ШУУД ҮЗЭХ: 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр өдөр бүрийн 11.00 цагаас нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгч байгаа юм.

Х.Нямбаатар сайд "Засгийн газрын шийдвэрээр ЭТТ ХК-ийн нүүрс борлуулсан бүх гэрээг ил болгохоор боллоо. Мөн нүүрс тээврийн компаниудын эцсийн өмчлөгчдийн дата мэдээллийг ил танилцуулж байна.

Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулж, ЭТТ ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах шийдвэр гаргалаа. Дэлхийн том компаниудыг сонгон шалгаруулж, иж бүрэн хөндлөнгийн аудит оруулна.

Мөн ЭТТ ХК-ийг цаашид олон нийтийн компани болгох, олон улсад IPO гаргах чиглэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа. БЭТ-ийн хугацаа дууссаны дараа жинхэнэ Гүйцэтгэх захирал томилсны дараа алдаа дахин давтагдаж магадгүй тул ийн шийдвэрлэлээ.

Нэг сая орчин тонн нүүрс бүртгэлгүй гарсан гэх хоёр хэргийг нэгтгэж, шалгах ажиллагаа үргэлжлэхээр боллоо. 2017 оны тавдугаар сараас зургадугаар сарын хоорондох баримт сэлт бий. 2013 онд ийм төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан байдаг. Эдгээрийг нэгтгэн шалгана гэсэн үг.

Хил хамгаалах байгууллагын тодорхой албан тушаалтнуудыг энэ хэрэгт холбогдуулан шалгах шаардлага гарч байгаа. Бүртгэлгүй нүүрс нэвтрүүлэхэд үгсэн хуйвалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа учир.

Эцэст нь хэлэхэд, ЭТТ ХК-ийг 12 гаруй жилийн хугацаанд 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийснийг нийт гэрээний дүнгээр тогтоогоод байна. Үүнээс худалдан авалтын ажиллагаа, оффтейк гэрээнүүд хэчнээн дүнд нь хийгдсэнийг дэлгэрэнгүй танилцуулна" гэлээ.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Лхагва гарагт болох хуралдаанд оруулж ир гэсэн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.

Тодруулбал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ҮАБЗ/-өөс аж ахуйн ахуйн зориулалттай гэрээ хэлцэл байгуулах талаар зөвлөмж гаргахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд оруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг дөнгөж сая байгуулагдаж байна. Энэ нь том агуулгатай өөрчлөлт биш.

Цаашид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ хэлэлцээр байгуулахыг Засгийн газарт даалгасан зөвлөмж гаргахгүй байхаар хуульчлах юм. Үүнийг дагаад Төрийн болон албаны нууцын тухай хуульд давхар өөрчлөлт орно. Энэ төрлийн бичиг баримтыг төрийн нууцад авахгүй байхаар өөрчлөлтийг оруулна" гэв.

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хурлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй ял тохиролцож, торгууль оногдуулдаггүй болох зохицуулалтыг яаралтай хэлэлцэн батлахаар ярьж байна хэмээн мэдээллээ.

Энэ үеэрээ тэрээр: "Оффтейк гэрээтэй холбоотой дийлэнхи зөвлөмжүүд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед буюу түүнийг ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гарсан. Их сонирхолтой баримтууд байдаг юм байна лээ.

 

2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь Чингис Бондын мөнгөөр 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй далан бариад зогссон.

 

Дараа нь энэ төмөр зам дээр дахиж "Бодь Интернэйшнл" компанийг оруулж ирж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Тэгэхээр энэ хүн бол хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж би хувь хүний хувьд бодож байна. Гэхдээ би хэрэг мөрддөг хүн биш. " гэв.