"Ийм нэгэн дурлал" киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр 1987 оны гуравдугаар сарын 1-нд Багануур дүүрэгт төрсөн.

СУИС-ийн кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн билээ. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа сурлага сайтай байсанаас гадна бүжиглэх, жүжиглэх авъяастай байсан нь хожмоо жүжигчин мэргэжлийг сонгоход нь нөлөөлсөн гэдэг.

Авъяаслаг, царайлаг, шинэ цагийн шилдэг жүжигчдийн жагсаалтанд дээгүүрт жагсдаг хөөрхөн бүсгүй амьд хөгжим сонсох хамгаас дуртай нэгэн.

Тэрбээр “Ийм нэгэн дурлал”-аас гадна “Бид дөрвийн хайр”, “Мойлхон”, “ “Хайрын эрэлд”, “Дэлхийд дурласан сар” зэрэг уран сайхны кинонд амжилттай тоглож үзэгчдээс сайн жүжигчин хэмээх үнэлгээг авдаг. Тэгвэл дахин сайн дүн авахаар нэгэн сайхан уран бүтээлд тогложээ.

Тодруулбал,“Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл “Миний хайр” романтик уран сайхны кино энэ сарын 16-нд үзэгчдийн хүртээл болно. Уг кино зохиолыг найруулагч Ц.Золжаргал, кино зохиолч А.Миеэгомбо нар хамтран бичиж зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажилласан байна.

Мөн энэ цаг үеийн шилдэг залуу жүжигчид гэгдэх Э.Мөнхтөр, Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар тогложээ.

Д.Ана