Далан давхрын оршуулгын газрыг тохижуулах ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна
2023/09/04
"Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурал МУИС-ийн номын санд өнөөдөр зохион байгуулагдав.
Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэлд төвлөрч, нягтаршил ихсэж байна. Өмнө нь оршуулгын газрууд хотын төвөөс алслагдмал байдаг байсан бол өнөөдөр суурьшлын бүс тэлсээр буй.
Улаанбаатар хотод 35 гаруй оршуулгын зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газрууд үйл ажиллагаа явуулж байна. Иймд зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг жил бүр явуулдаг.
Оршуулгын газруудад метан хийн ялгарал их байдаг учраас тэр хавьд оршин сууж буй хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай. Иймд хотоос зайтай байлгах шаардлагатай. Төв аймаг болон хотыг тойрсон бусад бүсэд оршуулгын газруудыг шилжүүлэх бодлого барьж байгаа.
Одоогоор манай улсад оршуулгын үйл ажиллагаа 2005, 2018 онд батлагдсан журмаар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл бие даасан хуульгүй учир журмаар зохицуулдаг гэсэн үг.
Жишээ нь эмнэлгээс гаргасан шарилыг хаашаа шилжүүлэх вэ, дараа нь ямар зан үйл явагдах вэ гэдэг нь ойлгомжгүй" гэлээ.
Мөн "Талийгаачийг оршуулах нь бизнес байж болохгүйг хувийн байгууллагуудад хэлж, шаардлагаа тавьж байна.
Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нийгмийн даатгалаас 1,000,000-2,000,000 төгрөгийг оршуулгын зардалд олгох ажлыг зохион байгуулах шаардлагатай. Үүнийг хувийн байгууллагуудтайгаа ярилцаж, гэрээнд нь тусгаад явна гэж үзэж байгаа.
Далан давхрын оршуулгын газрын тодорхой хэсэгт тохижилтын ажил хийж байна. Ар гэрийнхнээс нь зөвшөөрөл аваад тухайн цэцэрлэгт хүрээлэнд талийгаачдын чандрыг байрлуулах ажил хийгдэж байгаа. Энэ ажил 80 хувьтай үргэлжилж байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагынхан болон бурхан болоочдод задлан хийх байгууллагууд тэр хавьд очиж байгаа" хэмээн Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ярьсан юм.