Ууртай,омогтой хойд эцэг хоёр ой хүрээгүй дагавар охиныхоо амийг хөнөөсөн тухай мэдээ олныг хирдхийлгэсэн.

 Хэргийн эзэн нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Д.Аюуш. Түүний үйлдсэн хэргийг тус аймгийн цагдаа нар шалгаж, мөрдөн байцаагч нар  нотолж, прокурор ял төлөвлөжээ. Хэргийг  шүүх хянан хэлэлцээд Д.Аюушийг чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорьж шийтгэхээр болжээ.   

“Д.Аюуш нь 2014 оны 01 дүгээр сарын 05-ны 10.00 цагийн орчимд 1 нас 10 сартай Д.Энхцэцэгийг “өмдөө өмссөнгүй” гэдгээр шалтаглан зодож амь насанд нь хүрсэн” гэж хавтаст хэрэгт бичжээ. Биеэ хамгаалж чадахгүй бяцхан охины  толгой руу хайр найргүй  цохиж, орны толгой мөргүүлж элдвээр аашилснаа гэмт этгээд нуусангүй.

Гэтэл түүнд шүүх яасан энэрэнгүй хандав аа. Монгол Улс цаазын ял өгдөг байсан бол амийг амиар солих нь шударга болох байв.  Бяцхан охины амийг хөнөөсөн зэрлэг этгээдийг ядаж 25 жил хорих ёстой биш үү.  Ер нь хүний  амь хөнөөсөн хэрэгтэнд 25 жил эсвэл насаар нь хорих ял өгөөд л алхаа тасхийтэл буулгаад байдаг Монголын эрхэм шүүгч нар  Д.Аюушид энэрэнгүй ханддаг нь ямар учиртай юм бол гэдэг асуулт хариу нэхэн үлдэв.  Нялх амьтны амь үнэгүйдэх нь энэ аж. Сум дундын 3 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд юу гэж тогтоосныг сонирхвол, “Шүүгдэгч Д.Аюуш нь танхайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алах гэмт хэргийг үйлдсэнийг гэм буруутай “ гэж үзээд 16 жил хорих нь тохирно гэчихжээ Тэгэхээр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гээд яалтай.

Н.Дөл.