Н.Алтанхуяг: Манайд ч танайд ч хулгайч нар бий, гэхдээ танайд ихэнх нь үлдчихсэн
2022/12/15
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"АТГ таван хүний нэр зарлалаа гээд жагсаал тараачихна гэж саналтгүй шүү. Жинхэнэ хулгайчдаа зарла. Том том эрх бүхий улс төрчид оролцчихсон байгаа. Би амьдралдаа хулгай хийж үзээгүй. Хийж чадах ч үгүй" гэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
"Яагаад энэ гэрээнүүдийг ил болгоход хойрго хандаад байна вэ? Яагаад ҮАБЗ-ийн гишүүд одоо байгаа мөртлөө тэр бичиг цаасыг ил гаргахгүй байна вэ?
Зургаан жил төр барьж байгаа, бүх шатанд хүчээ нэгтгэсэн эрх баригчид улсынхаа эдийн засагтай тэнцэх хулгай байхад яагаад илрүүлдэггүй юм бэ? Чадваргүй менежерүүд удирдаад байна уу? Иргэд жинхэнэ хулгайч нь сугарч үлдэж байна гэсэн байр суурьтай байна. Иргэд, төрийн хоорондох үл итгэлцэл улам гүнзгий үлдэх гэж байна" гэв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
"Би яагаад намайг холбогдуулсныг мэдэхгүй байна. Хулгайн асуудалд байгаа ордууд Өмнөговьд байгаа учраас намайг хамаатуулж байгаа байх.
Хулгайн асуудалд миний бие оролцоогүй. Та бүхэн баттай итгэж болно. Хууль хяналтын байгууллагууд шалгаж болно. Би дуудсан цагт нь гаргаж өгөх бүх материалаа гаргаж өгөөд шалгуулж, олон түмний эргэлзээг байхгүй болгоно. Харин бидний ард нуугдаж байгаа жинхэнэ хулгайч нарыг илрүүлэхэд жагсагч нартай хамтран тэмцэх болно" гэлээ.
С.Одонтуяа гишүүн:
"2016 оноос хойш төрийн бүх эрх мэдлийг дангаараа эдэлж, хэнтэй ч хуваалцаагүй нам бол МАН гэдэгтэй хэн ч маргахгүй. Дур зоргоороо аашилсны чинь дүнг талбай дээр ард түмэн тавьж байна. Та бүхнийг хүчээ нэгтгэе гэхэд ард түмэн итгэсэн. Гүйцэтгэх засаглал нь хууль хяналтын байгууллагатай хавсраад ард түмнээ дээрэмдэнэ гэж ард түмэн бодоогүй. Гүйцэтгэх засаглал хууль хяналтын байгууллагатай хавсрахгүйгээр хэн ч хэзээ ч хийж чадахгүй. Хүний эрхийг уландаа гишгэхийн төлөө хүчээ нэгтгэсэн байна. Захаасаа гишүүд чинь гомдлоо гаргаад эхэллээ.
Юм л бол сөрөг хүчин рүүгээ дайрдаг. Төмөр замын нарийн царигийг тавиагүйгээс болж алдагдсан боломж тэд гэж ярьж байна. МАН-ын 65 гишүүн хоёр гараараа нарийн царигаар тавих тогтоолыг устгасан. 2020 оны тавдугаар сард энэ тогтоолыг МАН хүчингүй болгосон. Та нар ингэж бүх юмаа сөрөг хүчин рүү чихдгээ боль.
МАН хүний эрхийг уландаа гишгэж үй олноор нь хэлмэгдүүлэхдээ гаршсан нам. Нэг амаараа шүүх гэм буруутайг нь нотлоогүй үед гэм буруутайд тооцохгүй гэж хэлж байгаа ч нөгөө гараараа хүмүүсийг зарласнаараа хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байна" гэлээ.
Ш.Раднаасэд гишүүн:
"Зүгээр сууж байгаад хулгайчдын амны хаалт болчихлоо. 2010 оноос хойш
Таван толгойд 30 сая төгрөгөөр футболк авах, 40 сая төгрөгөөр бээлий авах, 1,3 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн үзлэг хийнэ гэх мэтчилэн мөнгө идэж байна. Ихэнх нь улс төрчдийн компани. Оффтэйктэй холбоотой жинхэнэ хулгайчдаа яагаад зарлахгүй байгаа юм. Энэ хүмүүсээ барьж хориоч ээ. Хэдэн тэрбумаар нь ашиг хийгээд явдаг. Тавантолгой компани анх үүссэнээсээ хойш асуудал дагуулж байна." гэв.
