Өвгөн үе үе хоолой нь зангираад, дуу нь тасалдан тасалдан ийн ярина. 

- Манай тэр над дээр ирээд "Күй, Саяа минь, эрчүүд бид чинь бас азтай улс юм. Биднийг алахад нэг хутга, нэг сум л хангалттай. Энэ муу бүсгүй амьтан гэдэг чинь үхэх гэж тарчилчихдаг юм байна. Яасан ч удаан тэсдэг юм. Дээрэмчид ээлжлээд л нухаад байх юм, царай нь нэг цайгаад, нэг хүрэнтээд, нэг ухаан ороод, нэг ухаан тавьсаар, удаж удаж л амь нь гарлаа. Тийм юм хардаг би мөн ч их нүгэлтэй амьтан юм аа" гээд уйлаад л ярьдаг юм. Дээрэмчид хөөрхий бүсгүйг тийн хүчиндсээр байгаад амийг нь авч байхад хажууд нь хүлээтэй хэвтэж байжээ. Тэгээд өөрөө яаж шуу нэг амьд гарсан юм байгаа юм... мултраад ирсэн... мааний бадмийхааан... гээд мойног хуруугаа хамартаа шүргүүлж, амаа өмөгнүүлнэ. 

 

Тэр нулимстай яриаг нь сонсдог би ч бас азгүй амьтан юм даа гэж халагламаар. Өвгөний хоолой зангирахад нь юм ч асууж чадахгүй дагаж зангираад л суулаа. Энэ яриа Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон. 

 

1930-1940-өөд онд баруун хязгаарт болсон адал балмад явдлууд, дээрэм тонуулын тухай яриа болж буйг үүнийг уншиж буй та эрхбиш гадарлаж буй байх аа.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нэг эмэгтэй бас л нулимсаа арчин арчин, үе үе багтарч байгаад ярьсан түүх байна. 8 настай охиныг дээрэмчид морин дээрээ дүүрээд яваад явахад далд орон ортлоо "Ааваа, ах аа намайг аваарай. Ирээд аваарай" гэж бархирсаар байсныг... 

"Цагаан Бороо" романд гардаг 5 настай охиныхоо араас яваад, яаж ийгээд олоод ирсэн Буурал бүсгүйн түүхийг уг романыг уншсан хүмүүс санаж буй байх аа. Энэ түүх Бугат сумынх. Энэ мэтийн зүрх шимшрүүлсэн, дотор манаруулсан гашуун түүхийн нулимстай дурсамжийг баруун хязгаарын буюу Баянхонгор аймгийн Шинэ Жинст, Баян-Өндөр, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт, Цээл, Алтай, Бугат, Тонхил, Ховд аймгийн Үенч, Алтай, Булган, Баян-Өлгий аймгийн Булган, Алтай сумдын алинд ч адилхан сонсож явлаа. 

Өөрөөр хэлбэл дээрх нэр дурдсан сумдын ард иргэд 19ОО-аад оноос 1950-иад он гартал бараг тавин жилийн туршид байнгын дайны байдалд, байнгын түгшүүр дор аж төрж ирсэн, баатарлаг эмгэнэлт түүхтэй ард түмэн юм. Зарим нь буу саадаг, бороохой шийдэм агсаад хилийн цэрэгтэй нэгдэх нь нэгдэж, дангаараа явах нь явж, дээрэмчидтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж, алж алагдаж, алдсан эхнэр охидоо, адуу малаа олох нь олж, олзлогдож тамлуулах нь тамлуулж явжээ. 

 

Хэдий үймээн самуунтай байсан ч самуун багатай нутгийн гүн лүү, Алтайн ар луу дүрвэсэнгүй. Нутгаа сахиж эзэн нь болж байсны хүчинд 1960-аад оны эхээр хил тогтооход юутай ч хагас хугас ч болов газар нутгаа аваад үлджээ. Энэ бүхэн бол гавьяа, баатарлаг явдал гэхээс өөр аргагүй. 

