэтэл энэ зам 4 эгнээ болгочихсон юм уу гэхээр тийм юм байхгүй. Яг хуучнаар нь аваачаад барьчихсан. Яах гэж? Энэ чинь зүгээр л мөнгө угааж байгаа байхгүй юу. Тэгээд тууз хайчилж, учиргүй ажил хийдэг хүн болж харагдахын тулд, сонгуульдаа зориулж энэ төсвийг баталсан гэхээс өөр аргагүй. МАН-ынхаан, та нарын ч гэсэн ойр тойрныхон хохирно шүү дээ. Бид нар нэг л завин дээр сууж байгаа. Нэг л тусгаар улс, нэг л Монгол Улсад байгаа. Эдийн засагчид арга ядаад 15 эсвэл 16 орчим их наядын төсөв оруулж ирэхгүй бол Монгол Улс дампуурлаа гэдгийг хэлээд байгаа шүү. 

 

2016 онд иргэн бүрт 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол одоо 30 сая төгрөг болсон гэдгийг яаж тооцсон бэ?

 

Монгол улсын гадаад өр гэж байгаа. Засгийн Газар гадаад өрөө бууруулж харагдуулахын тулд янз бүрийн заль хэрэглэдэг. Хувийн хэвшлийнхний өрийг тооцохгүй гэдэг ч юм уу. Эцсийн дүндээ бол хувийн хэвшлийнхэн олон улсаас томоохон хэмжээний өр зээл авахын тулд ихэвчлэн Засгийн Газар баталгаа гаргуулдаг. Засгийн Газрын баталгаа гэдэг маань тухайн аж ахуйн нэгж өрөө төлж чадахгүй бол бид нар төлнө өө гэдэг л амлалт байдаг. Тэр утгаараа бол бүгд Засгийн Газар дээр очиж наалдаж байдаг. Монгол улсын өр үүнийг оруулж тооцдоггүй. Засгийн Газар бага өр тавьж байгаа мэтээр харагдуулах ийм хэрэгсэл байдаг. Тэгээд одоо дараад, дараад өрийн хэмжээ маш их болсон гэдгийг та бүгд мэдэж байгаа. Нийт 34 тэрбум америк долларын гадаад өртэй болж байна шүү дээ. Өөрсдийнх нь тооцсон аргачлалаар 2016 онд энэ өр 2.5 дахин бага байсан. Одоо бол нэг хүнд ногдож байгаа өр 30 сая орчим болж байгаа юм. Энгийнээр хэлбэл өрийн нийт дүнг Монгол улсынхаа хүн амд хуваагаад үзэхээр л энэ тоо гарч байгаа юм л даа. Ямар их хэмжээний өртэй яваа вэ гэдгийг ойлгуулахын тулд сая дампуурлаа зарласан Шри Ланка улсаар жишээ авья. Шри Ланка улсын ДНБ-тэй харьцуулсан гадаад өрийн хэмжээ бол манайхаас 3 дахин бага байсан шүү дээ. Үүнээс харахад бид ямар аймшигтай зүйлийн ирмэг дээр байна вэ гэдгээ харж болно. Гэтэл ирэх оны төсвийг эрх баригчид сонгуульдаа зориулж, өөрсдийнхөө тансаглалд зориулж баталж байна гэдгийг ойлгож болно. 

 

Эрх баригчид 2023 оны төсвөө баталсныхаа “найрыг хийчихлээ”. Гэтэл та бүхэн Ерөнхийлөгчид төсөвт хориг тавих шаардлага хүргүүлчихээд байж байна. Эрх баригч намаас сонгогдсон Ерөнхийлөгч төсөвд хориг тавих уу? 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч л гэдэг шүү дээ. Түүнээс МАН-ын Ерөнхийлөгч гэж байхгүй, АН-ын Ерөнхийлөгч гэж байхгүй. Ингэж үзэх юм бол хориг тавихаас өөр аргагүй. Өнөөдөр хуулийн хугацаа нь дуусаж байна. Хориг тавихгүй бол ёстой нөгөө нэг намын тогтолцоо, дарангуйлал руугаа орчихсон юм байна л гэж хардана. Хэлбэрийн хувьд л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн Газар байгаа юм байна. Харин бодит байдал дээр Монгол Улсын биш МАН-ын Ерөнхийлөгчтэй байгаа юм байна л гэж үзнэ. Өөр аргагүй. Тэгэхээр иргэд маань сонор сэрэмжтэй, өндөр мэдрэмжтэй байж, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ хамгаалах реакцтай байхыг л уриалж байна.

