Өнгөрөгч наадмын өмнөхөн Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүд “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар хүч түрэн батлуулсан байдаг. 

     Анх 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, Монгол үндэсний бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог болсон бөгөөд ингэхдээ анх удаа улсын далай аварга цол шинээр бий болгон олгож эхэлсэн байдаг. Түүнчлэн улсын наадамд зургаа давбал улсын харцага, найм давбал улсын гарьд цол олгоно гэсэн заалтыг нэмэлтээр оруулж, бөхчүүдийн эрэмбэ дарааллыг амжилтаар нь үнэлэх болсон.

     Гэтэл Р.Гончигдорж нар үүнийг Монгол бөхийн уламжлал дэг жаягийг алдагдуулахын сацуу монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болсон үед далай аварга цол олгож байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна гэцгээсэн. Тиймээс энэхүү хуулиар “улсын наадамд түрүүлж арслан цол авсан л бол хоёр удаа үзүүрлэвэл “аварга”, түрүүлбэл даян аварга цол олгох”  буюу улсын баяр наадамд 1024 бөх зодоглосон тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө уг бөхөд аварга цол олгож, 10 давчихвал Даян аварга цол олгох болсон нь тухайн үед ихээхэн хэл ам дагуулж, Мон­гол бөхийн холбооны удирдлагууд болоод бөх сонирхогч, судлаачдыг талцуулан бухимдуулаад амжсан.

 

     Тиймээс энэхүү хууль ёсоор Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга цол хүртэж, Улсын гарьд Б.Гантогтох, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ гээд л нэр бүхий бөхчүүдийн цол, чимгэнд өөрчлөлт орохоор болоод байсан.

 

     Харин энэ үед нь Монгол улсын ерөнхийлөгч “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээж, энэ үндэслэлээр уг хуулинд бүхэлд нь хориг тавьж, наадмын өмнөхөн асуудлыг намжаасан.

 

     Гэсэн ч энэ оны эхэнд 2014 оны нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүд ерөнхийлөгчөөр хориг тавиулсан хуулийн төслөө УИХ-д дахин өргөн барьсан байдаг. Тиймээс чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар УИХ-аар хэлэлцүүлэхээр болж, УИХ-ын анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

     Тиймээс уг асуудал дахиад л олны анхаарлын төвд орж баахан хэл ам татлах нь бололтой.

 

    Харин УИХ-ын гишүүн, Далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийгөө тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, сайн дураараа чуулганы танхимыг орхин гарсан байна.

 

     Өнө удаан жилийн түүхтэйн дээр Монголчуудын оюун санаа хийгээд бие бялдрын өв их соёл болсон Үндэсний бөхийн асуудлыг улс төржсөн байдлаар ийн сөхөж байгаад дургүйцэх хүмүүс цөөнгүй.

 

     Тэрчлэн аливаа хуулийг явцуу эрх ашгийн үүднээс бус, нийт олныхоо эрх ашиг, хүсэл сонирхолд нийцсэн тэдгээрийн хэм хэмжээ, дэг жаягийг алдагдуулалгүй байж гэмээнэ тэр жинхэнэ шударга зүйл болох учиртай.

 

     Тиймээс ерөнхийлөгчийн хориг тавьсан шалтгаан болох “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авбал” үнэнхүү шударга зүйл болох биш үү? Гончигоо гишүүн минь.

Б.Баттулга