"Юнивишн" ХХК-ийн хэрэглэгчид олон суваг дамжуулах, интернэтийн болон суурин утасны үйлчилгээг сонгож хэрэглэх боломжтой болсныг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас мэдэгдлээ.

Энэ тухай мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна.

"Улсын Ерөнхий байцаагчийн 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 63 дугаартай албан шаардлагын биелэлтийг "Юнивишн" ХХК-аас ирүүллээ.

Албан бичигт дурдсанаар дараах байдлаар шаардлагын биелэлтийг хангаж ажиллахаар болсон байна. Үүнд:

1. "Юнивишн" ХХК нь “Хэрэглэгч Олон суваг дамжуулах үйлчилгээ, интернэтийн үйлчилгээ суурин утасны үйлчилгээг дангаар нь ашиглах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хянуулахаар хүргүүлсэн бөгөөд зөвшөөрснөөс хойш холбогдох тохиргоог системд хийж, ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж,

2. Хэрэглэгч багц ахиулах, бууруулах боломжийг олгох үүднээс гэрээний хугацаанаас өмнө багцаа бууруулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн хувьд:

  • Төхөөрөмж авсан бол тухайн төхөөрөмжийн ашигласан хугацаанд ногдох төлбөрийг үндсэн үнээс хасаж тооцох,
  • Үйлчилгээний эрх авсан бол үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр ашигласан хугацаанд ногдох төлбөрийг хэрэглэгчээр дүйцүүлэн төлөх” байдлаар тус тус шийдвэрлэхээр болсон байна.

Биелэлтийг хангаагүй албан шаардлагын заалтуудын талаар ШӨХТГ-аас үргэлжлүүлэн судлах болно” гэжээ.