Ж.Батзандан хоёрдугаар эмнэлгийг ард иргэдийн эмнэлэг болгоно гэв
2014/06/08
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэг дэх эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын засвар, өргөтгөл шинэтгэлийн ажлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төсөв хөрөнгө нь шийдэгдсэн Гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ барилгын ажил энэ оны 9,10 дугаар сард дуусч, ашиглалтад орно. Мөн улсын Хоёрдугаар эмнэлгийг дарга нарынх биш ард иргэдийн эмнэлэг болгохоор ажиллаж байгаа" гэдгийг мэдэгдлээ.
Мөн Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудсан учир концессийн гэрээгээр тус эмнэлгийн барилгыг өргөтгөн засварлахаар болсныг дуулгалаа. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн ам ихтэй Баянзүрх дүүргийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээ тун муу. Тиймээс гэрээр хүүхэд харах үйлчилгээг эхлүүлэх, энэ тухай хуулийг батлуулах асуудалд анхаарлаа хандуулан, ажлын хэсэгт орж ажиллаж байгаагаа хэлсэн юм.
Нийслэлийн хэмжээнд эмзэг бүлгийн хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Баянзүрх дүүрэг дэх “Энэрэл” эмнэлэг нь ачааллаа даах больсон байна. Тиймээс тус эмнэлгийн барилгыг өргөтгөж, засах ажлыг хийхээр болжээ. Өнгөрсөн жил Баянзүрх дүүрэгт улсын төсвөөс 34 тэрбум, нийслэлийн төсвөөс 24,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн аж.
Х.Даваа