ЭМД-ын системийн шинэчлэл нь хувийн хэвшлийн эмнэлгүүд тэр дундаа нүдний эрүүл мэндийн салбарт хэрхэн хүрч байгаа талаар Солонго нүдний эмнэлгийн эмчилгээ хариуцсан дэд захирал Б.Сонингэрэл эмчтэй ярилцлаа.

 

- ЭМД-аар хувийн эмнэлгүүд үйлчилдэг болсон талаар яриагаа эхлүүлье. 

ЭМЯ болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2021 оноос эхлэн ЭМД-ын системд томоохон өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийж, хэрэгжүүлж эхэлсэн.

Тус ажлын хүрээнд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага гэж ялгалгүй ЭМД-аар ард иргэд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн ба үзүүлсэн үйлчилгээний зардлын төлбөрийг үйлчилгээнийх нь чанарын үзүүлэлттэй уялдуулан үнэлэх зарчмаар тогтоон олгодог болсон.

Нэг ёсондоо улсын эмнэлгийн үйл ажиллагааны зардлыг төсвөөс хариуцахаа больж үйлчилгээнийхээ орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн. Энэ нь төрийн өмчит болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг шударгаар, ижил тэгш гараанаас, үйлчилгээнийхээ чанараар өрсөлдөх бий болгож байгаа нь гол онцлог юм. Үүний үр дүнд иргэн-даатгуулагчид эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, явдал чирэгдэл багатайгаар хүлээн авах боломж нэмэгдэж байна.

Нүдний эрүүл мэндийн салбар өндөр технологийн багаж тоног төхөөрөмжүүд ашигладаг ба хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. ЭМД-ын системийн шинэчлэл нь нүдний салбарыг хурдацтай хөгжих хөшүүргийн нэг болж байна.           

- Зонхилон тохиолддог нүдний өвчлөлийн талаар?

Хүн амын хурдтай өсөлт, өндөр насжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт нь ирэх жилүүдэд дэлхий дахинаа нүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг илүү эрэлттэй болгож байна. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 2050 он гэхэд 3 хүн тутмын 1 нь харааны ямар нэгэн бэрхшээлтэй болох ба өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хөгжиж буй орнуудын хүн ам (жишээлбэл Африк болон Зүүн өмнөд Ази, Монгол) хараа алдах эрсдэл 8 дахин их байгааг тогтоосон.

Ялангуяа өндөр настай, төв суурин газраас алслагдмал хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан оношилгоо, эмчилгээ хийлгэж чаддаггүй.

Манай ард иргэд хараагаа шалгуулж тохирсон шилээ тогтмол зүүдэггүй, давтан хяналтын үзлэгүүдэд хамрагддаггүй, нүдний даралт ихсэлт өвчнийг эрт оношлуулж тогтмол эм, дусаалга дусаадаггүй ба хяналтгүй орхидог, болрын цайлтыг оношлуулж эмчлүүлээгүй зэргээс хараа алдах хэмжээний эрсдэлтэй үедээ эмнэлэгт хандаж байгаа нь харамсалтай байна.

Болрын мэс засал хийлгэснээр АМЬДРАЛ-ын чанар сайжирна

Тэр дундаа болор цайх эмгэг нь 55-аас дээш насныханд зонхилон тохиолддог. ЭМДЕГ-аас нүдний болор солиулах мэс заслын тусламж, үйлчилгээний төлбөрийг 0-18 насны хүүхдэд 100 хувь, бусад иргэдэд 75 хувь хөнгөлж үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулж өгсөн байдаг.

Бид болрын мэс заслыг Дэлхийд тэргүүлэгч Япон улсын NIDEK үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж болон Европын холбооны чанарын шаардлага/EC HU19/8471, ISO 1348:2016/-ыг хангасан Швейцарын Medicontur үйлдвэрийн уян хиймэл болроор чанарын өндөр түвшинд хийж байна.

 

- Солонго нүдний эмнэлэг ЭМД-аар ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?

Манай эмнэлэг нь нүдний нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, мэс заслын чиглэлээр 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй, ISO9001 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн сургалтын түшиц эмнэлэг юм.

ЭМДЕГ-тай 2010 оноос хойш 12 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Нүдний бүх төрлийн нарийн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээнээс гадна амбулаторийн үзлэг, шинжилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй хийж байна. Бид жилдээ 20,000 гаруй нүдний үзлэг, оношилгоо, 1400 гаруй мэс засал хийдэг бөгөөд эдгээрээс 95% нь ЭМД-ын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээнд хамрагдаж байна.

Тиймээс иргэд нүдээ үзүүлэхийн тулд заавал харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд урт дараалал хүлээлгүй манай эмнэлгээр нүдний цогц тусламж үйлчилгээг цаг алдалгүй үнэ төлбөргүй авах боломжтой юм.

- Тантай ярилцахад таатай байлаа баярлалаа.