О.Номинчимэг: Хүүхдийн тэтгэмж тогтоолгох төлбөрийн чадваргүй иргэн хууль зүйн туслалцаа үнэгүй авах боломжтой боллоо
2022/12/20
УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2022 оны долдугаар сарын 1-нд баталсан бөгөөд аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Монгол Улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхийн тулд шүүхэд хандаж, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
Анх 2013 онд УИХ-аас Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг баталсан. Үүний дагуу ХЗДХ-ийн яамны харьяанд Хууль зүйн туслалцааны хүрээлэн байгуулж, улсын өмгөөлөгчдийг ажиллуулж эхэлсэн.
Тодруулбал, эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан төлбөрийн чадамжгүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлдэг байсан гэсэн үг.
Хууль зүйн туслалцааг илүү хүртээмжтэй болгох асуудлыг олон жил судалсны үр дүнд иргэн болон захиргааны зарим төрлийн маргаанд энэхүү үйлчилгээ шаардлагатай байгааг тогтоосон.
Хуульд оруулсан гурван чухал өөрчлөлт бий. Үүнд:
- Хууль зүйн туслалцааны төрлийг нэмэгдүүлсэн,
- Зөвхөн эрүүгийн хэрэгт яллагдагчаас гадна иргэний хэрэг маргааныг өмгөөлөх,
- Улсын өмгөөлөгч орон нутагт хүрэлцээ муу учраас өмгөөллийн эрхтэй хүнээр гүйцэтгүүлэх боломжийг нээсэн.
Хэн хууль зүйн туслалцаа авч болох вэ?
- Эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, шүүгдэгч, ялтан
- Хүүхдийн тэтгэмжийн хэмжээ тогтоолгох иргэн
- Үл хөдлөх эд хөрөнгө болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч
- Хүн худалдаалах болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид
Хамгийн чухал шаардлага нь төлбөрийн чадваргүй иргэд энэхүү хууль зүйн туслалцааг авах юм. Өөрөөр хэлбэл, хүн амын өрхийн мэдээллийн санд ядуурлын төвшнөөс доогуур гэж тодорхойлогдсон иргэн дээрх үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой гэсэн үг" хэмээв.