ҮХНӨ: УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно
2023/04/18
Засгийн газраас өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 14-ний өдрөөс "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч эхэлсэн.
УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолын дагуу УИХ-ын гишүүний тоог шинэчлэх асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үүргийг Засгийн газарт даалгасан.
Мөн улсын хэмжээнд зохион байгуулсан "Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хүрээнд иргэд УИХ-ын сонгуулийг явуулахдаа мажоритар болон пропорционал аргыг хослуулах нь зүйтэй хэмээн дэмжжээ.
Шараар тэмдэглэсэн хэсгүүд нь өөрчлөгдсөн заалтууд.
"Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-ийн онцлох заалтаас хүргэж байна.
21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг "Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна" гэдгийг өөрчлөн "УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно" хэмээн төсөлд тусгажээ.
66 дугаар зүйлийн нэг дэх хэсэг "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ" гэснийг "Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана" хэмээн өөрчлөхөөр болжээ.
Арван ес12 дахь хэсэгт"Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна" гэсэн хэсгийг хасахаар болжээ. Энэ нь улс төрийн нам байгуулахад хэт өндөр босго тогтоож, иргэний эвлэлдэн нэгдэх, төрийн үйл хэрэгт оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн байна.
Жарантавдугаар зүйлийн нэг дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно" гэсний зургаан жилийн хэвээр үлдээж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох заалт оруулах санал гаргав.
- Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "төрийн дээд байгууллагууд" гэснийг "төрийн эрх барих дээд байгууллага" гэж,
- Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "томилно" гэснийг "томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно" гэж,
- Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчлөхөөр болжээ.
Иргэд хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын [email protected] хаягаар, эсвэл 51-263054 дугаарын утсанд залган санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой.