Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын удирдлагууд өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлд хилийн өнөөгийн байдал болоод тулгамдаж буй асуудал, хил зөрчлийн талаар танилцууллаа.

 

ХХЕГ-ын хурандаа М.Адъяа УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд “Маш нууц” гэсэн тамгатай гурван минутын дүрс бичлэг, хил зөрчсөн тохиолдлын 65 гэрэл зураг баримт сэлтийг үзүүллээ. Сүүлийн жилүүдэд Монгол улс болон БНХАУ-ын иргэд бүлэглэн байгалийн төрцөөрөө байгаа чулууг хууль бусаар хил давуулан урд хөршийн зах зээлд өндөр үнээр худалдх тохиолдол ихэсчээ. Дээрх бүлэглэл нь говийн аймгуудын иргэдийн түүсэн байгалийн чулууг нэг кг-ыг нь 45-85 мянган төгрөгөөр худалдан авч урд хөршид 120-540 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Түүнчлэн энэ оны хоёрдугаар сарын 13-нд бүлэг этгээд солир чулуу хууль бусаар хил давуулах гэж байгаад баригджээ. Нэг кг солир чулуу олон улсын зах зээлд нэг сая гаруй ам.доллар хүрдэг байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаас хас чулуу илэрсэн. Хас нь хатуулгаараа алмазын дараа орох үнэт чулуу бөгөөд урд хөршийн зах зээлд маш өндөр үнэ хүрдэг аж. Дээрх чулуунууд нь бүгд хагас үнэт чулууны төрөлд ордог. Хагас үнэт чулууг барилгын материал хийхэд ашигладаг тул хариуцлага тооцох хуулийн заалт байдаггүй аж. "Хилчдийн хураасан байгалийн чулуу зайсан толгойтой тэнцэнэ" гэх хошигнол хүртэл гарсан байна. Тиймээс энэ асуудлыг нэн даруй анхааралдаа авч, хуульчлах шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн гуравдагч орны иргэд хөрш орнуудаар дамжин манай улсад орж ирэх нь нэмэгджээ. Умард Солонгосын иргэд хамгийн их орж ирдэг хил хамгаалах байгууллага эдгээр иргэдийг илрүүлэн БНСУ руу гаргадаг байна. Үүнээс гадна БНХАУ-ын иргэд Монгол  болон Хятад бүлэглэлийн тусламжтай цаасан хайрцаганд нуугдан хил нэвтрэх тохиолдол өнгөрсөн онд 8 удаа гарчээ. Мөн Хилийн тагнуулын албанаас хилийн ойролцоох БНХАУ-ын хотуудад судалгаагаар 300 гаруй монгол охид биеэ үнэлж байна гэсэн судалгаа гарчээ.

Мөн хилийн боомтоор ан амьтны эд эрхтэн болон шашны эд зүйлс зэрэг хуулиар хориглосон эд зүйлс гаргахыг завдсан тохиолдол хэд хэдэн удаа илэрчээ. Тухайлбал, өнгөрсөн онд Замын-Үүдийн боомтоор 400 кг бугын эвэр, Дорнод аймгийн хавиргын шалган нэвтрүүлэх боомтоор 280 ширхэг үнэг, хярсны арьс хууль бусаар хил давуулах оролдлого хийжээ. Мөн Монгол болон БНХАУ-ын иргэд хуйвалдан Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 200 гаруй төрлийн бурхан шашны эд зүйл гаргахыг завджээ.

Хамгийн их түгшээж байгаа зүйл бол хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хууль бусаар хил давуулах үйлдэл юм. Хамгийн сүүлд л гэхэд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 4-5-нд шилжих шөнө 68 грамм ICE буюу мөс, 61 грамм бусад төрлийн мансууруулах бодис оруулж ирэхийг завджээ. Хар тамхины наймаа нь асар их мөнгөний урсгалыг бий болгодог. Тухайлбал, 0.98 грамм мөсийг 3 сая төгрөгөөр борлуулдаг аж.

Мөн манай улс хар тамхины бэлтгэн нийлүүлэгч болох магадлалтай байгаа юм. Энэ нь ОХУ руу Тарваган шийр ихээр гаргадагтай холбоотой гэнэ. Тарваган шийрэнд Зээргэнэ гэх ургамал ордог бөгөөд энэ нь мансууруулах бодис агуулдаг аж. ОХУ-ын иргэд Тарваган шийрийг худалдан авч, химийн бодистой холж “Матар” гэх мансууруулах бодис гарган авдаг байна. Үүнийг 14 хоног хэрэглэхэд хүний бие ногоон хүрэн болдог учир “Матар” гэж нэрлэдэг аж.

Танилцуулгын үеэр нэгэн ноцтой мэдээлэл хөндөгдсөн нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт байлаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын мөнгөн тэмдэгт буюу 1, 5, 10, 20 болон 50, 100 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг БНХАУ руу ихээр гаргах болжээ. Учир нь Хятадын уламжлалын дагуу хүн оршуулахдаа цаасан мөнгө шатаадаг. Харин БНХАУ-ын хуулийн дагуу тус улсын мөнгөн тэмдэгтийг шатаавал цаазаар авах ял ногдуулдаг байна. Тиймээс хятадууд талийгаачийг оршуулахдаа шатаахын тулд Монгол мөнгийг их хэмжээгээр авдаг болжээ.

Энэ мэт “Маш нууц” гэсэн тамгатай мэдээллийг сонссоны дараа Хил хамгаалах байгууллагын одоо хэрэглэж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцлаа. Олон улсад ашиглаж буй техник хэрэгслийг ч Монголын хилчид чадварлаг эзэмшжээ. Гэхдээ хилийн манаанд ашигладаг зарим тоног төхөөрөмж 20 жил гаруй насжилттай болж, хоцрогдсон тул шинэчлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүдэд дуулгасан юм.

Танилцуулгын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, “Бид хил хамгаалах салбарт бодлогын томоохон шинэчлэл хийж байгаа. Тухайлбал, хил хамгаалах үйл ажиллагаанд техник болон орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийг ашиглах хэрэгтэй. Зөвхөн хүний хүчээр хил хамгаалах үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай явуулна гэдэг хүндрэлтэй. Хил хамгаалах бүсэд улс төрийн бус иргэний эдийн засгийн зөрчил ихээр гарах болсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хугацаат цэргээс илүү өмнө цэрэгт татагдаж байсан, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан гэрээт цэргүүдээр хил хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах болсон. Ингэснээр туршлагатай цэргүүд хилийг илүү мэргэшсэн түвшинд хамгаалах боломж бүрдэж байгаа юм. Цаашдаа хил хамгаалах байгууллагын боловсон хүчинг сайжруулахын төлөө ажиллана” гэв.

УИХ-ын гишүүн А.Бакей, “Улсын хил амгалан тайван байх нь хилчдийгээ дэмжсэн хөрөнгө оруулалттай нягт холбоотой гэж үзэж байна. Хил дээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал маш хүнд байдаг. Өөрөөр хэлбэл, байнга застав дамжин нүүж байдаг учраас гэр бүлийнхэн нь ажилгүй, хүүхдүүд нь тогтвортой сурч чаддаггүй зэрэг олон хүндрэлтэй асуудал тулгардаг. Энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

Ч.Ариунболд