Н.Алтанхуяг гишүүн:
Манайд ч танайд ч хулгайч нар бий, гэхдээ танайд ихэнх нь үлдчихсэн. Хулгайч нар хоёр намын хэрүүл, улс төрийн тэмцэл болгож дуусгаад, дундаас нь энэ олон жил дандаа хожиж ирсэн. Өнөөдөр хэдэн хүнээр туг тахиад жинхэнэ хулгайч нараа хамгаалаад явж болохгүй шүү.
Хэдэн гэрээгээ ил болгосон байна. Үлдсэнийгээ ил болгооч. УИХ-ын гишүүд ч таавар тааж байна. Би юм ярьж чадахгүй байгаа нь мэдээлэлгүйтэй холбоотой. Шударга байя л даа. Оролцсон гэж үзэж байгаа бүх хүнийг дуудаач. Хуулийн байгууллагын хүч хүрэхгүй байна. Нүүрсний хулгай дээр шударга ажиллачихвал болно. Зөвхөн Таван толгой аймаар шүү дээ. Хэдэн хүнээ дүүжлээд, шинэ гишүүдээ гарзанд гаргаж байна.
Ц.Анандбазар гишүүн:
"Бидний нэр цэвэрлэгдээд гарна. Хулгай хийгээгүй хүн айх юм алга. Жинхэнэ хулгайч нарыг ард түмэн мэдэж байгаа. Цаашдаа Таван толгойг ард түмний өмч болгох уу гэдэг асуудал үлдэнэ. Таван толгой бол 30 доллараар үйлдвэрлээд 100 доллараар зардаг бэлэн мөнгөний машин. Инфляцыг дардаг машин. Бэлэн сул мөнгө байгаа учраас үеийн үед идэж иржээ. Монголын ард түмэнд малыг нь үнэгүй өмчлүүлж байсан шиг, байрыг нь үнэгүй өмчлүүлж байсан шиг Тавантолгойн бүх хувьцааг ард түмний өмч болгож өгөх ёстой. Ямар ч хүн хараад хулгай хийхгүй сууж чадахгүй. 100 хувь ард түмний өмч болговол ард түмэн амьдарч чадна. Юань хэвлэлээд гадаад валют оруулж ирдэг юмыг хувааж идчихээд баригдах болохоороо хэдхэн хүнийг шоронд явуулж байна. Энэ бол Монголын ард түмний өмч. Монголын ард түмэн насан туршдаа иднэ." гэлээ.
Зайл · 2022/12/15
Бид бүгдээрээ хулгайч гээд хүлээн зөвшөөрчихлөө. 2024 онд та нараас бүгдээс нь салнаа.
Зочин · 2022/12/15
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон
шаабар · 2022/12/15
Эрхэм гишүүд минь хоосон ярихаа болиод хуулиа яриач. Хэнд хандаж попороод байгаа юм бэ. Шийдвэр гархаг, хууль санаачлах эрх та нарт байгаа шүү дээ. Эхлээд ял завших боломж олгосон хуулиндаа өөрчлөлт оруул. Дараа нь хулгайчдаад дүүрсэн Их хурлаа тараах шийдвэр гарга. ҮХНӨ өө сайн яриад баталчих. Хэн нэгэн гишүүн нь хулгайд оролцсон бол тэр намыг тараах шийдвэр гарга. Тэгээд ирэх жил сонгуулиа зарла. Улс төрийн нам ын тухай хуулиа өөрчил. Бүх намыг тараагаад 2023 оны гурван сараас шинэ нам байгуулах ажлыг эхлүүл. Дөрвөн сараас нэр дэвшүүлэх ажлыг эхлүүл. Таван сараас сурталчилгаагаа эхлэнэ биз. Зургаан сард сонгуулиа зарлаад бүхнийг шинээр эхлүүл. Энэ хагас жилийн хугацаанд Оюунэрдэнэ засгаа толгойлоод хулгайч нараа шийтгэ. Үлдсэн боломж энэ шүү. Дахиад ийм боломж гарахгүй. Нүүрсний хулгайч болон ЖДУ, хӨГЖЛИЙН БАНК, ОФФШОРЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААВАЛ БҮХ ГАДААД ӨРӨӨ ТЭГЛЭХ БОЛОМЖ. Цалин тэггэвэр нэмэхээс эхлээд 5 р цахилгаан станцаа брих, нефтийн үйлдвэрээ босгох гээд олон олон боломж бүрдэнэ шүү.