Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврээ хөгжүүлэх талаарх яриа байнга л яригдаж буй. Тэгвэл иргэдээ багтааж шингээхгүй байгаа нийтийн тээврийн талаар өчигдөр ам нээсэн. Харин өнөөдөр хуучин автобусаа шинэ хэмээж төсвөөс мөнгө авсан нь илэрсэн талаар хүргэе.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өчигдөр “Эрдэм транс” ХХК-ны  захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарын албан өрөөнд нэгжлэг хийсэн байна. Тус компани “Нийслэлийн түгжрэлийг бууруулах багц ажил”-ын хүрээнд Нийслэлтэй гэрээ байгуулж Солонгос улсаас 135 автобус оруулан ирж улсын төсвөөс маш их хэмжээний санхүүжилт авчээ.

Гэтэл Я.Эрдэмбилэг, Д.Хатанбаатар нар оруулж ирсэн 135 автобусныхаа он сар болон арлын дугаарыг нь засч улсад их хэмжээний хохирол учруулсан тул ЭЦГ-ын ЭЗГХТГ-ынхан албан өрөөнд нь нэгжлэг хийж хэд хэдэн нотлох баримтыг цуглуулсан гэдгийг холбогдох албаны хүн онцлов.

Өөрөөр хэлбэл, Я.Эрдэмбилэг, Д.Хатанбаатар нар татвар төлөгчдийн мөнгөөр БНСУ-д актлагдсан хуучин автобуснуудыг оруулж ирээд улсын төсвөөс маш их хэмжээний мөнгө авсан гэсэн үг. Тиймээс дээрх хоёр захиралд эрүүгийн хэрэг үүсгэж тэднийг цагдан хорих тухай хэдийнэ яригдаад эхэлж. Учир нь тэд оруулж ирсэн 135 автобуснуудаа ийнхүү цаасан дээр цоо шинэ автобус болгон хуурамч баримт үйлдээд Авто тээврийн Үндэсний төв болон Нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн байгаа юм. Энэ нь тэднийг цагдан хорьж, шалгах хангалттай үндэслэл гэж үзжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Эрдэм транс" ХХК-ийн удирдлагуудтай холбоотой хэргийг ЭЦА шалгаж байна. Прокурорын зөвшөөрөлгүй үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг гэлээ.

Энэхүү компани нь 2020 онд мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж автобус нийлүүлсэн хэрэгт шалгагдаж байсан юм.

Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд дунджаар 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол энэ оноос 420 тэрбумыг зарцуулахаар болсон. 

420 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛАХ АМЛАЛТУУД

Нэгдүгээрт, автозамын сүлжээн дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөн барих ажлыг 2022 оноос эхэлнэ. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь түгжрэлийг бууруулах жил бүрийн төсвийн 28 хувийг эзэлнэ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвтийн 13 хувийг эзэлнэ.

Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барихаар төлөвлөж байна. Энэ ажил 2023 онд эхлэх бөгөөд 13.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийт төсвийн нэг хувийг эзэлнэ.

Дөрөвдүгээрт, Уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгооро 30 байршилд автозамын инженерчлэл хийнэ. Үүнд 30 тэрбум төгрөг буюу нийт төсвийн хоёр хувийг зарцуулна.

Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлнэ. Энэ систем нь автомашины хөдөлгөөнийг бүртгэхийн зэрэгцээ төлбөртэй зогсоолуудтай холбогдоно. Энэ ажилд 43.2 тэрбум төгрөг буюу нийт төсвийн гурван хувийг зарцуулна.

Зургаадугаарт, орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар, нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ ажлыг 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөжээ. 

Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлнэ. Үүнд эхний ээлжинд тус ажлын 10 хувийг гүйцэтгэх хөрөнгө буюу 130 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг мөн 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм. Засгийн газрын хуралдааны үеэр,  энэхүү шинэ нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлыг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлжээ. 

Наймдугаарт, Богдхан төмөр замын төслийн хүрээнд газар чөлөөлөлтөд 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр буюу нийт төсвийн 2 хувийг зарцуулна. үзээд 2 хувьтай тэнцэх ажлын төсөв тавьсан. 

Есдүгээрт, иргэдийн явган болон дугуйгаар зорчих боломжийг нээсэн стандарт хангасан зам тавина. Энэ ажилд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

 

Тэгвэл цахим орчинд шинэ автобуснууд тоосонд дарагдан бүтэн жилийн нүүрийг үзэж байна гэх иргэний бичлэг цацагдаж эхэллээ. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийн тод жишээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нийт автобусны 68 хувь нь10-аас дээш жилийн насжилттай парк шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн. Гэтэл бодит амьдрал дээр тэрхүү шинэчлэл нь хэрхэн хийгдэж байгаад шалгаж хянадаггүй нь улмаас жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргасан нь салхинд эхнээсээ хийсэж байна. Тоосонд эдгээр автобуснууд юуны учир дарагдан буйг тодруулах болно.