 

Энэ жил Баруун хязгаарыг хамгаалсны 75 жилийн ой болж байгаа юм. Тэгээд дээрх нэр дурдсан 12 сумыг бүгдийг нь Төрийн ямар нэгэн шагналаар шагнах тухай сураг дуулдаж, битүүдээ баярлаж, тэр хатуу ширүүнийг туулсан, тийн дээрэмдүүлсэн, хүчирхийлүүлсэн, зовсон ч тэсэж тэвчээд хил хязгаартаа эзэн болоод үлдсэн ард түмний үр сад нь ч болов, жаахан ч болов баярлах байх даа хэмээн баярт мэдээг догдлон догдлон хүлээж суулаа. 

Хуучин ЗХУ-д дэлхийн II дайнд төрөлх хотоо Фашист, нацистуудаас баатарлаг хамгаалж чадсаных нь төлөө тус хотуудын нийт ард иргэдийнх нь гавьяаг үнэлэн ЗХУ-ын Баатар хот гэдэг эрхэм алдрыг хүртээж байсан сайхан түүх бий. Баатар хотын хүүхэд залуус тэр түүхээрээ бахархан хүмүүжиж байв. Тийм 15 баатар хот байсан санагдана. Түүн лугаа адил баатарласан түүхтэй ард түмэнтэй 12 сумыг шагначих нь дээ гээд л хүлээж суулаа.

 

Гэтэл юу гэнэв, Баянхонгороос Баян-Өндөрийг, Говь-Алтайгаас ганц Эрдэнийг, Ховдоос ганц Булганыг шагнасан гэнэ үү? Төлөөлүүлээд шагнасан гэв үү? Мэдэхгүй ээ. Тийм юм гэж ч юу байхав.

 

Нэг сумыг нь төлөөлүүлээд шагначихаад бусад сумдынх нь ард түмэн баярлана гэж бодвол нар хойноос навтас чирээд гарч ирнэ шүү дээ. Нэр дурдсан бүх сумынхныг алинаас нь алыг нь илүү, дутуу гэх юм. Юугаар нь хэмжиж дүгнэсэн юм, бүү мэд. "Салхиар ирсэн сураг"-аар бол Баянхонгорын Баян-Өндөрийг УИХ-ын дарга Занданшатар түлхэж, Говь-Алтайн Эрдэнэ сум болохоор Хилийн Цэргийн удирдах газрын дарга генерал Лхагвасүрэнгийн төрөлх сум болохоор гэв. Ховдын Булган бол яах ч аргагүй ялгарна. 

Бусад сумдыг, сумын ард түмний туулсан тэгэж их багадаагүй шиг билээ. 10-хан сум шүү дээ. 

Хэдэн зуу, мянгаар нь, бараг хармаалж яваад тараачихдаг тэр одон медаль 10-аар дутаа гэж үү? (Элбэгдоржийн үед 6000 одон медаль тараасан гэдэг).

 

Би хувьд одон медалийг ингэж олноор нь үнэ цэнэгүй, утга учиргүй тараахын эсрэг байдаг. Одоо Алтангадас зүүгээд гадуур явбал бараг өвчтэй хүн гэж харах хэмжээнд очтол нь үнэ цэнийг унагаачихсан. Гэхдээ тийм гашуун баатарлаг түүхтэй зон олныг, сум орон нутгийг, зон олныг шагнахад, алдаршуулахад бол хоёр гар байтугай, хоёр хөлөө ч өргөхөд бэлэн байлаа. 

Харамсалтай нь тэгсэнгүй дээ. Ерөнхийлөгч Хүүк-ийн зөвлөхүүд нь юу зөвлөж суудаг юм бол? Хавар генерал Лхагвасүрэнтэй уулзахад төрийн хүний сүрхий төв царай гаргаад домбойгоод л сууж байсан санагдах юм, яагаад бусад сумдыг нь орхичихдог юм бүү мэд. 10-хан одон харамлаж гэнэ. 

Сүүлийн хэдэн жилд эдгээр сумдын хэдэн арав, зуун хөгшидтэй уулзан, нулимстай яриаг нь нулимстай сонсож явсан хүний хувьд Төрийн энэ мэт ялгаваралтай хандлага, мөчиг татуу харамжинд өөрийн эрхгүй л эгдүүцэл төрж байна өө. Эсэргүүцэж байна өө. Санал нийлж буй нь Хүүк-ийн чихэнд сонсдож, нүдэнд нь тортол түгээгээрэй.

 

Б.Номинчимэд