 

Ерөнхийлөгч өөрөө хамгийн их төсөв батлуулсан Хэнтий аймгаас УИХ-д  сонгогдож байсан хүн байгаа шүү дээ. 

 

Тийм. Хэнтий аймгийн нэг иргэнд ногдож байгаа төсвийн хэмжээ 3 сая гаруй төгрөг байхад Өмнөговь буюу Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч гол аймгийн нэг иргэнд 107000 төгрөг л ногдож байна. Ингэж жалга, довны үзэл гаргахгүй байлгүй дээ л гэсэн горьдлоготой байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үүргээ хэрэгжүүлэх л үүрэгтэй шүү дээ. Ер нь үнэхээр хэлэх үг олдохгүй юм даа.

 

МАН хүний эрхийг онцгойлон авч үзнэ гэж 20-р их хурлаараа зарласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өөрийнхөө илтгэлд дурьдаж байсан. Гэтэл үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн “No war” хөдөлгөөний 5 залууд шүүхээс ял өгчихлөө. Зарим нь цахим гаваа зүүгээд эхэлсэн. Тэдний нэг нь та шүү дээ? Монгол улсад хүний эрх хэр хэрэгжиж байна вэ? 

 

Нэг зүйл хэлье. Хамгийн түрүүнд Монгол улсын Засгийн Газар “Цахим үндэстэн” гэсэн арга хэмжээг ковидын бүх хууль, дүрэм, журмыг зөрчиж зохион байгуулсан. Үүний дараа цар тахлын тархалт 2 дахин нэмэгдсэн байдаг. Гэтэл нөхдүүд ямар үндэстэнг бий болгох гэж байгаа юм бэ гэдэг нь одоо эхнээсээ тодорч байна. Цахим үндэстэн биш цахим гавтай үндэстэн бий болгохоор зорьж байгаа юм байна гэдэг нь ойлгомжтой боллоо.

 

МАН хүний эрхийн төлөө гэдэг жүжиг тавьж байна. Өнгөрсөн онд хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг нам болно гэж эмгэнэлт, инээдмийн жүжиг тавьсан шүү дээ. МАН хүний эрх ярих юм бол Монголд хүний эрх дордох юм байна, МАН хөгжил ярих юм бол Монгол Улс хөгжихгүй, МАН иргэдийн амьдралыг сайжруулна гэх юм бол иргэд ядуурах юм байна гэдгийг л ойлгож байх хэрэгтэй.

 

Бодит жишээ нь бид нар байна шүү дээ. Хууль сахиулагчийг эсэргүүцсэн гээд байгаа юм. Цагдаагийнхан ямар ч тогтоол шийдвэргүйгээр, хуульд заасан процессын ажиллагаануудыг хийлгүйгээр, дур зоргоороо иргэнээ баривчлаад 461 -р хорих ангид хийх гээд, хууль зөрчөөд явж байсан. Гэтэл та нар хуулиа биелүүлээчээ гэсэн шаардлага тавьсан иргэд нь өнөөдөр ялтан болоод явж байгаа байхгүй юу. Цагдаа, прокурор, Засгийн Газар, МАН, эрх барьж буй хүчин гээд бүх талын эрх мэдэлтэй нөхдүүдээрээ нийлж байгаад нийгэмд хууль сахиулагчийг эсэргүүцсэн учраас ял оноосон юм, түүнээс үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэнд нь ял оноогоогүй гэж байгаа юм. Яллачихаад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гэх нөхөр шүүхийн шийдвэр гарсан даруйд зэрэгцээд мэдэгдэл хийж байгаа юм. Ямар их сандрал, айдас байна. Нөгөө юун гуя гэдэг шиг л юм болж байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар таван залууг яллаад, Д.Монголхүүг яллаад, үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг яллаад асуудал намжчихдаг юм биш ээ. Ялангуяа Монголчууд бол эрх чөлөөний төрмөл хэрэгцээтэй ард түмэн. Ямар ч эрхтэн дархтан иргэдийнхээ эрхийг боомилсноос болж унадаг шүү гэдгийг сануулж хэлмээр байна.

 

Ярилцсан Ч.Явуухүү

sonin.mn