Өчигдөр /2023-01-16/ НЗДТГ-ын үүдэнд хэсэг иргэд Улаанбаатар хотын мэр Д.Сумъяабазарыг огцор хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд Улаанбаатар хот өндөр төсөвтэй боловч иргэдэд ээлтэй шийдвэр гаргахгүй байна. Хэт үрэлгэн, мөнгө идсэн байж болзошгүй гэх хардлага төрүүлэхүйц худалдан авалтууд хийсэн гэв.

 

Энэ үеэр иргэн О.Отгонтөгс: 

 

“Улаанбаатарын паб, ресторанд орж хоол идсэн гээд 1 хувийн хотын албан татвар авдаг шүү дээ. Хүмүүс мэддэггүй. Хот хэдий хэмжээний төсөвтэй, түүнийгээ хэрхэн зарцуулдгийг иргэд мэддэггүй. Бидний татварыг юунд үрдэгийг мэддэггүй. Бид үүнд анхаарлаа хандуулахгүй бол Улаанбаатар хотын иргэдэд зориулагдах ёстой мөнгийг эд нар 30 жил идэж, уугаад л дуусч байна.

 

Өнөөдөр ханиад томуу ихтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүрэхгүй байхад Нийслэлийн Засаг даргаар дамжуулаад Баянзүрх дүүрэг дээр л гэхэд 10 тэрбум төгрөгөөр 15 хороо нэмсэн.

 

Гэтэл би хорооноосоо үйлчилгээ авья гэтэл дүүрэг рүү яв гэж байна. Ийм байхад тэнд хороо нэмэх ямар ч шаардлага алга. Хорооноос баахан тодорхойлт л авдаг биз дээ.

Одоо түүнийг чинь утаснаасаа E Mongolia-гаас авдаг болсон. Энэ бол нийслэлийг удирдаж чадахгүй байгаа хангалттай үндэслэл. Дээрээс нь мопедны загвар нь өөр тул 90 саяын зөрүүтэй гэж ярьж байгаа нь хангалттай гэмт хэргийн шинжтэй байна.

 

Худалдан авсан баримт, материалаа өгчих юм бол би авсан компаниас нь үнийн санал аваад АТГ-д өгчихмөөр байна.

 

Шалгаж чадахгүй бол жинхэнэ огцрох аймаар том шалтаг болно. Иргэд өөрсдөө ирээд л  жагсчихна. Хэн нэгэн уриалах шаардлага байхгүй. Ширээний наана, цаана сууж хэлэлцэнэ гэсэн асуудал байхгүй. Д.Сумьяабазар зүгээр л тайлангаа тавиад огцор” гэж хэллээ.